Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаа, тендерийн хяналт, тэдгээрийг тойрсон хардлага, “шахаа”-ны тухай ойлголт, хууль тойрсон хүндрэл, шинэ шийдэл, дэвшилтэт технологи, өөрчлөлт, бодит үр дүн... Энэ бүхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хяналтын асуудал хариуцсан менежер И.Мөнхжаргал хариуллаа.
...Нуугдмал, хаалттай байна гэдэг нь өөрөө хардлага дагуулдаг. Тэгвэл хиймэл оюуны тусламжтайгаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны тэмдэглэл нь нээлттэй. Өмнө нь бид үүнийг огт анзаардаггүй, цахимаар хуралдаж, ярилцдаг шигээ ойлгоод байдаг. Харин хиймэл оюуныг ашиглаад хурлын явц, яриаг ямар нэг эвлүүлэггүйгээр, засварлах боломжгүй, өөрөөр хэлбэл хүний хүчин зүйлийн нөлөөлөл оролцохгүйгээр архивлаж авч үлддэг боллоо. Хурлын явц, шийдвэрийг тендерт оролцогчдоос хэн нь ч аваад сонсож, танилцаж болно. Энэ нь захиалагчийн хяналт бүрэн утгаараа хийгдэх нөхцөл бүрдүүлж байгаа....
-Хяналтын асуудал хариуцсан менежерээр ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ер нь хяналтын менежерийн ажил, чиг үүрэг юу вэ?
-Тендер шалгаруулах үйл явцад захиалагчийн хяналт хэрэгжүүлэх, үүсмэл орд түүний ашиглалт, Эрдэнэт үйлдвэрт үүссэн өр авлагын асуудал гэсэн гурван чиглэлээр хариуцдаг. Мөн удирдлагын зүгээс өгсөн чиг үүргийн хүрээнд зарим хяналтын асуудлаар тухайн ажлын хэсгийг удирдамжаар ханган ажиллаж байна.
-Энэ хугацаанд хэчнээн тендер, тэдгээрийн үйл явцад хяналт тавьж ажилласан бэ?
-Албан ёсны статистикийн дүн хараахан нэгтгэгдээгүй байгаа боловч ойролцоогоор давхардсан тоогоор 1400 гаруй тендерийн үйл ажиллагаа, материалтай танилцаж, хяналт хэрэгжүүлсэн байна.
-Тендерийг хянах, тэр тусмаа хөндлөнгийн, захиалагчийн гэх зэрэг хяналтын систем хэрхэн бүрдэж, ажиллаж байна вэ?
-Хуулийн хүрээнд хяналт тавих. Энэ нь үнэлгээний хороонд 3-аас доошгүй хараат бус гишүүнийг оруулж байгааг хэлнэ. Хараат бус гишүүн гэдэг нь бусад мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Эрдэнэт үйлдвэртэй ямар нэг хамааралгүй хөндлөнгийн этгээд. Тендерт оролцогч компаниуд тухайн тендерт шалгарсан компанийн материалыг нээлттэй үзэж танилцан, шалгаруулалтад алдаа, зөрчил гарсан эсэхэд өөрсдөө үнэлгээ өгдөг. Ингэж оролцогч өөрөө хянаж байгаа нь хөндлөнгийн хяналт юм. Харин Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хянаж байгаа нь захиалагчийн хяналт. Эрдэнэт үйлдвэрийн Үнэлгээний хорооны захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны А/39 тоот тушаалаар баталсан. Үүний хүрээнд Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн 4 мэргэжилтэн, Хяналтын асуудал хариуцсан менежер ахлаад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байна.
ТЕНДЕРТ НЭГ НЬ ШАЛГАРЧ, БУСАД НЬ ГОМДОЛТОЙ ҮЛДДЭГ
-Тендер шалгаруулалтын үйл явцаас шалтгаалаад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай сэлбэг материалын хангамж нийлүүлэлт саатах, удаашрах, улмаар тасалдах эрсдэл, нөхцөл байдлын талаар холбогдох мэргэжлийн хүмүүс нэлээд ярьдаг. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ бол хамгийн чухал бөгөөд анхаарах ёстой асуудал. Нэгдүгээрт, тендерийн тухай хуультай холбоотой. Мэдээж, үйлдвэрлэлийн технологийн материалын нөөц бүрдүүлэлт зайлшгүй хийгдэх ёстой. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ирэх оны бизнес төлөвлөгөөгөө батлуулсны дараа тендер нь зарлагддаг. Тендерт оролцогч компаниуд Монополын эсрэг газар гомдол санал гаргах тохиолдол нэлээд гарна. Үүнийг хянана. Энд хамгийн багадаа л 21 хоногийн хугацаа ордог. Нэг тендерт цөөндөө 3, тэгээд 20 орчим компани оролцдог. Эндээс нэг нь шалгарч, бусад нь гомдолтой үлддэг. Гэх мэтчилэн гомдол саналыг хянаж шийдвэрлэх үйл явцаас хамаараад, хуулийн хүрээнд тендерийн ялагч тодрох хугацаа бас сунаад байдаг. Нэгэнт хуулиар олгогдсон эрх нь байгаа учраас оролцогчид гомдол гаргана. Тийм учраас ямар нэг үндэслэлгүйгээр гомдол гаргаж байгаа компанийг хуулийн байгууллагаар шалгуулах санал гаргаж байсан. Яагаад гэвэл энэ бүх үйл явцууд үйлдвэрлэлийн тасралтгүй горим, нөөц бүрдүүлэлтэд эрсдэл үүсгэж болзошгүй. Ийм хүндрэлүүд их гардаг юм.
