Сайтар билгийн сахиус
Зохиолч, яруу найрагч, орчуулагч, сэтгүүлч гээд олон тодотгол зүүж болох ч түүний нэрийн өмнө Авралын сахиус хэмээх төгс төгөлдөр утга бүхий Сүрэнжав гэдэг овог нь байхад л хангалттай. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав хэмээх онгод, авьяас нь халгиж цалгисан гайхамшигтай найрагчийн ууган охин болж төрсөн нь түүний ирээдүйн амьдрал, ажил мэргэжлийг тэр чигт нь зурж, чиглүүлээд өгчихсөн мэт санагддаг. Аавынхаа авьяас билгийг ааш араншинтай нь өвлөн авсан болохоор уран бүтээлчийн замаар явахаас өөр яах билээ гэж ч бодогдоно. Ш.Сүрэнжав найрагч тэртээ 1979 онд алс холын Москвагаас охиндоо зориулан
Онгодын минь гал цахилсан бамбар
Оргилолт булаг-сэтгэлийн минь уулгалал
Охин минь! гэргийн минь залуугийн зураг
Үйл хэргийн минь үргэлжлэл
Үнэндээ миний залуужсан сүнс
Чиний од
Чамайг ширтэж
Чанх дээр чинь гэрэлтэж байна хэмээн бичиж байжээ. Нэгэн цагт ийнхүү “Онгодын минь гал цахилсан бамбар, үйл хэргийн минь үргэлжлэл” хэмээн бахархан, өхөөрдөн бичиж байсан охиныхоо “Өдөр шиг шөнө” номын өмнөтгөлийг бичихдээ их найрагч бээр “Үлгэр, үнэн хоёрын завсар сэтгэл минь үүлгэртэвч зүрхэнд минь үл мэдэг аялгуу хангинасаар буйг мэдэрнэм. Энэ бол ямар нэгэн хөөр баярынх бүлгээ. Яагаад гэвэл үзэгний дороос ундрах үгийн шид надаар үл дууснам. Миний үйл хэргийн үргэлжлэл охин минь билээ гэх бодлын ариухан атлаа яруухан хөг дуурьсал эгшиглэнэм бүлгээ” хэмээн догдлол, бахархал дүүрэн бичээд
Охин минь
Холыг зорь
Холхыг мөрөөд!
Чиний од
Миний од хэмээн адистидласан байдаг.
Ийм л адис жанлавтай найрагч аавын охин уран бүтээлийн онгод, хийморь, олз омог дүүрэн явахаас аргагүй. Нэр алдар шигээ утга гүн, агуулга өргөн, сайтар билгийн сахиус мэт үгсийг аав нь түүний номд эрхшээн соёрхсон ажгуу. Эдүгээгээс 20 гаруй жилийн тэртээ Сүрэнжав найрагчийн шүншигт үгстэй хамт уншигчдын гар дээр тавьсан “Өдөр шиг шөнө” түүвэр нь тууж, өгүүллэгийн арваад ном, хоёр роман, орчуулгын мөн арав гаруй номыг араасаа дагуулжээ. Түүний бүтээлийн гурван боть түүвэр нь удахгүй хэвлэгдэнэ. Мөн олон жилийн хөдөлмөр шингээж орчуулсан япон ардын үлгэрүүдийг нь “Адмон” ХХК хэвлэхээр болоод байгаа аж.
