-Та “Цагаан бороо” романаа ядаж 10 жилийн өмнө биччихгүй, яагаад өдий хүргэсэн юм бэ. Тэгсэн бол монголчууд өөрийгөө эрт таньж, нийгэм сэрэх байсан биш үү?
- Арав байтугай 20, 30 жилийн өмнө ч бичих санаа байсан. Гэхдээ тэр үед бичсэн бол хүний сэтгэлд хүрэхээргүй, зүгээр л долоон сайн эрийн тухай аар саархан, бараг л шар сонины түвшний юм биччих байсан байх. Бас бус олон шалтгаан бий.
-Яагаад?
- Судалгааны ч, туурвилзүйн ч, амьдралын ч туршлага дутуу байв. Ер нь хүүрнэл зохиолд, ялангуяа романд нэг зүйл их хэрэгтэй байдаг юм байна. Тэр нь хүнийг, амьдралын зовлон жаргалыг зохих хэмжээгээр танин мэдсэн, туулсан, алдаж оносон зүрх сэтгэлийн туршлага юм. Тийм туршлага байхгүй бол хоосон хуурай болчих, дүрүүд нь амьгүй гөлийчих гээд байх тал байна. Хоосон хуурай бол хэрхэн яаж хүний зүрх сэтгэлд хүрч чадах билээ дээ.
- Тэгвэл туурвилзүйн туршлагын хувьд...?
- Өмнө нь “Аугаа эрин: Хөх илдний очис” романаа биччихээд уншигчдын хүлээн авч байгаа хандлагыг нэлээн анзаарсан л даа. Би нэг зүйлд алдсанаа харсан. Бичлэг уран байх, нягт байх, бас мэдээнийх шиг лидтэй, гэхдээ бүр асуултан лидтэй байх ёстой юм байна гэж. Дээрх шаардлагуудыг хангаж бичих гэсэн оролдлого туршилт хийсэн маань энэ. Үр дүн санасныг бодоход илүү болчихов уу даа гэж бодогдож сууна.
Бичлэгтээ аман хуучийн үндсэн арга хэлбэрийг ашигласан. Ер нь хууч яриаг сонирхон сонсдоггүй хүн ховор. Тэр хууч яриаг хэрхэн яаж хэлхэн боловсруулах вэ гэдэг чухал. Хууч ярианы нэг хэв шинж байдаг. Тэр нь яг амин сүнсийг нь олж өгүүлдэг. Бас маш нягт. Мөн нэг үндсэн шугамаар явдаггүй, түүндээ хамаатай бүхнийг хамж чимж, ер бусын урнаар баяжуулдаг. Тэр л уламжлалыг нэлээн ашигласан.
БИДЭНД МАРКЕСААС ИЛҮҮ Ч ТАЛ БАЙНА, СУЛ Ч ТАЛ БАЙНА
-Г.Маркес энэ хууч яриаг боловсруулаад “Шидэт реализм” гэсэн утга зохиолын шинэ урсгал болтол хөгжүүлсэн хүн шүү дээ?
-Тэгсэн. Мань хүний “Зуун жилийн ганцаардал” бол ерөнхийдөө эмээгийнх нь ярьдаг байсан хууч дээр л тулж боссон юм билээ. Урсула бол эмээ нь. Маш сайн боловсруулж чадсанд гол учир байгаа юм. Бидэнд Маркесаас илүү ч тал байна, сул ч тал байна.
-Тухайлбал...?
-Илүү тал нь бидэнд асар баялаг түүхий эд байгаа юм. Яагаад гэвэл Колумб гэдэг улс Дундад зууны газарзүйн их нээлтийн үрээр бий болсон, түүх, өв уламжлал, соёлын хувьд биднийхтэй харьцуулах юмгүй бага. Харин бидэнд хэдэн мянган жилийн өв соёл, түүх уламжлал, аман хууч байгаа юм. Нэн арвин юм бий. Зүйрлүүлж хэлбэл Г. Маркест 300-400 ширхэг үхрийн шир байгаа бол бидэнд 3000 үхрийн шир байна гэсэн үг. Уран бүтээлчдийн хувьд маш баялаг түүхий эд болно. Энэ илүү тал нь.