ХУДАЛДАН АВАЛТЫН ӨРТӨГ ЗАРДЛААС ЭНЭ ЖИЛИЙН ХУВЬД ГЭХЭД Л 100 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ГАРНА
-Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын ажиллагааг тойрсон хардлага сэрдлэг олон жил яригдаж ирсэн сэдэв. Эдгээр сэдвийн хувьд нээлттэй, ил тод байх тал дээр гарч байгаа дэвшил, ололт байна уу?
-Эрдэнэт үйлдвэр анх Орос, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдаж, хоёр талын зөвлөлийн хурлын шийдвэр болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг байсан. Үүнийг хүн бүр мэдэх байх. Монгол Улсын Тендерийн тухай хуулиар биш шууд худалдан авалт хийдэг үе байсан. Өөрөөр хэлбэл, хоёр талын зөвлөлийн хурлаар шийдсэн бол удирдлагын түвшинд худалдан авалтын гэрээ хийгээд явдаг байсан. Үүнийг одоогийн нөхцөл байдалтай жишиж ойлгоод байдаг. Одоо бол төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар Монгол Улсын Тендерийн тухай хуулийг хэрэгжүүлж, худалдан авалтын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа. Бараа материалын нөөц, төлөвлөлттэй холбоотой асуудлууд гардаг байсныг үгүйсгэхгүй. Тухайлбал, цех хоорондын шилжилт, агуулахын үлдэгдлийн мэдээлэл дутуу шивэгдсэн, давхардсан захиалга хийгдсэн гэх зэрэг зөрчлүүд байсан. Энэ зөрчлүүд арилж байна. Бараа материалыг бууруулах талаар томоохон ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүний үр дүнд бараа материалын худалдан авалтын өртөг зардлаас энэ жилийн хувьд гэхэд 100 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. Өөрөөр хэлбэл, энэ онд худалдан авалтад нэг их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж байсан бол үүнээсээ 100 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгож байна. Тоо худал хэлдэггүй, энэ бол бодит үр дүн. Мөн бараа материалын үлдэгдэл нэмэгдэхгүй. Энэ нь зохистой төлөвлөлт хийж, эргэлтэд оруулж чадаж байна гэсэн үг. Тендерийг шударга зохион байгуулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэн олон компани оролцох боломжийг хангаж өгч буйн үр дүн юм.
-Хамгийн бага үнийн санал оруулж буй компанийг шалгаруулдаг. Энэ нь тухайн бараа материалын чанарт нөлөөлдөг юм биш биз? Чанар муутай бараа хямдхан үнэтэй гэсэн нэг ойлголт байдаг даа?
-Үнийн бага санал гэдэг шалгуур бол хоёрдугаар шатны үзүүлэлт. Нэгдүгээрт, техникийн бичиг баримтын нөхцөл шаардлага хангасан эсэх шалгуур. Үүний дараа харгалзах утга нь үнийн санал. Тендерт тэнцсэн ханган нийлүүлэгч компаниудын дундаас хамгийн бага үнэ санал болгож байгааг нь шалгаруулах болохоос, тендерт материалаа илгээсэн компаниудаас хамгийн бага үнийн саналтайг шууд шалгаруулна гэсэн ойлголт биш. Эхний шатанд тухайн тендерийн техникийн тодорхойлолтод шаардлага хангасан компаниудын үнийн саналыг эрэмбэлж, шалгаруулж байгаа юм.
ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ХЯНАЛТАД ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
-Худалдан авах ажиллагаандаа хиймэл оюуныг бодитоор нэвтрүүлж буй анхны төрийн өмчит үйлдвэр боллоо. Тэгвэл үр дүн яг яаж харагдаж, мэдрэгдэж байна вэ?