Амьд домгуудын амилуулсан хит
Сүрэнжавын Хишигсүрэн хэмээх энэ нэрийг уншигчид анх “Үнэн”, “Өнөөдөр”, “Соёл-Эрдэнэ” зэрэг сонины хуудаснаас уншсан бол хожим “Эмзэг сэтгэлийн уянга”, “Өдөр шиг шөнө”, “Зуун горхины мэлмэрээ” зэрэг өгүүллэг, тууж, яруу найргийн номуудын хавтаснаас харж дахин танилцсан юм. Удалгүй Японы сонгодог яруу найраг, өгүүллэгийн олон орчуулгын дор Сүрэнжавын Хишигсүрэн гэсэн нэр олонтаа үзэгдэх болжээ. Эдүгээ түүний шүлгүүд Японы далайн эргийн өндөр зэрэглэлийн зочид буудлуудын хананд сийлээстэй байх нь олонтаа гэнэ. Хаданд ч юм уу, эсвэл хананд шүлгээ сийлүүлэх нэг хэрэг. Хүний сэтгэлд “сийлэх” аваас тэр мөнхийн бүтээл билээ. С.Хишигсүрэн найрагчийн шүлгүүд тийм хувь тохиолыг олсон нь нэг бус аж.
“Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайханы дуулсан “Хожуу хайр”, “Харанга” хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын “Зуу зуун жил чамайгаа хайрламаар байна” гэдэг хоёр дууг нэрлэхэд хангалттай.
Чи минь наддаа хүрээд ирсэн
Чин хүслээ бэлэглээд ирсэн
Харин тэгэхдээ хожимдож ирсэн
Хайрын дуутайгаа надад ирсэн
Хорвоод чамайгаа би чинь мартахгүй
Хайрынхаа дээдээр мөрөөдөж явъя даа
Холын хоёр дотно уулс шиг
Хоёр биенээ холоос харж явъя даа
Хайрлаж явъя даа...
Энэ бол эдүгээгээс 35 жилийн тэртээ 1988 онд зохиогдсон “Хожуу хайр” дуу. Удаахь дуу нь 20-иод жилийн өмнөх хит. Үг нь хүн бүрийн зүрхэнд бий.
Зуу зуун жил би чамайгаа хайрламаар байна
Зуу зуун би зөвхөн чамаараа хайрлуулмаар байна
Мянган мянган жил ганцхан чамайг энхрийлмээр байна
Мянга мянган жил оддын доор би чамайг хайрламаар байна...
Монголын рокийн амьд домог болсон энэ хоёр хамтлагийн аливаа тоглолтод дээрх хоёр дуу дуулагдахгүй өнгөрнө гэж үгүй. Фэнүүд нь ч энэ дуунуудыг сонсож байж л салдаг. Үгийн шид, эгшгийн увдис найрсан цогцолсон болохоор арга ч үгүй биз. С.Хишигсүрэн найрагч “Зуу зуун жил чамайгаа хайрламаар байна” уран бүтээлийн цэнгүүнээ эдүгээгээс таван жилийн өмнө зохион байгуулж байв.
Утга соёлын улаа нэхэгч
Тэрбээр 1982 онд МУИС-ийг төгсчээ. 1994 онд Япон улсын Токиогийн соёлын ажилтны сургуулийг дүүргэсэн байна. Ийнхүү Япон улс, япон хэл, соёл, уран зохиолтой анх танилцсанаар хожим тэнд ажиллаж, амьдрах, уран бүтээлээ туурвих учиг, сэжим хөвөрчээ. Саппорогийн олон улсын дээд сургуульд Монголын соёл, утга зохиол сэдвээр лекц уншиж, Японы яруу найргийг шимтэн сонирхож, эх хэлнээ хөрвүүлж эхэлсэн байна. Анх Канэко Мисүзү гэдэг яруу найрагчийн жижигхэн шүлгийн түүврийг уншаад маш их таалагдаж, Японы яруу найрагт татагджээ. Канэко Мисүзү бол 1903-1930 онд амьдарч байсан яруу найрагч. 