Харин бидний сул тал бол тэр сайхан түүхий эд баялгаа гүйцэд боловсруулж, нэмүү өртөг шингээж, дэлхийд гаргаж чаддаггүй, тийм ур чадвар дутаад байгаа. Ядаж л тэвчээр дутаж байна. Маркес “100 жилийн ганцаардал”-аа хоёр жил нухаж, харин мань мэт бол нэг романаа дөрвөн сар л нухаж байгаа юм. Харин “Цагаан бороо”-г бичиж байхдаа хэрэв уйгагүй, ядаж бүтэн нухаж чадвал хангалттай түвшинд боловсруулж болох юм байна гэсэн бат итгэл төрсөн. Бидэнд тийм түүхий эд нь байгаа бол нөөц нь бас бий гэсэн үг. Гагцхүү хичээл, зүтгэл, тэвчээр, бас урам зориг хэрэгтэй.
-Таны бичлэгт зөвхөн аман хууч төдийгүй бас баримт нотолгоо, уран зохиолын нарийн ширийн дүрслэл, идлэг шидлэг байдал, бүр эссэний бичлэг ч байх шиг санагдсан?
-Чи айхтар анзаарч. Бүр зарим газарт нийтлэлийн бичлэг ч бий. Өөрөөр хэлбэл, нэлээн олон төрлийн бичлэгийн хэлбэр хольж бичиж үзсэн. Магад уншигчдад хүрч байгаагийн нэг тал энэ байх. Ер нь энэ зуунд уран зохиолд хоёр хэв шинж онцгой ялгарч байх шиг. Нэг нь бүр их хийсвэр фантаз, яг л Харри Поттер, эсвэл “Хаан Ширээний тоглоом” шиг. Эсвэл илүү натур, илүү амьдралд ойр. Гэхдээ бүр баримтат-уран сайхны хэв шинж. Би хоёр дахийг нь сонгосон.
БИДНИЙ ХХ ЗУУНЫ ТҮҮХ БҮХЭЛДЭЭ ХЯТАДЫН САВРААС САЛАХ ГЭСЭН ИЛ ДАЛД ХАТУУ ШИРҮҮН ТЭМЦЛИЙН ТҮҮХ Л БАЙСАН
- Түүнээс гадна бас өгүүлэмж, дүр гэж нэг айхтар юм байна аа?
- Тийм ээ, өгүүлэмж дүр чухал. Долоон хөх чоно, ялангуяа Цоохор Ананд, Занаг Базар, Гоорин Даш гэх мэт дүрүүд хүмүүст хүрсэн бололтой. Нэг уншигч маань гудамжинд нэг хүнийг хараад “Занаг Базар гэж ийм л хүн байсан байх даа” гээд удаан зогссон гэсэн. Занаг сэтгэлд нь хүрсэн болоод л тэр. Гэхдээ би зарим дүрээ дутуу гаргасан байна билээ, эргээд харж байхад.
- Тэгж үү, тухайлбал ямар дүрүүд?
- Гоо Лувсан бол уг нь их өвөрмөц, энэ ертөнцийн бус юм шиг хачин хүн юм. Нэг тийм, энэ ертөнцийн явдлыг огт тоодоггүй, анзаардаг ч үгүй, юуг ч сонирхдоггүй мэт, тэгээд лимбээ үлээгээд л, аялгуунд нь уусаад л алсыг ширтээд сууж байдаг. Түүнд яг л эрвээхий мэт шавж эргэлдэж буй хүүхнүүдийг бол бүр тоохгүй, бараг л хялайж харахгүй. Бодол сэтгэл нь чинад ертөнцийнх мэт. Гэхдээ тэр чинад ертөнц их ойрхон, нэг тийм өөр шиг нь ер бусын хүний тухай ч байсан байж болно. Тэгээд тийм хүн яагаад сайн эр болчихов гэхээр, ямар нэгэн ухамсаргүйгээр, тэр дотоод хүч чадлаа тэр бурангуй цаг үед гаргах ганц гарц, талбар нь тэр л байж... Тийм хүний дүрийг их дутуу гаргасандаа харамссан. Бас Хялуу Сүх бол ээ дээ, тун өөр хүн юм. Энэ зуурдын хорвоогийн хуран үймээнээс залхсан, хоосон чанарт дөхсөн мэт их гүн хүн. Тэр хоёрын энэ гүн мөн чанарыг дутуу гаргаснаа хэвлүүлснийхээ дараа харсан. Гээд яахав, хожим үргэлжлэл дээр нь засах арга хайна даа.
-Бас уншигчдыг дагуулж байгаа нэг хүчирхэг хүчин зүйл бол үзэл санаа байна шүү...?
