Олдоно олдоно, юу ч олдоно, Монголоос.
Тийм ээ, дэлхийн түүхтэй салшгүй холбоотой хийгээд сансар хорвоотой үлшгүй сүлбээтэй юм ч Монголоос олдоно. Үүнд нэг их хачирхаад байлтгүй. Гэхдээ явсан нохой яс зуудаг гэдгээр яван байж л олно. Уул хад нэгжин байж л нээнэ. Мянганы газрын цөлд умбасан Ромын ихэсийн ямбаны хөх чун Хөх Монголын өвгө Хүннү дээдсийн булшнаас гарсан. Тэртээ Газар дундын тэнгисруу шургасан Сири улсын бичээс Сүмбэр Алтайн маань сүүхийх хадан дээр сийлээстэй байсан. Түмний газарт байсан Византийн зоосыг дууриалгаж дэлдсэн түрэгийн хөрөгт алтан зоос Туулын бунхнаас илэрсэн. Буман гэрлийн жилд шумбасан одот тэнгэрийн баларын үеийн зураг Жавхлант хайрханы хаднаас олдсон. Тийм ээ, түүх нь зузаанаас зузаан, үүх нь уртаас урт юм даа, миний Монгол. Тэгтэл Соломон хааны шидэт тамга гэгддэг Magen David Өмнөговь аймгийн Хан богд сумын Далайн дуулга уулын урдтайх жижиг толгойгоос олддог байна шүү! Бахдаж инээмээр ч юм шиг, баярлаж уйлмаар ч юм шиг. Зарим нөхөд молхи намайг “юун сүртэй юм, зургаан хошуутай нэг тэмдгийг хадан дээр сийлсэн л байгаа биз, энэ толгойдоо юмтай болчихож гэж даажигнаж байж ч мэдэш. Миний толгой будангуйрах яах вэ, ёстой яршиг л байна, монгол түмний маань толгой улам цэлмэвэл боллоо. Энэ Монголын эрдэнийн соёлын “алтан аргамжаа” агуу байсныг илтгээд байгаа тэр гагц гайхамшигаар л түмнийхээ толгойг цэлмээх гэж эл бүхнийг чадан ядан эрээчнэм бөлгөө.
Өнгөрсөн зун археологич хатагин Д. Эрдэнэбаатар бид хоёр хадны бичээс хөөцөлдөж явахдаа Соломоны тамганы зураг хадан дээрээс олбол Израильд мөн алдаршина даа гэж хөхрөлдөж явж билээ. Гэтэл үүнийг хаднаасаа л оллоо доо. Хаднаас шүү! Сайныг зөгнөх гэдэг сайхан ч юм уу даа. Монгол хүн амны бэл гээс ашдын бэлгэ гэж цэцэлдэг нь юутай үнэн…Ерээд оны дундуур шиг билээ, Ч. Болдбаатар гэдэг оюутан хүү “Чингисийн Монголоос Magen David олдлоо” гэсэн нийтлэл над авчирч өгөөд би түүнийг нь нүд бүлтийн гайхаж “Ил товчоо” сонинд нийтлэж байж билээ. Зохиогч хүү тэр үед чухам юу бичснийг би мартжээ. Чингээд би уг өгүүллийн эрэлд гарч, сониныхоо шарласан дугаарыг эргүүллээ. Нээрээ, Болдбаатар юу бичиж вэ? Болдбаатар зургаан хошууны анх үүссэн цагийг мөшгих гэж оролдоод, ер түүнийг YI зууны үеэс л Давидын шидэт бамбай гэдэг нэрээр тодорхой мэдэх болсон тухай өгүүлээд, Дундговь аймгийн музейд байгаа хоёр дурсгал зэрэг сонирхолтой баримт дурдан, хоёр гар зураг нийтлүүлсэн байх юм аа. Энэ тухай үл өгүүлсү.
Оюу толгойг нээсэн нэрт геологич Гарамжал бид хоёр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Далайн дуулга уулын урд орших зүүн урагш сунан тогтсон гүвээний хадны зургийг үзэн явж байлаа. Тэрүүхэн хойно Далайн дуулга уул сүмбэрлэн байх нь говь энэ нутаг эрт дээр цагт далайн ёроол байгаад, тэр уул далай дээр дуулга мэт шовойн байсан байж, манай эртний дээдэс түүнийг нь мэддэг байж, тийн нэрлээд, энэ нэр нь одоо бидний үе хүрч ирж дээ гэээд хэлчихмээр ажээ. Арванхоёрдугаар сар гарсан боловч дулаахан, ер Хан богд сум Монголдоо хамгийн дулаан гэгддэг, энэ нь үнэн юм аа. Ноосон цамцтай явахад ер үл даарах.