26-хан настайдаа ертөнцийг орхисон. Амьд сэрүүндээ ердөө 512-хон шүлэг бичсэн гэдэг. Түүнийг нас барснаас хойш 50-аад жилийн дараа бүтээлүүд нь Японы утга зохиол, яруу найргийн эрдэнэсийн санд оржээ. Японд Канэко Мисүзүг танихгүй, мэдэхгүй хүн байхгүй. Түүний бүтээлүүд яагаад хагас зуун жилийн дараа дахин амилах болов гэдэг нь сонирхолтой. Язаки гэдэг оюутан эртний “Хүжин тохо” гэдэг эмэгтэйчүүдийн сэтгүүл дээрээс ганцхан шүлгийг нь олж уншаад түүний шүлгийг судалж эхэлсэн гэдэг. Ингээд Япон даяар Канэко Мисүзүг яруу найргийн тэнгэрт “Сэрсэн гүнж” гэж нэрлэх болсон аж. С.Хишигсүрэн найрагч Мисүзүгийн уран бүтээлийг судалж, доктор хамгаалахаар материал цуглуулж, төрсөн нутагт нь хүртэл очиж байв. Ийнхүү Японы яруу найргийг сонирхон судлах, эх хэлнээ хөрвүүлэх ажилд тэрбээр шимтжээ. Яваандаа Японы үргэлжилсэн үгийн зохиолууд, үлгэр өгүүллэгүүдийг орчуулж эхэлсэн байна. Орчуулгын ажилдаа шимтэх тусмаа олон сайхан бүтээлийг монгол уншигчдадаа хүргэхсэн, монгол зохиолчдынхоо бүтээлүүдийг япончуудад уншуулахсан гэдэг хүсэл эрмэлзэл төрдөг байна. Хоёр орны зохиолчдын сэтгэлгээний ялгаа хийгээд адил төстэй талыг олж харах дуртай. Японы Канэко Мисүзүгийн шүлгүүдэд Шаравын Сүрэнжав гуайнхтай адилхан мөрүүд тааралдах жишээтэй. Тухайлбал, түүний “Модод тэнгэрт залбирдаг” гэдэг шүлэгтэй адилхан “Мод” гэдэг шүлэг япон найрагчид мөн бий аж. Үүн лүгээ адил Таникава Шюнтарогийн шүлгүүдэд Мишигийн Цэдэндорж гуайн шүлгүүдтэй төстэй мөрүүд байдаг гэнэ. Энэ бүхнийг ажиглаж, мэдэрч, тэр хэрээрээ монгол, япон найрагчдын бүтээлийг хоёр хэлнээ харилцан хөрвүүлэх утга соёлын улаачийн ажилд цаг заваа зориулсаар 20 гаруй жил болжээ.
Миний аав Шаравын Сүрэнжав
Тэрбээр ийм нэртэй ном хэвлүүлсэн. “Онгодын цагт би тэнгэрийн харьяат” хэмээн бичсэн их найрагчийн охин ийн бахархахаас яах вэ. Уг номд бага наснаас эхлээд ажил амьдралын анхны гараагаа эхлэх хүртэлх дурсамжуудаа нэхэж сүлжин томохдоо аавынхаа дүрийг өөр хэн ч бичиж чадахааргүй нарийн зурж, сийлж урласан байдаг. Уг номын хуудсуудыг хамтдаа эргүүлье.
...Хол мөртлөө ойр, ойр мөртлөө хол “Зүрхний минь тарни, зүүдний минь тэнгэр” аав минь билээ. Хүмүүс яруу найрагчийн эрх шар охин гэдэг ч би бээр бодохдоо хамгийн зөөлөн сэтгэлтэй аавынхаа “нүдний харцаар өссөн охин” шүү дээ. Уучлаарай! Нүдний харцаар өссөн гэдэг нь худлаа, огтоос худлаа ч байж мэднэ. Ээж, хааяа харцаараа өсгөнө гэсэн нь харцаар нь хөдөлдөг болчихсон юм бишүү гэж аавыг шоглодог. Өөрийнхөө бүтээлийг сэтгэл амгалан уншиж суухдаа их л хөөрч баярладаг аав минь охиндоо тэгж баярлан бахархсан нь хэчнээн олон бол?! гэж хааяа би эмзэглэдэг шүү хэмээсэн мөрүүд уг номд бий.