-Тийм, яах аргагүй үзэл санаа. Монголчууд бидний ХХ зууны түүх бол бүхэлдээ Хятадын савраас салах гэсэн ил далд хатуу ширүүн тэмцлийн түүх л байсан. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1932 оны бослого үймээн, 1937 оны хядлага, 1939 оны Халх голын дайн, 1945 оны тусгаар тогтнолын төлөөх Бүх ард түмний санал асуулга, 1961 онд НҮБ-д элссэн үйл явдал, 1970-аад оны эрчимтэй хөгжил, 1990 оны ардчилсан хувьсгал гээд бүхэлдээ Хятадаас ангижрах гэсэн, заримдаа төөрч будилсан, арга ядсан тэмцлүүд л үргэлжилж ирсэн байдаг. Түүнийг бид тэр бүр мэддэггүй. Гэвч дотуураа зөнгөөрөө түгшиж мэдрээд байдаг. Тэр зүйлд нь хүрч чадсаных болов уу?
1990 он гарч, Монголд байсан Оросын нөлөө сулрах хэрээр өмнөд хөрш нөлөөллөө бүхий л хүрээнд нэн лавхан, гэхдээ сэмээрхнээр нэн баттай шургуулчихсан. Бид түүнийг анзаардаггүй, өөр хоорондоо тэмцэлдээд л, учиргүй их хүний эрх, даяарчлал, эдийн засаг яриад л, нэг их цэцэрхээд л гүйцгээгээд байх. Гэтэл үнэн хэрэгтээ эргээд 100 гаруй жилийн өмнө Хятадын өрийн тор, үзэл санааны торонд орчихсонтойгоо адил нөхцөл байдал руу аажмаар сэмхэн, эргэлт буцалтгүй мэт гулгасаар л байсан шүү дээ.
Магадгүй "Цагаан бороо"-г 10 жилийн өмнө бичсэн бол өнөөдрийнх шиг хурцаар хүлээж авах ч үгүй байсан байх. Тэр үед асуудал хараахан хоолойд нь тулчихаагүй байсан учир хүмүүс өнөөдрийнх шиг хурц эмзэг хүлээж авахгүй байсан болов уу. Байдал хүндрэх хэмжээгээр олон түмэн нэг юм болохгүй байна гэдгийг дотуураа мэдэрч бухимдаад байгаа юм. Бухимдаж байгаа тэр сэдэв, энэ цаг үетэй нь “Цагаан бороо” давхацсан байх. Аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай шүү дээ.
-Өөрийгөө таньсан ард түмэн хүчтэй гэдэг. Монголчууд үзэл сурталжсан, намчирхсан түүхээр нэг үеийг туулсан.Сүүлийн үед түүхээ задлан шинжлэх, бодит байдал руу өнгийх, би хэн бэ гэдгээ таних гэж тэмүүлэх болсон энэ мэдрэмж танд ирсэн гэсэн үг үү?
-Яах аргагүй энэ цаг үе нь Монголын ард түмнийг өөрсдийгөө таньж мэд, онцлог, сэтгэлгээ, ахуй, ёс заншил, дотоод ертөнцөө танин мэд хэмээн шахаж шаардаж эхэлсэн. Нүдэнд харагдахгүйгээр бүхнийг сэмхэн хаман одож буй мэдээлэл, технологийн дэвшил, харилцаа холбоо, соёлын интервенцээр хөллөсөн даяаршлын хүчирхэг давалгаан нь ганц биднийг ч биш, ерөөс дэлхийн бүхий л үндэстнүүдийн орших уу, эс орших уу гэдэгт хутга тулгачихсан. Өнөөгийн дэлхий ертөнцийн, ойрын ирээдүйн зөрчил бол иргэншлүүдийн мөргөлдөөн гэхээс илүүгээр даяаршил хийгээд үндэстнүүдийн өөрийнхөөрөө байх гэсэн дотоод тэмүүлэл хоёрын халз тулаан. Энэ даяаршилд том үндэстнүүд хожиж, жижгүүд нь залгигдах аюул бодитой болчихсон. Бид болохоор хоёр дахь хэсэгт нь орно. Даяарчлал нь өнгө өнгөөр ялгаран тунарч байх ёстой үндэстний үнэт зүйлсийг нэгтгэн нэгэн бохир тогоонд хутган, хаос байдлыг бий болгодог. Энэ нь тэр тогоонд орсон аль их орцтойдоо бага орцтой нь уусан замхрах аюулыг ямагт дагуулж буй. Өөрөөр хэлбэл, манайх шиг үндэстний хувьд тэр тогоонд орох хэмжээгээр сүйрэх аюултай.
