Годрон өвчний улмаас одоогийн байдлаар 5,000 гаруй ямааг устгаад байгаа ба уг өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө. ХХААХҮ-ийн сайдын мэдээлснээр "Саятан сүрэг" гэх дэлгүүрээр дамжин БНХАУ-ын "арвас" үйлдвэрийн ухныг малчдад зарсан байна. Гэтэл Монгол Улсад гаднаас эцэг мал оруулж ирсэн тухай мэдээлэл дотор "арвас" үйлдвэрийн малын мэдээлэл байхгүй байжээ. Иймд хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал өндөр байна гэж үзэж байгаа ба тус асуудлыг Тагнуулын ерөнхий газраар шалгуулахаар болсон байна.
Түүнчлэн хилээр орж ирсэн тус үйлдвэрийн эцэг малд Мал эмнэлгийн хяналт ороогүй байсан байна. Мөн тус ямаануудыг зарсан гэх "Саятан сүрэг" дэлгүүр хаашаа хэдэн ухна зарсан тухай мэдээллээ бүрэн хэлэхгүй байна гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов. Иймд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанд албан бичиг хүргүүлээд байгаа ба шалгуулахаар болсон байна.





