...Намрын зүсэр борооноор аавын мөрөн дээр суугаад уйлж явлаа. Аав, “Чи юунд уйлаав! Мөрөн дээр минь мордоостой, мөнгөлөг бороонд нороостой. Чамаас азтай охин энэ хавьд л алга” гэлээ. Би алим идмээр байна гэж хошуугаа цорвойлгон уйлахад аав морь шиг цогиж, “Тэр амархан. Ердөө л тав алхаад дэлгүүр хүрчихнэ. Уг нь би эхлээд Да багшийнхаар орох ёстой юмсан. Муу зэвхий дандаа намайг дийлдэг хойно” гэсээр дэлгүүр хүрлээ. Тэгээд за өөрөө сонго! хэмээн нүүр шиг том том улаан алимнуудыг заав. Би мөрөн дээрээс нь хуруугаараа тэр тэр гэхэд аав, за чи битгий уначихаарай! Энэ үү, энэ үү? гээд гараараа заан шилэв. Би хүссэн алимаа идээстэй, нулимс хатаагүй хэр нь инээж явлаа. Тэгээд Дамдинсүрэн гуайнд очсон чинь гэрээ цоожлоод гараад явчихсан байв. Аавыг цагаасаа хоцорлоо гээд мань хүн гараад явчихаж. Хоёулаа хойноос нь нэхэн гүйцнэ ээ гээд Энхтайваны гүүрээр шогших, алхах зэрэгцэв. Замд Ообоо буюу яруу найрагч Очирбат гуай тааралдаж, “Алхан хээтэй алхаагаар алим барьсан охинтой, адтай найрагч хааш одох гэж яарнам” хэмээн алиалах, асуух зэрэгцүүлэхэд “Од сарыг сэрээсэн, онгод цог өвөрлөсөн Ообоо найрагч хаа очоод, хааш одох нь вэ?” хэмээн тэд инээд ханиад болон уулзаад аав, явдал учраа тоочиж дараа уулзахаар болзоод саллаа. Түүний дараахнаас нь л “Алим барьсан аавын охин” гэж хөгжмийн зохиолч Дарамзагд гуай намайг нэрлэсэн бөлгөө. Одоо ч тэр үеийн дурдатгал болох аавын мөрөн дээр мордоостой, мөхөөлдөс бариастай Дамдинсүрэн гуай гурвуулаа Сүхбаатарын талбайд авахуулсан хар цагаан зураг байдаг билээ...
...Аав бол уурласан үедээ уурлах шиг уурлаж, уйлах үедээ уйлах шиг уйлж, инээх цагтаа инээх шиг инээж чаддаг хүн. Бидэнтэй нийлж нууцалсан чихэр, жимсийг ээжээс нууж иддэг. Тавагтай чихэр хоосолдог. Болохгүй хэрэг хийсэн үедээ биднийг хүүхдээ гэлгүй зөвшиж ярьдаг. Биднээс аврал эрдэг гээд томчуудаас өөр авир төрх их бий. Жишээ нь гэхэд л өглөө ажилдаа явахдаа ээжтэй хамт гарсан мөртлөө юмаа мартсан хүн болоод эргэж орж ирэн хөргөгчний дээр нууц шүүгээнээс баавгайтай чихэр баахныг аваад бидэнд өгч, бас өөрөө халаасалж аваад явна. "Битгий хэлээрэй! Бидний нууц” гэнэ. Баярласан бид ч аавыгаа ховлохгүй байхаа амлана. Гэвч тэр чихэр нь дуусахаар ээж мэдэж, “Нээрээ хачин хүн шүү" гэснээр бүх хэрэг цагаатгагдана. Халаасандаа байгаагаа бидэнд голцуу үэүүлнэ. Бас тэнцүү хуваана. Ийм л аав. Оройд үлгэр ярьж, хааяа морь болж, хаая биднийг том нь хүнд, жижиг нь хөнгөн гээд дээш шидэж эрхлүүлнэ. Аав, ээжээс өөр нь энэ. Алгадаж орхиод хормын төдий эргэж чихэр, жимсээр аргадна. Нууцалсан бүхнээ аавд эхэлж аминчлан ярина. Аав ээжид хэлнэ. Дараа нь гэрийн хурлаар шийднэ, Ингэхээр бидний хэнд нь ч нууц үлдэх аргагүй.