Ингээд ирэхээр тухайн үндэстэн өөрийн эрхгүй дотоод сэтгэлгээ, мэдрэмжээрээ нэгдэх, сэрэх гэсэн тэр мэдрэхүй хүчтэй болдог байж магадгүй. Тиймээс “Цагаан бороо” романд үндэсний нэгдлийн үзэл санаа нэлээн хүчтэй туссан. Энэ нь ч олон хүний хүлээлтэд нийцсэн байж болно.
-Ингэхэд яагаад заавал үндэстэн өөрийнхөө мөн чанараар орших ёстой гэж? Манай орчин цагийн сэхээтнүүд бол асуудлыг өөрөөр хараад байгаа шүү дээ?
-Хэрэв бид үндэстэн улс гэж буй юм бол өөрийн онцлог ахуйгаасаа ургасан мөн чанар нь манай суурь болно. Хөлд тулгуур хэрэгтэй. Тэр тулгуур өөрийнх байх ёстой. Либерал онолчдын үздэг гол төөрөгдөл нь хүн бүр адил, үндэстэн бүр ч адил гэдэг үзэл юм. Миний үзэхээр хүн бүр адилгүй, үндэстэн бүр ч адилгүй. Сэтгэлгээ, хандлага өөр байгаа тохиолдолд яг нэг загвар нэгэнд нь тохирч, сайн үр нөлөө өгч байхад нөгөөд нь эсрэгээрээ байна. Хоёр улс байтугай нэг улсын зэргэлдээ хоёр мужид ч эсрэг нөлөө өгөх нь бий. Тэр нь ялгаатай ахуй, ялгаатай соёлыг бий болгосон гэдэг асуудлаас шалтгаалж байгаа. Ялгаатай соёлууд гэдэг нь ертөнцийг танин мэдсэн өөрийн гэсэн танин мэдэхүй, ухамсаруудаас өөр юм биш. Тэр нь гүн ухаан, зан заншил, сэтгэлгээ, үзэл хандлага, хорио цээр, үнэт зүйлсийн эрэмбэ, зан суртахуун, сэтгэлзүйн төлөв байдал гээд маш олон хэлбэрээр илэрч байдаг. Ийм өргөн цар хүрээтэй, суурь нөлөөтэй зүйлийг анзаардаггүйгээс өнөөгийн энэ бэрхшээлт нөхцөл байдал үүсчээ. Асуудал энд л байгаа юм. Өөрөөр хэлбэл, романд энэ суурь асуудлыг хөндсөн гэсэн үг.
-Бидний яриа зөвхөн урлаг, уран зохиолын асуудал биш, улс төр, бүр үндэстний оршихуйн тухай асуудал руу орчихлоо...?
- Тэглээ, тэгэхээс аргагүй. Урлаг, уран зохиол нь ямар нэгэн хэмжээгээр цаг үеийнхээ ч, үндэстний оюун санааныхаа ч тусгал болж байдаг учир аргагүй байх.
ГЕОПОЛИТИКИЙН ХҮЧТЭЙ, ХУРДТАЙ ӨРСӨЛДӨӨН ДУНД МОНГОЛЧУУД ГЭНЭН ХОНГОР БАЙЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ
-Орчин цагийн урлаг уран зохиолд ямар нэгэн тогтож хэвшсэн ойлголтуудыг эсэргүүцэх, хэв загварыг үгүй хийх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлийг үгүй хийх нь жинхэнэ урлагийн мөн чанар, нийгэмтэй, ялангуяа улс төртэй ойртох нь утгагүй явдал гэж үзэж байгаа шүү дээ. Гэтэл та бүр шал эсрэг юм яриад байна?
