Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал руу халдах тохиолдол нэмэгдэж, иргэд, малчид болон тариаланчдын аюулгүй байдалд эрсдэл үүсгэх болжээ. Нөхцөл байдлын талаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Улсын онцгой комисс болон Засгийн газарт танилцуулсан байна.
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн тохиолдол Сэлэнгэ аймгийн 10 суманд бүртгэгдээд байгаа бөгөөд есдүгээр сарын 15-ны байдлаар нийт 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 146 толгой мал баавгайд бариулжээ.
Баавгай зөвхөн малын хот, хашаанд орж мал барих бус, иргэдийн өдөр тутмын амьдрал, хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлөх болсон байна. Тухайлбал, хадлан бэлтгэл болон тариалангийн ажилд гарч буй иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч, зарим иргэн гэр, орон байрандаа ч хэвийн амьдрах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж.
Түүнчлэн Хүдэр суманд баавгай айлын гэрт орж, улмаар гэрийг сүйтгэж, нураасан тохиолдол гарсан байна.
Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Сэлэнгэ аймагт төрийн байгууллагын алба хаагчид болон багийн дарга нарыг баавгайн эргүүлд гаргах, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, баавгайг үргээх зэрэг арга хэмжээг авч байгаа ажээ.





