-Энэ асуултад эхлээд Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн Ерөнхий захирлын баримталж буй манлайлал маш чухал байгааг онцолмоор байна. Хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг худалдан авах ажиллагаанд ашиглах нь маш зүйтэй, цаг үеэ мэдэрсэн ажил. Ямар нэг хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй, дарамт шахалтад орохгүй, нөгөө талаас цаг хугацаа хэмнэх, боловсруулалт нь 24 цагийн турш тасрахгүй үргэлжилж, бүтээмж нэмэгдүүлэх гэх зэрэг олон давуу тал гарч байна. Материалууд бүрэн архивлагдаж байна. Зөвхөн нэг жишээ хэлэхэд, тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны хурлын хуралдааны тэмдэглэл нэг үсэг, цэг ч орхигдохгүй, засварлагдахгүй архивд үлдэж байна. Тухайн хурал ямар процессоор явагдаж, яаж шийдвэрлэгдсэн эсэхийг хэн нэгэн этгээд дараа нь харахад маш ойлгомжтой болсон. Өмнө нь үнэлгээний хорооны хурлын шийдвэр хэдэн гишүүний саналыг бичээд, гарын үсэг зурагддаг байв. Тухайн хурал дээр юу яригдсан эсэх нь хаалттай байсан бол одоо хурлын үйл ажиллагаа бүрэн нээлттэй, хэн ч үзэж танилцах боломжтой болсон. Үүнийг хянах нөхцөл бүрдсэн нь хамгийн том дэвшил юм. Мөн харьцуулалтаар хийж буй хүний нүдний хараа, үнэлэх чадамжаас үл хамаараад тендерт тавигддаг үндсэн бичиг баримтыг ялгаж ангилаад, дүгнэж байна. Техник учраас ямар нэг зүйлийг орхиж, алдагдуулахгүйгээр үлдээж байгаа. Энэ дэвшилтэт технологи цаашид улам сайжраад, бүрэн нэвтрээд явна гэдэгт итгэлтэй байна. Авлига, албан тушаалын хардлагаас сэргийлэх, жинхэнэ утгаараа ангид байх үндсэн суурь болно.
ХЯНАЛТЫГ ШУДАРГА ЯВУУЛАХЫН ТУЛД ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ НЭГ Ч ГИШҮҮНТЭЙ УУЛЗДАГГҮЙ
-Хардлага сэрдлэг гээд түрүүн дурдсантай холбоотойгоор тодруулахад, ер нь шахаа гэдэг ойлголт юунаас гарсан юм бол? Нөгөө талаар, аль нэгэн том албан тушаалтан тендер шалгаруулалтын шийдвэрт нөлөөлдөг гэх хардлага, яриа ч бас байдаг. Үнэхээр ийм нөхцөл байдал үүсдэг юм уу?
-Тендер шалгаруулалттай холбоотой олон хардлага сэрдлэг байдаг ч яг өнөөдрийн тендер шалгаруулалтын үйл явц, үүнд хэрэгжүүлж байгаа хяналтын зарчим шаардлагаа харахад ийм байх боломжгүй гэж Хяналтын асуудал хариуцсан менежерийн хувьд маш тодорхой хэлье. Тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа, Үнэлгээний хорооны 7 хүний бүрэлдэхүүнд тухайн нэгж, хуулийн төлөөллөөс гадна хөндлөнгийн хяналтын гишүүдийг санамсаргүй буюу “рэндом” аргаар сонгож байна. Тэд тендер шалгаруулалтын анхны дамжлагыг хийж, гаргасан шийдвэрээ Хяналтын менежерт танилцуулдаг. Энэ шийдвэр дээр Хяналтын менежер хяналт тавина. Ингэхдээ миний бие ажил хүлээж авсан өдрөөсөө нэг зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэ нь Үнэлгээний хорооны нэг ч гишүүнтэй уулзахгүй байх. Тендер дагасан хардлага сэрдлэг гардаг учраас энэ зарчмаа эхнээс нь хэлсэн. Яагаад гэвэл, Хяналтын менежер хийж буй ажлынхаа хүрээнд Үнэлгээний хорооныхонтой уулзах ямар ч шаардлага байхгүй. Хяналтыг ямар нэг сэтгэл хөдлөлөөр биш ирүүлсэн материалын хүрээнд хийж, хуулийн зүйл заалтын дагуу дүгнэх ёстой. Энэ дүгнэлтээ зөвхөн цаасан хэлбэр болон цахимаар хүргүүлдэг. Нөгөө талаар, Үнэлгээний хорооны 7 гишүүнд аль нэгэн том дарга ч юм уу, нөлөөлөөд шийдвэр гаргуулдаг гэж бодохгүй байна. Боломжгүй зүйл. Өмнө нь би хэлсэн. Үнэлгээний хорооны гишүүдээр ямар нэгэн нөлөөлөхийг оролдсон дарамт, шахалт, хандлага ирсэн бол нөлөөллийн асуумжийг заавал бөглүүлэх шаардлага тавьдаг. Ингэснээр үнэлгээний хорооны гишүүдийг хамгаалах, хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлж байгаа. Хяналт тавина гэдэг нь тендер шалгаруулах үйл явц хуулийн дагуу зөв байна уу, гэдгийг л дүгнэнэ. Хуулийн заалтыг хэрэгжүүлж байгаа бол тендерт алдаа мадаг гарахгүй л гэсэн үг.