-Наадах чинь барууны огт өөр орчин нөхцөл, соёлын дундаас соёолж бий болсон үзэл хандлага. Бидэнд таарах ч юм байна, таарахгүй ч юм байна.Бид өөрсдийгөө Европын орнууд, Орос, Хятад, АНУ, Солонгос зэрэг улс орнуудтай адилтгах аргагүй. Хүн ам цөөн, эдийн засгийн нөхцөл байдал өөр. Геополитикийн хувьд маш ноцтой эмзэг огтлолцол зөрлөг дээр байдаг том атлаа жижигхэн улс. Цагтаа энэ хоёр гүрнийг бид босгож л явсан, ядарсан үедээ тэдэндээ мэрүүлсээр голдоо жаахан юмтай л үлдсэн. Нэг талаас нь харахад хоёр хөршөөрөө маш сайн хамгаалагч бамбай болгож чадсан, гэвч энэ хоёр хэт томорвол идүүлж мэдэх эрсдэл ихтэй. Ялангуяа урд хөршид. Тэгэхээр биднийг юу аврах вэ, батлан хамгаалах вэ гэхээр зэр зэвсэг биш, НҮБ, АНУ ч биш, ердөө бидний дотоод хүч, нөөц бололцоо юм. Тэр нь үндэсний ухамсар сэргэх. Түүнийг өв соёл, түүх сэргээдэг. Түүнээ алдчихвал ой санамжгүйтэй адил. Ой санамжгүй хүн ямар байдаг вэ гэхээр хүүхэд шиг л байна. Эсвэл зөнөг хөгшин болно. Хүүхэд яагаад гэнэн байдаг вэ гэхээр ой санамж бага, зөнөсөн хөгшин нь болохоор ой санамжаа мартаад тэр. Зөвхөн нэр л үлдэнэ. Өөрийн гэсэн үнэт чанаргүй болчихвол тухайн үндэстнийг өөрийн болгоход алга урвуулахын л адил хялбархан. Ийм аюул бий юу, үнэхээр бодитой юу гэвэл үнэхээр тийм. Харамсалтай нь бид тэр бүр үүнийг мэдэрдэггүй, ахуйн аар саарханд сатаарч, эсвэл элдэв гаднын онолд төөрөлдөж яваа. Эрх ашиг гэдэг юм мөнхийн байдаг гэдгийг мартаж болохгүй. Энхтайван бол тэр мөнхийн эрх ашгийг тодорхой хугацаагаар л хазаарладаг төдий зүйл шүү дээ. Ийм нөхцөлд, ялангуяа энэ том геополитикийн хүчтэй, хурдтай өрсөлдөөн дунд монголчууд гэнэн хонгор байж хэрхэвч болохгүй. Ийм нэг бачимдал бухимдлаа би номдоо шингээх гэж оролдсон. Хүмүүст тэр бухимдал маань сонсогдсон бололтой юм билээ.
-Тэгэхээр... та Монголын нөхцөл байдал өөр учир манай уран бүтээлчид заавал дэлхий нийтээр дагаж буй постмодерн онолд баригдах ёсгүй гэж хэлэх гээд байна аа даа?
-Тэндээс авах ч юм бий, авахгүй ч юм бий. Бид шүүлтүүртэй хандах ёстой юм. Нэгдүгээрт, угаасаа нийгмийн хөгжлийн явц дунд ямар нэгэн үзэл баримтлал удаан орших боломжгүй юм. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж. Нөхцөл байдал ихээхэн хурдацтай өөрчлөгдөж байна. Хоёрдугаарт, угаас манайх өвөрмөц онцлогтой гэдгийг дээр хангалттай хэлсэн. Ийм нөхцөлд манай урлагийнхан, уран зохиолчдоос арай өргөн хүрээнд асуудлыг харж байхыг шаардагддаг.
Зургаа долоон жилийн өмнө “Уран зохиолчид оо, сайхан зүүднээсээ сэрцгээ” гэж би бичиж байсан даа. “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдрах юмсандаа” гэж уянгалахынхаа хажуугаар тэр зүлгээ бүрэн бүтэн байлгах тал дээр анхаарахгүй бол болохгүй болчихсон л цаг үе шүү дээ. Эх орон нь байхгүй болчихвол хулганын нүхэнд очиж тэр шүлгээ унших юм уу, хад чулуунд очиж хашгирах юм уу? Нөхцөл байдлаа олж харахгүй бол боломжгүй. Монголын уран бүтээлчдийн хувьд давхар бодолтой, давхар ачаатай явахыг цаг үе, нөхцөл байдал бүр цаанаас шаарддаг.
ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ ТҮҮХ БОЛ БОДИТ ЮМ. ХАРИН Ч БИ ЗҮРХ ХАЛИРААД ЗАРИМЫГ НЬ ДУТУУ БИЧСЭН
-“Цагаан бороо”-д бодит түүх, түүхэн хүмүүсийг гаргахдаа шатар нүүж байгаа юм шиг өрж бичжээ гэж бодогдсон. Ямар ч хэтрүүлэггүй үнэн биз дээ?
-Уран сайхны нэмэлт бол байлгүй яах вэ. Засагт ханы долоон хөх эр байсан гэх бүдэг бадаг сураг байдаг. Тэндээс би тавыг нь олсон, хоёрыг нь нэмчихсэн юм. Сүүлд ном гарсны дараа хүмүүстэй уулзаж явахад ганц нэг хүний хоч нэрийг сольсон гэх мэт зүйл байна билээ. Ер нь бодитой болсон үйл явдлууд л даа.