...“3охист аялгуу” сониныг гаргалцан “Соёл эрдэнэ” сониноо хавсарга болгон хэвлүүлэх болсон богино хугацаанд би тэдэнтэй гэртээ дотносохын сацуу албандаа ч нэгэн дор зүтгэх учрал тохиосон бүлгээ. Нэгэн өглөө ажлаасаа хоцрон ирж, гомдолтойхон цаас шагайж суутал Дашбалбар ах буюу сонины эрхлэгч маань аль хэдийнэ ажиглачихсан “За яагаад нус, нулимс болов?” гэхэд нь “Аавд зодуулаад" гэвэл бүүр нэг атаархсан шинжтэй "Зодуулах аавтай байгаа нь азтай хэрэг” гэлээ. Удсан ч үгүй аав маань Энхтайваны гүүрээр алхсаар ажлын тасалгаанд орж ирснээ "Балбараар юу байна” гэсэн хэрнээ нүд нь над руу хараастай. Би ч аргадахаар хойноос ирж хэмээн мэдсэн ч өгүүллээ бичих, нулимсаа тогтоох зэрэгцэн суулаа. Гэтэл аав, ширээний өнцөгт хэдэн чихэр гаргаж тавилаа. Нүдэндээ доголон нулимстай ч чихрээ идэх санаатай бага зэрэг гэрэвшин суутал Балбар ах тэндээс босч ирээд “Алгадуулж шагнуулаад дээрээс нь чихрээр мялаалгах азтай шар охин доо чи" гэснээ юу юугүй чихрүүдийг минь бүгдийг авч халаасандаа хийгээд нэгийг задалбал аав ч ухасхийн ирж халааснаас нь чихрээ авах гэж ноцолдон "Байг даа чи! Охинд минь ядахдаа нэгийг ч болов үлдээ” гэв. Балбар ах “Намайг алгадах ч, аргадах ч аав алга. Өгөхгүй” хэмээн үнэн санаанаасаа ноцолдов. Дуу чимээнээр Жигжидийн Бямбаа гуай орж ирснээ ”Хоёр бурхан юунаас болж уурсав" гээд дайран дээр давс нэмлээ. Чихэр, чихэр гэж Балбар ах халааснаасаа зуурна. Бямбаа гуай “Хүүхэд шиг хачин улс аа. Хот хүрээгүй танил, нэртэй төртэй улс байж” гэснээ шалан дээр унасан чихрийг авч задлан ам руугаа хийлээ. Тэгснээ намайг харснаа "Аавдаа зодуулсан хүүхэд шиг урвайж суухаар чихрээс нь булаацалдаач” гэлээ. Аав "За Бямбаа чи зүгээр боль! Алгадуулсан дээр нь тавлаж байгаа юм шиг" гэв. Бямбаа “Базарвааний хум пад. Би ямар далдыг хардаг Далай лам уу? Өдий болсон хүүхнийг алгадаж зодоод байхдаа яадаг юм. Сүүеэ зүгээр түрэмгий шүү” гэлээ. Тэгснээ, “Алив больцгоо! Ярилцах юм их байна! Ингэсгээд хурал ч эхлэх боллоо. Ардын Их Хурлын депутатууд атга чихрээс болоод зодолдож байна гээд сонин дээр гарч мэднэ. Миний өрөөнд чихрээс их юм алга” гэлээ. Аав, Балбар ах хоёр ч “Нээрэн шал дэмий юмнаас болж байх юм” гэсээр Бямбаа гуайн араас гарлаа. Аав эргэж ирснээ булаацалдаж байж авсан хоёр чихрээ надад өгөөд үнсэж аргадан миний инээхийг харж тайтгараад гарлаа. Ийм л аав шүү дээ. Алгадсан ч аргадах сэтгэлээ гээж үл чадах зөөлөн сэтгэлт аав минь!