Ингээд бид тэр гүвээний үзүүрт шахам байх жижиг цохионы өврийн хэдэн янгирын зургийг аваад, арыг нь нэгжихээр тойртол…Тийм ээ, тойртол Магэн Давид, Вифлеемийн од ч гэдэг, Соломон хааны тамга ч гэдэг тэр зургаан хошуу хадан дээр тодхон дурайж байлаа. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Нүдээ арчин арчин харлаа. Яах аргагүй ээ. Түүнийг Хүрэл зэвсгийн үеийн сийлээс гэж бардаагаар хэлж болох. Гарамжав маань асууж байна, “Энэ юу вэ, би үүгээр зөндөө л явсан, олж үзээгүй юм байна” гэж байна. “Энэ бол Давид хааны бамбай ч гэдэг, Соломон хааны тамга ч гэдэг эд байна даа. Одоо үүнийг Израиль улсынхаа далбаан дээр залсан байдаг юм даа” гэвэл “Би үнэхээр олж үзээгүй юм байна, миний Жавхлант хайрханы хадны зураг номонд ч ороогүй, үзээгүй юм чинь яаж ч орох вэ дээ” гэж байна. Нээрээ, Израил улсын төрийн далбаан дээр байдаг онцгойлох энэ тэмдэг үнэхээр Монголд байдаг нь Болдбаатарын бичснээс тодорхой л доо. Гэвч говийн энэ хадан дээр зураастай байна гэж хэний зүүдэнд орох билээ. Магэн Давид гэдэг нь хобрай хэлээр Давидын бамбай гэсэн үг юм. Давид нь 950 оны үес Израиль-хобрайн улсын хаанаар өргөмжлөгдсөн алдарт эр. Библийн домгоор бол орь залуу Давид аварга том Голиафыг дийлсэн гэнэ. Тэгэхэд Давид малчин хөвүүн байсан гэнэ. Голиаф гэдэг нь манай эриний өмнөх арванхоёрдугаар зуунд Газар дундын тэнгэсийн эргээр аж төрж байсан филистимлян түмнээс гаралтай хүн байсан гэнэ. Энэ тэмдэг нь Тэнгэр Давидын ард түмний хамгаалагч мөн гэсэн утгатай гэнэ.
Каббалистууд[1] энэ бэлгэ тэмдгийг ад зэтгэрээс хамгаалах сахиус болгон ашигласан гэнэ. Хөх зургаан хошуу нь сионист хөдөлгөөний цохлох тэмдэг гэнэ. Харин цагаан нь буюу Вифлеемын од нь Христын мэндэлсний бэлгэ тэмдэг гэнэ. Гэнэ, гэнэ гэнэ…Ийн бичээд байвал тайлбар зөндөө олдох бололтой. Гэвч “гэнэ”-ийг больж, гэнэтэд хаднаас олсон тамгаа эргэж үзсү.
Зургийг гурвалжин хөх хадан дээр сийлжээ. Сийлэх гэж дээ сараачих маягаар дүрсэлсэн байна. Ер энэ хадан дээр дээд талд нь үзүүрээрээ эргэсэн уртын урт эвэртэй сүрлэг том янгир явж байх. Ард чоно маягийн араатан дагажээ. Энэ нь хүрэл зэвсгийн дунд үеийн зураг аж. Доод талд нь хоёр хүнийг дүрсэлжээ. Эдгээр нь хүрэл зэвсгийн эрт үеийнх юм байна. Харин хоёулангийнх нь суга орчимд нь дөрвөн цэг хатгасан нь маш тод бөгөөд эмэгтэй хүний мээмийг дүрсэлсэн болов уу гэмээр. Хоёр хөлийн хооронд салтаанаас үргэлжлүүлэн гонзгой дүрс сийлсэнийг сайн ажиглавал хүүхэд бололтой. Уруугаа харсан хүүхдийн толгой, сарвайсан хоёр гар харагдаж байна. Энэ нь төрж байгаа хоёр эмэгтэйг дүрсэлжээ гэж болмоор байна. Хоёр хүний зүүн гар талд нэг жижиг янгир байх нь хоёр хүнтэйгээ нэг үеийнх нь харваас илт. Мөн мөрөн тушаа нь бас нь том тэхийг нарийн зураасаар зурсан байна. Хоёр хүний баруун гар талд бөөрөнхий дүрс байна. Юуг нь танихад бэрх. Үүнийг эрт үеийн хүний зураг дээр давхардуулан зуржээ. Яг үүнийг хавиргалдуулан бидний сонирхоод багаа Magen David-ийг зурсан байна. Дүрс төдий л уран биш, сараачих байдлаар дүрслэжээ. Доод талын хошуу маш бүдэг боловч мэдэгдэнэ. Бусад нь ихээ тод аж. Бүх зураг нийтдээ хүрлийн үед хамаарадаг аж. Ийн эдгээр зургийн он цагийг тодруулахад нэртэй археологич Хатагин Д. Эрдэнэбаатар тусласан гэдгийг хэлэхэд таатай байна.
