Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцууллаа. Тодруулбал. нийгмийн халамжийн тэтгэврийг энэ сарын 15 болон 27-ны өдрүүдэд олгохоор төлөвлөсөн бол асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж мөн адил эдгээр өдрүүдэд дансанд шилжинэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог дэмжлэг, хөнгөлөлт, түүнчлэн алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж ч мөн 15, 27-нд олгогдох юм.
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, олон нийтийн оролцоонд тулгуурласан халамжийн үйлчилгээний санхүүжилтийг 27-ны өдөр олгохоор товлосон бол хүнс тэжээлийн дэмжлэгийг 20-ны өдөр олгох аж. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг мөн 20-нд шилжүүлэхээр төлөвлөжээ. Насны хишиг болон эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сард олгохоор тусгасан байна.