ХУДАЛДАН АВАЛТЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ РҮҮ ЧИГЛҮҮЛЖ, ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ БОДЛОГООР ДЭМЖИХИЙГ ТЕНДЕРИЙН ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
-Худалдан авах ажиллагаанд гарч болох хүндрэл бэрхшээлүүд Тендерийн тухай хуулийн тодорхой заалтуудаас шалтгаалдаг тухай өмнө нь дурдсан. Тодруулбал, яг ямар заалтууд бодит амьдрал дээр зөрчилддөг вэ? Засаж, өөрчлөх талаар хяналт хариуцаж байгаа хүний хувьд ямар санал байна вэ?
-Ер нь үйлдвэрлэлийн технологийн материал, үндсэн түүхий эдийн худалдан авалт, нөөц бүрдүүлэлтийг хийхдээ Тендерийн тухай хуулиар явах нь тийм ч зохистой биш гэж боддог. Харин шууд үйлдвэрлэгчтэй нь гэрээ хийж худалдан авах нь зөв гэж хэлмээр байна. Манай үйлдвэрийн хувьд гэхэд л үйлдвэрлэлд чухал шаардлагатай химийн болон тэсэлгээний бодисууд авахдаа тухайн үйлдвэрлэгчтэй шууд харилцдаг хэлбэр лүү шилжих нь оновчтой. Учир нь үйлдвэрлэлийн аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангахын тулд үйлдвэрлэгчээс үйлдвэрлэгч рүү шууд хүргэх нь хамгийн зөв шийдэл. Энд ямар нэг зуучлагч, тээвэрлэгч шаардлагагүй. Үйлдвэрлэгчийн тодорхой үнийн санал дээр дахин зардал төсөв нэмэгдэхгүй гэх зэрэг олон давуу тал бий.
-Үйлдвэрлэлийн технологийн материалаас гадна үйлдвэрийн ажилтнуудын хүнсний хэрэгцээнд бараа бүтээгдэхүүнийг тендер шалгаруулалтаар худалдан авдаг. Ихээхэн хардлага дагуулдаг асуудал бас энэ. Жишээ нь, 70 сая төгрөгөөр өндөг худалдан авах гэж байна, гэхчлэн..?
-Эрдэнэт үйлдвэрийн харьяанд 10 гаруй нийгмийн үйлчилгээний нэгж байдаг. Эдгээрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хэрэглэх жилийн хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүнийг тендерээр худалдан авч байгаа. Үүнийг бүтэн жилээр төлөвлөхөөр үнийн дүн өндөр мэт харагддаг байх. Энд нэг санаа хэлэхэд, ийм төрлийн бараа бүтээгдэхүүнийг Эрдэнэт хотынхоо үйлдвэрлэгчдээс худалдан авах нь зөв. Хүнсний ногоо, цагаан идээг тариаланч, малчдаас шууд худалдан авах боломжийг нээж өгөх ёстой. Худалдан авалтын ийм зохицуулалтыг хиймээр санагддаг. Энэ чиглэлээр үйлдвэрийн удирдлагын зүгээс олон удаа санаачилга гаргадаг ч төрийн өмчит үйлдвэрийн газар Тендерийн тухай хуулийг мөрдөж ажиллах шаардлага тулгарч байна. Тэгэхээр хуулийн зарим заалт амьдрал дээр хэрхэн зөрчилдөж байгааг эргэж харах л хэрэгтэй. Ер нь бол бид Эрдэнэт үйлдвэрийн бүсэд буй орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих, дам ажлын байр бий болгохын тулд бодлогын шийдвэр гарган, хэрэгжүүлэх ёстой. Уул уурхайн өгөөж нь энэ хотын иргэдэд шингэж үлдээсэй. Үүнийг хуулиар л зохицуулахаас өөр боломжгүй юм. Тиймээс Тендерийн тухай хуулийг шинэчлэн өөрчлөх, төрийн өмчит үйлдвэрийн газрын онцлогтой нийцүүлэх шаардлага байна гэдгийг ахин дахин онцолмоор байна.






























