УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан алдөрт дууяин П.Адарсзрэн агсны талаар өөрийн цахим хуудсандаа дурсамж нийтэлжээ. Бүрэн эхээр нь уншигчдадаа хзргэе.
ДУУНЫХАА ҮГ БОЛГОНООР ДУУЛЖ ЧАДДАГ БАЙЛАА...
Намрын бүрхэг тэнгэр онгойх янзгүй уйлагнана. Хатуу хучилттай замаар машин цувж борооны ус далан даган цахран урсаж гадаа жихүүн хүйтэн. Гэвч манай машин дотор сэтгэлд дулаан таатай. Тэр дулаахан нь ардын дуу шиг олны танил болсон орчин цагийн нэгэн сайхан дуу
"Галуун цуваа хөвөрсөн
Голын ус нь мэлтгэнэсэн
Ганган байгаль хосолсон
Гоёхон намрын өнгө юмаа"
хэмээн Адарсүрэн дууч тэрэгний арааживаар дуулж байсан юм. Намар болохоор яагаад ч юм оюутны намар байнга бодогдоно. Ер нь намар хүнд элдвийг бодогдуулан санаашруулах нь их. Харин энэ удаад Дашдондов ахынхаа бүхээгт "Галуун цуваа хөвөрсөн"-ийг дуулж явсан бага насаа дурсан санав. Олонд хайрлагдсан, түмэндээ хүрээлэгдсэн дуучин бишгүйдээ бий. Гэвч П.Адарсүрэн гуай шиг нь тийм ч олонгүй л болов уу. Тэр үнэхээр ард түмний дуучин байв. Дуунд нь дурладаг, даган дуурайж дуулдаг, үнэхээр бишрэн шүтдэг нь мөн ч олон байсан. Адараагаа одоо ч мартаагүй л байна. Түүний олон бишрэгчийн нэг нь миний ах жолооч Дашдондов агсан байсан юм. Ах маань надаас олон насаар ах. Намайг бага байхад маань манайхан дотроос анхны жолооч болж би бүхээгээс нь салахгүй дагадаг байж дээ. Дүүдээ дэндүү хайртай.
"Залуу жолооч машин дотроо
Залуураа бариад мушгина..."
хэмээн би их дуулдаг ах маань тээвэрчин хүн болохоор намайг өхөөрдөн их дуулуулдаг байлаа. Миний Дондов ах хүнтэй эвтэй, тусархуу, дуу сайхан дуулчихдаг наддаа л эр бор харцага санагддаг байв. Нэгэн намар хоёр үнээнийхээ өвс тэжээлийг бэлдэж явсан юм. Хандгайтад хадсан хэдэн бухал өвсөө ачиж ирэх гээд явж байхад би энэ "Галуун цуваа хөвөрсөн"-ийг дуулж явж билээ. Ах маань ямар л шинэ дуу гарна, дорхон нь сурчихсан бүхээгтээ дуулж явдаг сан. Тэр үед Зангад, Оросоо, Банзрагч, Гэрэлт-Од гээд дуучдыг Адарсүрэн гуай залган гарч ирж байсан үе. "Адарсүрэн яаж ингэж доод өнгийг зовлонгүй гаргаж чадаж байна аа" хэмээн ax маань шагширдаг байж билээ. Ахтайгаа хамт хадсан жаахан өвсөө авах гэж явсан үеэ дурсахад ах ч, шүтээн болсон дуучин нь ч нэгэнт үгүй болсныг санахад гунигтайгаас гунигтай.
Ах маань Адарсүрэн гуайн дуулдаг "Оторчны дуу"-г автобус баазын ажилчдын концертод дуулж байсныг нь санаж байна. Оторчны дуу гэснээс эл дууг амилуулсан эзэн Өвөр Монгол зоны хэлдгээр Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэн гуайтайгаа хэрхэн танилцсанаа дурсан саналаа.
