УИХ-ын гишүүн Х.Баттулга ойрын өдрүүдэд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд идэвхтэй суух болжээ. Тэрбээр хуралдаанаа тасалдаг гишүүдийн тэргүүн магнайд бичигдсэн байдаг. Х.Баттулгын хамаарал бүхий 2 компани нөөцийн мах бэлтгэлд оролож, махны үнийг зориуд хөөрөгдсөн байж болзошгүй гэх хардлагыг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн амаар хэлсэн. Сэтгүүлчид энэ талаар гишүүн Х.Баттулгаас асуухад "Би компанийн дотоод асуудалд оролцохоо болиод удаж байна. Захирлаас нь утсаар тодруулахад хууль зөрчөөгүй гэж хариулсан" гэв.
Нөөцийн махнаас илүү сонирхолтой мэдээ Х.Баттулгын амнаас унасан нь 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай байв. Тэрбээр би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Тийм болохоор намайг илэрсэн булхай болгонтой хутгахаа боль хэмээн хэлэв. Х.Баттулга өөрөө нэр дэвшихгүй гэсэн болохоос энэ нь хуулийн маргаантай. Түүнийг Ерөнхийлөгч байхад баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 6 жил болгож, улиран сонгогдохгүй байхаар зохицуулсан. Энэ талаарх маргаан Үндсэн хуулийн Цэц дээр эцэслэн шийдэгдэх үед Х.Баттулга нэр дэвшиж ч магад.






