Монголоор энэ тэмдгийг чойжун /Б.Болдсайхан/, чойндон /Ч. Болдбаатар/, чойнжин /О.Сүхбаатар, Х. Пэрлээ/, дором /Х. Пэрлээ, Ч.Болдбаатар/ мэтээр нэрлэдэг ажээ. Эдгээр нь бүгд төвд үг юм. Ухаан нь, О. Сүхбаатар чойнжин гэдгийг төвдөөр ном гарахуй гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Чойжун гэдэг төвд үгийн утга нь гурвалжин, эм бэлэг эрхтэн гэсэн санааг агуулдаг гэж Б. Болдсайхан “Данзанравжаагийн музейн үзмэрийн чойжунтай холбогдуулан тэмдэглэх нь” гэсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ. Дором нь ч бас гурвалжин гэсэн утгатай. Гэтэл миний багад манай дээдэс эл солбисон хоёр гурвалжинг давхар чойндон тамга гэж нэрлэдэг байсан шиг санагдах юм. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Х. Пэрлээ гуайн “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” гэсэн сайхан ном буй. Тэнд Монгол нутгийн хад чулуунаас олдсон нэлээд тамганы зургийг нийтлэсэн байдаг. Тэр дунд энэ давхар чойндон маань байж магадгүй гэж уул номыг шүүж үзлээ. Хадан дээр зурсан давхар чойндонгийн зураг/өөрөөр хэлбэл археологийн олдвор/ байсангүй. Харин Засагт хан аймгийн Цэцэн Сартуул гүнгийн хошууны Их шавийн адууны тамганы дотор давхар чойндон байсан тухай дурдаад зургийг нийтлэсэн байлаа.
Монголын бэлгэ тэмдгийн сэтгэлгээнд давхар чойндон ямар утга агуулж байсныг би олж дөнгөсөнгүй. Ямартай ч арга билгийг бэлгэдэж байгаа болов уу гэж өөрийн хар ухаанаар таамаглаж байлаа. Харин Бурханы шашины зан үйлд давхар чойндон ямар үүрэгтэй байсныг дээр дурдсан судлаач Б. Болдсайханы өгүүллээс олж мэдэв. Тэрвээр бичихдээ, “Зөрсөн хоёр гурвалжингаар эр эмийн буюу арга билгийн ухааны хослон барилдах далд утга санааг Их нууц тарнийн ёсонд томъёолон тэмдэглэсээр иржээ…Чойнжунгаар сэндэрийн ёслол үйлдэж, оюун санааны төгс зохиролт ертөнцийг бясалган дуудахаас гадна тарнийн дээд догшин дагинасаар шимунас хэмээх ад сөргөлдөөнийг дарахад ашигладаг заслагийн хэрэглэгдхүүн байсан бололтой. Чойнжунг…нууц тарнийн ёсны зэмсэг хэмээн ойлгож болно” хэмээжээ. Энэ судлаачийн тайлсан нь өрнө зүгийн мэргэдийн тайлбартай ихээхэн дүйж байгаагаараа сонирхолтой юм. Өрнө, дорнын сэтгэлгээ ингэж давхцан таарна гэдэг хүмүүн төрөлхтөн нэг л гэдгийг илтгэнэм бус уу. Өрнө, Дорныг арга, билиг гэдэг боловч…Энд нэг зүйлийг тодруулахад, Дорноговь аймгийн төвд Говийн ноён хутагт Данзанравжаагийн музейд нэгэн хүрэл чойжун байгаа юм. Судлаач маань тэр чойжунгийн тухайтад яриад байгаа болно. Ийнхүү Мagen David Монголын хад цохионоос нь ч, хутагтынх нь өвөөс ч, адууных ташаанаас ч олдож байна. Олдоно, олдоно, олдоно, юу ч олдоно Монголоос!!!