1981 оны зун МУИС-ийн элсэлтийн шалгалтын комисст ажиллаж байхад орос хэлний шалгалт авсан багш хүүхнүүд инээлдэж, Адарсүрэн дуучин хуулийн оройн ангид шалгалт өгч байна. Орос хэлний ам шалгалтад Сүхбаатар жанжны тухай асуултад "Сүхэ-Батор наш атаман" гэсэн гээд тухайн үеийн од дуучны тухай хошигнон ярьж байлаа. Төдөлгүй салбар комиссын нарийн бичгийн дарга байсан залуу багш над дээр өнөөх монгол хүн бүрийн эчнээ танил, хайртай дуучин маань хулгасхийн орж ирээд "Сайн байна уу? Би тантай уулзах гэсэн юм" хэмээн нэлээн зориг муутайхан дуугарав. Тэр хэлж байна: "Ах нь наад хоёр шалгалтаа (Монголын түүх, Монгол хэл) гайгүй өгчхөөд орос хэл дээр л таварцаглачих шиг боллоо. Хуулийн мэргэжил эзэмшье гэж мөн ч их хүссэн юм сан гэж санаа алдаад "Арга, тус байна уу" гэж гуйлаа. Адараа дуучныг амьдаар нь ойроос харж, бас ч гэж гуйлгаж байгаа хүн хойно хэчнээн дотроо талтай ч бага зэрэг ноцтой царай гарган урдах хүснэгтийн тоонуудыг шалгаж дуусаад түүн рүү анхааралтай гэгч нь харж цагаан цаас түүн рүү сарвайлаа. Тэрээр гайхаж тээнэгэлзэнгүй янзтай нөгөөх цаасыг авлаа. "Надад таныг шууд элсүүлэх эрх мэдэл байхгүй. Нэг хуваарь дээр олон хүн өрсөлдөж байгааг та өөрөө мэдэж байгаа. Юу ч гэсэн та сургуулийн нэгдүгээр проектор Т.Дашцэдэн (хожим нь Хөдөлмөрийн баатар болсон, нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн) гэдэг хүний нэр дээр өргөдөл бичээдэх. Бусад хүмүүсийн өргөдөлтэй хамт оруулж танилцуулъя" гэв. Орос хэл дээр дээд оноо 15 авахаас дөнгөж 4 оноо л авсан байв. Өргөдөлд юу юу бичвэл зүгээр болохыг зөвлөн хэлж өгч билээ.
Тэр бээр төдөлгүй хуулийн оройн ангидаа орчихсон үсээ толийтол тослоод самначихсан, тас хар шаахай цагаан өнгийн хослолтой сэтгэл санаа нь их өөдрөг гялалзаж явж билээ. Дорхноо л ангийнхантайгаа танилцчихсан, олон найз нөхөдтэй ч болоодохсон нь ойлгомжтой.
Тэр үед манайх зурагтын эцсийн буудлын ойролцоох хашаанд байдаг байлаа. Хичээл эхлээд удаагүй хэдхэн хонож байтал Адарсүрэн гуай маань эхнэртэйгээ хамт манайд ороод ирдэг юм байна. Та ямар ажлаар явна гэвэл "Уучлаарай багшаа, гадаад орнуудын төр, эрхийн түүхийн хичээлийг ойлгодоггүй. Ном олддоггүй. Танайхыг заалгаад семинарын хичээлтэй холбогдуулж зөвлөгөө авах санаатай явна. Манай эхнэр багш хүн, намайг давтуулах ажилтай. Ийм хоёр хүн явж байна" гэлээ. Бид нэлээн ярьж хөөрч, ээжтэй маань ч жаал хуучилж хашааныхаа хаалган дээр үдэж өгөхдөө Адарсүрэн гуайг ганцааранг нь жаахан зайтай аваачиж "Та хэдий надаас ах ч гэлээ би танд ганц зүйл л захья. Сургууль дээр, хичээлийн байранд хүмүүстэй архи л ууж болохгүй шүү" гэлээ.
- Ойлголоо багшаа гээд эхнэртэйгээ сугадалцан автобусны буудал руу яваад өгөв. Үүнээс хойш манайд хоёр ч удаа ирсэн. Ирэхээрээ надаар төр, эрхийн онолын зарим сэдвийг энгийн байдлаар жаахан яриулаад энэ чинь ийм л юм байна шүү дээ гээд жаахан хүүхэд шиг урамтай нь аргагүй монхойн инээж байсан нь одоо ч нүдний өмнө харагдах шиг болж байна.
