Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум”-ыг өнөөдөр /2026.09.15/ нээж үг хэллээ. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зуд, ургацын алдагдал нь хүнсний аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөн, хүн, малын эрүүл мэндэд шууд нөлөөлж, өвчлөх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгааг онцоллоо. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурласан бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, “Нэг эрүүл мэнд” хандлагыг хэрэгжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, хяналтыг сайжруулах чиглэлд улс орнууд идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал 2026 оны намрын ээлжит чуулганаар эрүүл мэнд, уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн салбарын бодлогын уялдааг хууль тогтоомж, төсөв, хяналтын механизмаар цогцоор нь хангахад анхаарч ажиллаж буйг тодотгосон юм. Ирэх хоёр өдрийн хэлэлцүүлэг тунхаглал төдий бус харин бодит шийдэл, бодит хамтын ажиллагаа, бодит үр дүнд чиглэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа энэ үеэр илэрхийллээ.
УИХ-ын даргын манлайлал дор зохион байгуулж буй энэхүү форумд Ази, Номхон далайн бүс нутгийн 20 гаруй орны эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, хүнсний аюулгүй байдал, хүн, малын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.






