Энэ өгүүлэл “Үндэсний шуудан” сонинд хэвлэгдсэний маргааш С. Дулам эрдэмтэн утасдаж байна. Чингээд давхар гурвалжны монгол утгийг утсаар над тайлбарлаад, өөрийнх нь “Дүрсийн бэлгэдэл зүй” номонд тэр тухайд бийг хэллээ. Би ч дор нь Үндэсний номын санруу харайлгав. Уг номыг авч үзлээ. Гэвч Дуламын утсаар над тайлбарласанаас огтын ондоо тайлал нь над маш сонин содон санагдлаа. Түүний бичсэн нь, “Гурван биеийн нэгдмэл цогцын цорын гагц зүй ёсны бүхүй тайлбар бол бэлхүүсний /магадгүй, бэлгэсийн -Г. А./ шүтлэгийн ерийн мэдлэг-хүмүүний ердийн хурьцлын хөдөлгөөн, даруй арга билиг хоёр чанараас хамтарч нэг л цогц болон гуравдахь этгээд буй болох…тэрчилэн гурван биеийн нэгдмэл болсон тус бие бие бол бас нэг зүйлийн баларлаг үеийн бэлгэдэл-бэлхүүсний бэлгэдэл мөн. Бодтой дурдвал эмэгтэй хүний бэлхүүсний үс ба эрэгтэй хүний бэлхүүсний үс бол доош хандсан ба дээш хандсан хоёр гурвалжин хэлбэртэй юм. Иймээс балар эртний олонхи үндэстэн цөм гурвалжнаар бэлгэдэл болгож, түүнийг шүтэн бахдаж байсан өнгөрөлтэй”/Монгол бэлгэдэл зүй. Дүрсийн бэлгэдэл зүй, дохио зангааны бэлгэдэл зүй/ гэжээ. Үүнээс үзвэл хүмүүсийн үүлэн борооны явдал үйлдэхэд эр эмийн бэлгэсийн үсний хоёр гурвалжин зөрж, давхар чойндон үүсгэдэг аж. Ямартай ч Дуламын хэлээд байгаа тэрхүү “баларлаг үеийн бэлгэдэл”-ийг уг хадан дээр дүрсэлсэн юм биш үү гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. Яагаад? Миний түрүүнд дурдсанаар, уг хадан дээр хүүхэд төрүүлж байгаа хоёр эмэгтэйг дүрсэлсэн байгаа юм. Яг тэдний хажууд тэрхүү зөрсөн хоёр гурвалжинг, Дуламын тодорхойлсноор давхар гурвалжин тамгийг сийлсэн ажээ. Хэдийгээр он цагийн хувьд эдгээр хоёр зураг зөрүүтэй ч чухам яагаад төрж байгаа эмэгтэйн дэргэд зөрмөл гурвалжинг нэмж сийлэв гэдгийг бодууштай.
Хүрэл зэвсгийн үе нь манай эриний өмнөх 4 дэх мянганаас 1 дэх мянганы эхэн хүртлэх үеийг хамрана. Чингэхлээр манай Маген Давид-ийг хүрлийн хожуу үед сийлсэн гэхээр манай тооллын өмнөх нэгдэх мянганаас өмнө манай Говийн хадан дээр зурсан байж таарах нь ээ! Судлаач Ч. Болдбаатар цохохдоо “Хамгийн эртний олдвор /зургаан хошууны/ бол Сидон хотоос олдсон манай эриний өмнө 7-р зууны үед хамаарах Йошуа бен Асаяху гэгч хүнийх байв” гэжээ. 7-р зуун бол төмөр зэвсгийн гэгддэг үе. Иймд манай давхар гурвалжин буюу зөрмөл гурвалжин Европ зүгийн Маген Давидаас олон зуунаар, магадгүй мянганаар түрүүлж байж мэдэх аж. Чингэхлээр!?…
Одоо дэлхийг “хавтгай” гэж мэргэд дүгнэх гээд байна л даа. Дэлхий маань бүүр тэр үед “хавтгай” байсан юм биш үү?!
Хатагин Го. Аким