...Аав надад "Чи миний хамгаас хайртай, эрххэн шар охин" гэж үргэлж хэлдэг. Би ч түүнд нь итгэдэг байлаа. Гэтэл Өлзийд, бас Өнөрөөд энэ үгээ хэлж байхад би сонсоод нэг л урам хугараад явчихав. "Хуурамч аав” гэж гомдосхийн бодлоо. Голын эрэг дээр жаал сууж уйлав. Хүн бүхэнд энэ үгийг хэлдэг байх нь гэж тунив. Гэтэл Өлзий ч бас аавын хамгаас хайртай эрххэн бор охин гэдэгтээ туйлын итгэлтэй, баяртай байх. Өнөрөө ч "ангаахай шар охиндоо л хамгаас хайртай” гэдэг үгэнд бардам явдаг бөгөөд бусдад гайхуулах дуртай ажээ. Бид гурав аавын хэнд нь илүү хайртайг улаан нүүрээрээ тулж шалъя хэмээн хэлэлцэн тохиролцож гараа атгалцан голын эргээс гэрийн зүг хурдлав. Оройн хоолны дараа аавын өвөр дээр Өнөрөө гарч суугаад "Танаас бид гурав асууж лавлах асуулт байна. Та яг үнэнээр нь хариулаарай” гэж тулгав. Аав "Айхтар гурван охин доо. Юу л сэдээ бол доо! За яахав асуу” гээд хошуу цорвойн Өнөрөөг үнслээ. Өлзий баруун гар талд нь, би зүүн гар талд нь гарч суудлаа эзлээд нүд рүү нь эгцлэн харж Өнөрөө хэлээ хазан асуулаа. “Та бид гурвын хэнд нь илүү хайртай вэ?" гэлээ. Тэр агшинд гэрт чив чимээгүй болж, галын өрөөний цагийн чаг чаг дуугарах авиа бидний бяцхан зүрхний цохилттой хоршив. Аав бид гурвыг хэсүүлэн харж хэцүү асуултанд унаснаа мэдрэн буй бололтой хэсэг чимээгүй боллоо. Тэгээд өвөр дээрээ суугаа Өнөрөөг үнсэн “Хамгаас хайртай охин" гэв. Яг энэ агшинд нуруугаар хүйт оргин нулимс зангиртал аавын хөл ширээн доогуур миний хөлийг удаан гишгэн “Хамгаас хайртай” гэж дохио өгөв. Би ч баярлаад учиргүй баярлан суугаа Өнөрөөгөө өрөвдөв. Тэгээд Өлзийгэө харвал тэрбээр маш сэтгэл хангалуун инээж сууна. Мэдээж Өнөрөө бүхнээс баяртай, амаа ангайн инээнэ. Би дотроо бяцхан шар дүүгээ ихэд хайрлан нялх болохоороо ганц сайн хуурагдлаа даа гэж бодов. Харин Өлзийг яагаад хачин баяртай байгаагийн учрыг бодовч олсонгүй. Ямар ч атугай надад л илүү хайртай гэж баттайяа итгэв. Ийн тэр оройны бид гурвын үгсэн тохирсон сорилтыг аав чадамгай давах нь тэр. Хэдэн өдрийн дараа бид гурав юунаас ч болов аавтай үгсэн хуйвалдах хэрэг гарлаа. Нээрэн тийм. Хүүхэлдэйн театрын урд эгнээний суудалд сууж жүжиг үзэхсэн гэснээс үүдсэн хэрэг. Хойд эгнээнд бол аавтай, аавгүй суудал олдоно. Ингээд аавын хамгийн хайртай охин нь ааваас гуйвал бүтнэ гэж ам нийллээ. Өнөрөө ч баттайяа “Би л хэлэх нь! Тийм үү" гэлээ. Өлзий хажуунаас “Би