-Романы бүтэц бас уламжлалт биш шиг санагдсан?
-Магадгүй. Эхний бүлэгт тухайн цаг үеийн нийгмийн байдлыг харуулахын тулд нэлээн задгай чөлөөтэй маягаар асгаж бичсэн. Романы үндсэн үйл явдалтай холбоогүй мэт боловч цаад нийгмийн нөхцөл байдал, суурь мөн чанарыг гаргахад зайлшгүй хэрэгтэй, тухайлбал Буурал бүсгүй, “Явган” Бадгаа, “Нүцгэн” Ядмаа хоёрын түүх гэх мэтийг.... Буурал бүсгүйн хоёр жил тэмцэж явж олж авчирсан таван настай охин Цагаандайгаас гарсан дунд хүү болох Халтар Том ахынхтай 1980-аад оны сүүлчээр айл саахалт хоёр жил өвөлжсөн юм. Түүний дүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, домогт нэгдлийн дарга О.Ядамхүү гэдэг эрхэм хүний удирдлагад дөрвөн жил гаруй ажилласан. Буурал чавганцын уг нэр нь Чилхаажав, насны сүүлд буурал үстэй болсон, түүгээрээ нэршсэн. Их нэхэл хатуутай хүн байсан юм гэнэ лээ, ганцаараа яваад охиноо олоод ирсэн. Хилээс цааш хэдэн зуун км газар, тэр үе одоотой адилгүй зам харилцаа гэж байгаагүй, айл амьтан цөөн, дээрэм тонуул, чоно нохой ихтэй. Алхам тутамд амь эрсдэх аюул тулгарч байхад охиноо гэсэн сэтгэлээр зүтгэж, тэмцэж яваад олж аваад эргээд ирж байгаа тэр хүний үр удам үнэхээр чанга хатуу, зорьсондоо хүрдэг цөлх хүмүүс байх нь аргагүй.
“Цоохор” Анандын уг нэр нь “Цоохор” Бат юм. Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг Олонбулаг багаас аймаг руу явдаг Тавантолгой гэдэг замаар гарч Загийн шанаа гэдэг газар түүнийг хятадууд амьдаар нь шатаачихсан юм гэнэ билээ. Тэр газраар явж байхдаа аав нэг удаа надад заагаад ярьж байсан, сэтгэлд тэр чигтээ хадагдаад үлдсэн байгаа юм. Одоо ч түүгээр явахад сэтгэл эмзэглэдэг. Манай өвөг дээдэс тэдгээр Долоон хөх чонотой ямар нэгэн учраар холбоотой байж, тиймээс тэр үйл явдлыг сайн мэддэг, арвин баялаг хууч яриагаа үлдээснээс санаж байгаа хэмжээгээр л бичсэн.
-Эхлээд уншигчдын сэтгэгдэл давалгаалсан. Одоо Хятадын сөрөг талыг дөвийлгөгч гэх шүүмжлэлийн аадар таны зүг чиглэж байна?
-Хятадтай холбоотой түүх бол бодит юм, би зохиогоогүй л дээ. Бодит байдлыг л бичсэн. Заримдаа бодит байдал хүний эгдүүг хүргэх нь байдаг. Түүнийх л биз.
-Ганц хятадууд ч биш цагаанууд ч бас харгис хэрцгий байсан. Гэтэл хятадуудыг онцолдог нь ямар учиртай вэ?
-Тийм, цагаанууд ер дутахгүй л дээ. Саяхан, ХХ зуунд АНУ-ын нэг кланыхан хар хүмүүсийг амьдаар нь шатаагаад тойрч бүжиг хийж л байсан шүү дээ. Өмнөх түүхэнд ч барууны иргэншил дотор хүн хүнээ иддэг Канибализм амь бөхтэй байсан. Гэхдээ өнөөгийн барууны соёл иргэншил гэдэг нь тэр мэт хачин муухай юмыг туулан гарч чадсан, илүү сэхээрсэн соёл иргэншил юм шүү дээ. Харин хятад энэ цаг үед тэр мэтээ туулан гарч чадсан гэдэгт би итгэхгүй байгаа, итгэхгүй байх үндэслэл хангалттай байна.