Надтай уулзаад юм юм л ярина. Нэг удаа надад ярьж байна. "Дондогийн Цэвэгмэд (Тэр үеийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд байсан, нэрт зохиолч, сурган хүмүүжүүлэгч) гуай намайг дуудуулж би очлоо. За, хүү минь чамайг чуулгын ойгоор гавьяат өгөөгүй гээд сэтгэл гонсгор бас жаахан уугаад байна гэж сонслоо. Тэгээд чамтай уулзаж ярилцъя гэж бодлоо. Хоёулаа аяга цай уугаадахъя гээд буйдан дээрээ суув. Цэвэгмэд гуай: "Би сайд гэхээсээ чиний дууг сонсох дуртай ахмад багшийн хувьд (шүтэн бишрэгч маягийн үг хэлээд) чамд нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Цол гэдэг бол ирэх цагтаа аяндаа л хүрээд ирнэ. Хоног хугацаа гэдэг өдөр өдрөөр нь тасддаг хуанлийн хуудас шиг нэг л мэдэхэд дуусаад өөр нэг ой болоход тэр шагнал чинь хүрээд ирнэ. Иймд дуугаа дуулаад манийхаа чихийг баясгаад явж бай. Би чиний дуунд дуртай сонсогчийн хувьд хэлж байна шүү" хэмээн дахиж хэлсэн, би Цэвэгмэд гуайтай уулзаад бүр сэтгэл онгойчихлоо" гэж ярьсан сан.
Залуу багш би оюутнуудад заах хичээл, лекцэдээ түүртээд дээр нь тэдний оройн ангид хичээл заадаггүй болохоор анзаараагүй байтал нэг л мэдэхэд Адараа гуай харагдахаа байжээ. Яав юу болов, архи дарс уугаад алга болоогүй байгаа гэвэл дээрээс л Адарсүрэнг хуулийн ангид суралцах нь зохимжгүй гэж үзээд ректорын тушаал гарч хасчихсан бололтой гэж учир мэдэх багш харамсангуй ярьж байлаа. Тэгнээ тэр, даанч надаас удахгүй авчирч өгнө гээд аваад явсан номоо өгөлгүй алга болсон юм. Сэтгэлээр унаад алга болж л дээ хэмээн дотроо халаглан бодоод л өнгөрсөн билээ.
Нэгэн удаа Сүхбаатарын талбайн ойролцоо эхнэртэй нь тааралдвал "Адараа овоо байсан чинь сургуулиасаа хасагдаад, нөгөөх архиа уугаад гэртээ ч ирэхээ байсан шүү дээ. Би хамаг байдгаараа л хөөцөлдсөн дөө" хэмээн хоолой нь зангиран хэлж билээ. Тэр цагаас хойш олон жилийн дараа нэг, хоёр удаа Адарсүрэн гуайтай тааралдсан юм. 1991 оны хавар шиг санаж байна. Талбайн буудлаас 1 хорооллын автобусанд ортол Адарсүрэн гуай нэлээн уусан байдалтай улаан хамбан дээлэн дээр Алтан гадас одонгоо зүүчихсэн энгэр задгай арын суудалд сууж байна. Ойртож очоод мэндэлтэл намайг таньж "Ажил сайн уу багшаа. Энд суу хэмээн бослоо. суудлаасаа Зүгээрээ, Адарсүрэн гуай, би хоёр буудал яваад бууна. Үйлдвэрчний Соёлын төв ордонд ажилтай явж байна" гэлээ. Автобус олон хүнтэй. Ярих эв ч олдсонгүй, төдөлгүй буулаа. Буух үед энэ Лүндээ гишүүн чинь миний багш байхгүй юу гэж хэлэх нь там тум сонсогдож билээ. Би хичээл ороогүй ч намайг багшаа л гэж бодож явдаг байх нь гэж бодоод бас өрөвдөөд л өнгөрсөн юм даа.