хэлнэ” гэв. Би ч бас эгчирхэн үлдсэнгүй. Адармаа хөдлөн “Би хэлнэ" гэснээс болж маргав. Өнөрөө “Яагаад та хоёр өөрсдийгөө хамгийн хайртай охин нь гэж бодож байгаа юм. Нүүрэн дээр чинь аав надад хэлж, намайг үнссэн биз дээ” гэж нүүрээ улайлган уурслаа. Өлзий ч мөчөөгөө өгсөнгүй “Тэгж яривал чамайг бага нь гэж өрөвдсөн мэдэв үү! Миний гарыг аав чанга атган нүд ирмэн хайртай гэдгээ нотолсон. Яахав дээ гэж тэр өдөр би чамд хэлээгүй” гэлээ. Би яагаад ч юм хорсон уйллаа. Тэр хоёр учир үл ойлгох тул Хишгээд бага хайртай учраас атаархаад уйлж байна хэмээн намайг аргадав. Гэтэл бид гурвыг аав ямархан овжноор хуурсныг ойлгон гашуун нулимсаа залгиж эхэр татан уйлж суулаа. Дахиад л гурвуулаа ааваас чанд хатуугаар асууж хууртахгүйг хичээв. Аавд ч эл бүгдээ хэлж, та бид гурвыг хуурсан байна гэсэн ял тулгав. Аав хэсэг бодсоноо “Гурван нармай. Та нар ямар миний эхнэрүүд үү? Гурвууланд чинь миний цус гүйж байгаа болохоор хэнийг нь хэн гэж илүү онцлох ёстой юм. Яасан муухай улс вэ?” гэж уурслаа. Хэдий гомдолтой ч нээрэн бид гурваас хэнийг нь ч гэж онцлох билээ дээ хэмээн цайлганаар инээлдэв. Хожим нь Өнөрөө намайг Москвад сурч байхад захиандаа "Хамгаас хайртай энхрийхэн эгч минь! Таныгаа санах, үгүйлэхийн шаналлыг зөндөө амсаж байна. Багадаа марган муудалцдаг байсан асуултын хариугаа ч энэ удаад бид хоёр оллоо. Аав маань бид гурвын дундаас чамд илүү хайртай юм байна. Шөнө ганцаараа босож суугаад дэрэн дороо хийсэн чиний захидлыг хацартаа наан хамгаас хайртай эрххэн охин минь гэж үглэн үнсэж, уйлж суухыг үзлээ. Энэ удаад огт атаархах сэтгэл төрсөнгүй. Харин аавыгаа зөндөө өрөвдлөө” гэж бичсэн байлаа. Түүний дараа Өнөрөөг Хятад улсад докгор цол хамгаалахаар удаан хугацаагаар явахад ирүүлсэн зурагнуудыг нь өмнөө эгнүүлж тавиад багынх нь зургийг үнсэн хамгаас хайртай ангаахай охиныг минь бурхан өршөөж муу юмнаас хамгаалах болтугай хэмээн энхрийлэн үнсэж, ганцаараа ярьж, уйлан байхыг нь миний бие харсан бөлгөө. Мөн Өнөрөө бид хоёр Өлзийг аавын суманд эмчээр явахад нь аав шөнийн цагаар өндийж суугаад “Тэнгэр муухайрах нь. Нөгөө муу бор охин маань зүгээр л байдаг байгаа даа. Муу 69 нь хөдөө хээр сууж осгож үхэх вий” хэмээн бид гурвын хэнийг нь ч гэж онцлохгүйгээр "Хамгаас хайртай охид” нь гэдгээ ээлж ээлжээр ааваасаа асуултгүйгээр ойлгож өөрсдөөсөө ичих сэтгэл төрснөө нуухгүй.
Сэтгүүлч Г.Сонинбаяр