Нөгөө талаар Баруун гэхээс илүүтэй хятадууд бидэнд хамаатай, яагаад гэвэл бидний хувь заяанд илүү ойр учраас барууныхныг биш хятадыг онцлоод байгаа юм. Бас яах аргагүй “Цагаан бороо” романы үйл явдалд буюу тэрхүү түүхэн үйл явдалд чинь орос, франц, америкууд оролцоогүй хятад хүмүүс л оролцсон юм шүү дээ. Тэгэхээр би Хятадын тухай л бичиж таарна аа даа. Хэрвээ ямар нэгэн шүүмжлэл байгаа бол тэр зүгээр л хувь хүний субьектив хандлагаас өөр юу ч биш.
Ер нь олон дотор сайн, муу хүн байдаг. Монголчууд ч адил. Гэхдээ монгол болон хятад хоорондын сэтгэлгээ, мөн чанарын маш том ялгааг товчхон тодорхойлдог. Монгол хүн билэг мөн чанарт итгэдэг. Билэг мөн чанар гэдэг нь хорвоо ертөнцийн нүдэнд үл харагдах далд учир шалтгааны учир зүйн холбоос юм. Тиймээс монголчууд тэнгэрт шүтдэг, тэнгэрт итгэдэг, тэнгэрт залбирдаг. Өөрсдийгөө тэнгэрээс хамааралтай гэж үздэг. Энэ өөрөө монгол гүн ухаан, ахуйд суусан онцгой чанар. Гэтэл хятад хүн материаллаг зүйлд илүү ач холбогдол өгдөг. Хятад хүн өөрийгөө газар лустай гэж үздэг. Газар нь аргыг илэрхийлдэг. Арга ухаандаа илүү гарамгай дадамгай. Газар өөрөө баялаг. Тиймээс манай хоёр үндэстэн эвсэлдэж нийлэх аргагүй “Тэнгэр, газар шиг ялгаатай”.
Гэхдээ үеийн үед Хятадын дотоод ухамсар наашаа ямагт өлөн нүдээр л харж байсан шүү дээ, энэ бодит байдал. Энэ үнэнийг хэлэхээр яагаад Хятадыг үзэн ядсан болдог юм бэ? Бид энэ цаг үед бодит байдлаа сайтар мэддэг, бас өнгөрсөн гашуунаа эргэн санадаг, бас дотроо бодолтой л байх ёстой юм. Энэ нь өш санах биш, илүү ухааран дэвших тухай яриа юм. Гэнэн хонгоруудад ямар нэгэн олигтой ултай яриа, сэтгэлгээ байх боломж байдаггүй. Тэр хэрээрээ ирээдүй ч байдаггүй юм.
БАЯЛАГ АМАН ХУУЧ ДОТОР ХӨЛБӨРЧ ӨССӨН ХҮН ЗОХИОЛЧ БОЛОХГҮЙ ӨӨР ЯАХ БИЛЭЭ
-"Цагаан бороо" романд хятадууд монгол хүнийг санаанд багтамгүй муухайгаар дарлаж, яргалж буй тухай бичсэнд зарим нь дургүйцэж байна?
-Тэр хэтрүүлэг биш. Харин ч би зүрх халираад заримыг нь дутуу бичсэн. Гүйцээж бичвэл бүр хачин юмс их бий. Одоо би Юань гүрний төгсгөл үед монголчууд Хятадаас хөөгдөн гарч буй тухай нэгэн түүхэн роман бичиж байгаа.Тэнд бүр аймаар юмс бий. Эх нутаг руугаа буцан нүүж явсан хэдэн мянган монголчууд Хятадын улаан алчууртны босогчидтой тулгарч ялагдахад долоон наснаас дээшх эр хүйстэй бүхнийг нь алж, түүнээс доошхийг нь засаж, эмсийг нь хүчирхийлээд дараа нь алж, үлдсэнийг нь боол болгон авч явсан байдаг. Нөгөө талд Юань гүрний монголчууд ч хятадуудыг ихэд дарлаж, зовоож байсан.Бүр нэг иргэн хүнээс ирээдүйд төлөх учиртай 120 жилийнх нь татварыг урьдчилаад авчихсан тохиолдол ч түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн.Хятад оронд кастын систем бий болгож, хамгийн адагт нь хятад үндэстнийг оруулсан гэх мэт зүйлс бас бий.Түүний ч өш хонзон биз.Гэхдээ тэд өш хонзонгоо илүү харгис хэрцгий, хорон авдаг түүх бий. 1880-аад онд Умард Хятадад гарсан Ихэтуаны бослогын хөлд Өвөрмонголын Зуу Уд орчмын 150 мянган монгол иргэн хядуулсан аймаар түүх бий. Жирэмсэн эхийн ургийг гарган нүүрийг нь бүтээж, эр хүүхдийг засаад хэсэг байлгасны дараа алж, тархи руу нь гадас хадаас шааж алсан гэх мэт.