Дараа нь 1997 онд юм даг. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нэгэн оройн цэнгүүн дээр тааралдаж хэдэн үг сольж билээ. "Багшаа, би чөлөөт уран бүтээлч болсон. Саяхан сонгуулийн сурталчилгаагаар Завханы сумдаар явж байгаад ирлээ" гэж ярьж байв. Хувцас хунар нь нэлээн хуучирч гундуухан байсан даа. Харин огт үнэртүүлээгүй, цоо эрүүл даруухан нь аргагүй байж билээ. Гэхдээ л би ийм ч явах гэж дээ хэмээн хий дэмий шүүрс алдан салсан тэр харамсал одоо ч надад хэвээрээ. Таньдаг найз нөхдөөрөө архи авхуулж уудаг барьдаг хэмээн дуулддаг ч надтай ийнхүү хоёр удаа тааралдахдаа архи дарсны тухай яриа огт болоогүй билээ. Дээхэн оюутан болж явснаа ч бас огт дурсаагүй. Оюутан явсан нь сэтгэлд нь жаахан хөндүүр, бас дурсамжтай сайхан, түүнчлэн гунигтай нэгэн зун намар нь байсан болов уу.
Энэхүү жижигхэн дурсамждаа бидний дунд амьдарч олны хэлдгээр дууныхаа үг болгоноор дуулж чаддаг байсан алдарт дуучны тухай өөрийн мэдэх зүйлсээ л бичиж байна. Одоо цагт бол бүх авдаг шагналыг аваад, мөн ч их баяжна даа гэх мэтээр ургуулан, ийм л царааны дуучин байсан даа хэмээн үнэлэлт дүгнэлт өгөх юм уу гоёж гуадах хэрэггүй гэж бодож байна. Олон арван жил өнгөрсөн ч:
"Алтай хангайнхаа уулсыг
Асарлуулан сүмбэрлүүлэн зүүдлэв дээ хө"
хэмээн үнэхээрийн сэтгэлийн утас чичирхийлүүлэн дуулах нь бараг зүүдэнд ч сонсогдож "булган чиг нударгыг нь шалчийтал уйлав аа хө" (Янлинхуар), "Хулсан ташуур нь байгаасай Хуруундаа өлгөөд явах сан" хэмээн аманд аялагдаж, цэн цэнгийн цуваа шиг өдөр хоногууд алсарсан ч ардын дуугаа Адараа гуай мөнхөд дуулсаар байх юм чинь дээ гэж эрхгүй бодогдоно. Нэгэнтээ манайд ирэхэд нь "Манай ах Дашдондов автобусны жолооч хүн. Таны дуулдаг Оторчны дууг сайхан дуулдаг юм. Би сурах гээд үгийг нь сайн мэдэхгүй байна" гэвэл "Алив би бичээдэхье" гэв. Тэр жил миний нагац ах, Монголдоо олон гүүр барьсан гавьяат барилгачин Бадарч ах маань МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцоод надад XVIII их хурал гэсэн хатуу хавтастай улаан дэвтрээ дурсгаж билээ. Дууг би тэр дэвтэр дээрээ бичүүлж авсан юм. Адарсүрэн гуай Оторчны дууг амандаа аялан бичиж байхдаа – Яана аа зарим үг нь орж ирэхгүй байна гээд зарим үгийг нь орхиж билээ.
ОТОРЧНЫ ДУУ...
Адууч аавын ухаан өвлөхөөр
Зудтай өвлийг өнтэй давна даа
Намрын хур шиг адуугаа хариулсаар
Хаврын сайхантай учран золгоно доо...
Багш Лүндээжанцанд дурсгав. УАДБЧуулгын дуучин П.Адарсүрэн 1981.09.29 хэмээн манай гэрийн аяганы ширээн дээр бичиж суусан нь өчигдөр болсон юм шиг санагдан хоолой торно.
...Машины бүхээгт ардын дууч П.Адарсүрэнгийн дуу нургилсаар л. Нэг л мэдэхэд зам ч овоо хоржээ. Замын товчоон дээр машин маань ирж зогслоо. Би ч сэтгэл гэгэлзсэн, гунигласан өнийн дурсамжаа завсарлаж таарав. Түүний дуу зөвхөн энэ тэрэгний бүхээгт төдийгүй өргөн Монгол даяар нургилсаар л байх юм чинь гэж би өөрийгөө аргадах мэт бодож бас амжлаа.
2015.IX.03