Мөн саяхан 1960-аад онд болсон Соёлын довтолгооны үеэр хэдэн арван мянган өвөрмонголчуудыг хүний санаанд багтамгүй тамлан алсан явдал ч бий. Санаанд багтах ч аманд багтамгүй тийм тамлал, хэрцгийлэл.Манайх манж, хятад, төвдийн нөлөөнд хоёр зуу гаран жил болж, тэгэхдээ бас тэдний энэ бурангуй харгис соёл манайд орж ирж байсныг нотлох зүйл 1930-аад оны дүрвэлт, бослого зэрэг хэрэг явдлуудаас маш тодорхой илэрдэг.Монгол хүн нэгнийхээ зүрхийг сугалах, арьсыг нь хуулах, шөрмөсийг нь сугалах, шатаах, хуйхыг нь хуулж, аманд нь чихэх гэх мэт.Энэ мэтчилэн хятадуудын харгис хэрцгийн тухай бичвэл далай шиг юм гарна. Одоо ч муур, нохойг торонд хийж байгаад гаднаас нь амьдаар нь хуйхалчихдаг, могой хулганыг буцалж буй усанд хийгээд халбагаар дарж байгаад чанадаг гэх мэт хачин балай бичлэгүүдээ ид хав болгон интернэтэд цацаж л байдаг. Би гүтгээгүй шүү. Бодит байдал тэр юм. Ер нь тэгээд ганц би бичсэн юм биш. Хятадын түүх сударт ч зөндөө бий. Японы Хидэхиро Окада гэдэг судлаач "Хэцүүхэн Хятад хөрш" хэмээх номдоо бичсэн байдаг. Нобелийн шагнал авсан Хятадын зохиолч Мо Ян "Дарсны орон" хэмээх зохиолдоо тун тодорхой, бүр нүдэнд харагдтал бичсэн дээ.Түүнийг манайхан уншчих хэрэгтэй.Өглөө үүрээр хөхүүл хүүгээ эхийнх нь мөөмийг хөхүүлж аваад гарч буй эцгийн тухай. Арчиж арчиж, угааж угааж аваад.Биед нь ямар нэгэн хөх толбо гарчих вий гэж их болгоомжилно. Яах гэж тэр вэ, зоогонд зориулж худалдахаар авч яваа учраас тэр. Энэ зохиол нь эзэндээ Нобелийн шагнал авчирсан байх шүү. "Цусаа худалдсан тэмдэглэл"-ийг ч бас уншчихад гэмгүй.Хэн нэгэн биш хятад хүн өөрөө бичсэн шүү дээ.
-Эцэст нь романаа хар, бор, саарал биш “Цагаан бороо” гэж нэрлэснээр таны санаа ч, уншигчдад өгөх гэсэн өгөгдөл ч тайлагдаж байх шиг, тайлбар илүүц юм даа?
-Манай баруун Алтайнхан хачин сонин амьдрал туулсан, үзээгүй юмгүй баялаг түүхтэй. Олон зохиолч төрсөн шалтгааны нэг тэр байх. Баялаг аман хууч дотор хөлбөрч өссөн хүн зохиолч болохгүй өөр яах билээ. Тэдгээр түүхийг эргэн сайтар ухаж үзэхэд өвгөд дээдэс маань хатаагдсан болд шиг байхаас аргагүй юм гэсэн бодол төрдөг. Хүнд хэцүүг туулж давж, тэр хэрээр хатаагдаж, илүү энэрэнгүй уужуу болж төлөвшсөн байдаг юм билээ. Тэгж хатаагдаж чадахгүй бол өш хонзондоо өөрөө өөрийгөө шатаагаад л дуусдаг юм байна. Тиймээс зүгээр нэг хатаагдах биш, илүү өр зөөлөн хүнлэг болж хатаагддаг юм байна. Тэр өр зөөлөн хүнлэг болж хатаагдахыг сэтгэлд “Цагаан бороо зүсрэх” гэж хэлээд байгаа хэрэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 14, 15 (6745, 6746)Зохиолчтой хийсэн ярилцлага
Б.Номинчимэд: “Цагаан бороо”-г 10 жилийн өмнө бичсэн бол өнөөдрийнх шиг хүлээж авахгүй байсан
Ч.ҮЛ-ОЛДОХ
Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийг “Трэнд зочин”-оор урьж, нийгэмд давалгаа үүсгэсэн “Цагаан бороо” романы эргэн тойронд ярилцлаа.