Төрийн ордонд өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар "Алдарт эх"-ийн одонтой ээжүүдчуулж, хүндэтгэлийн хойморт залрав. Жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэ ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Одонтой ээжүүдийн холбооны тэргүүн, хатагтай Б.Мөнхтуяа нэгэн сайхан мэдээллийг дуулгаж, сайн үйлсэд ээжүүдийг уриалав.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Монголын бүх ээжүүд, тэр тусмаа одонтой ээжүүд уг үйл хэрэгт нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм. Монголд 300 мянга гаруй одонтой ээж бий. Одонтой ээжүүд хамгийн цөөндөө дөрвөн хүүхэдтэй гэж бодох юм бол 300 мянган ээж хүүхэд бүрийнхээ тоогоор нэг нэг мод тарихад 1.2 сая мод тарина гэдгийг Одонтой ээжүүдийн холбооны тэргүүн онцлов.
Ээжүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, удам судраа өнөржүүлж, ургийн бичгээ хөтлөн, ургийн модоо цэцэглүүлдэг. Түүн лүгээ адил байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үр хүүхдээ сургаж, өөрсдөө үлгэрлэн алаг үрсийнхээ тоогоор мод тарина гэдэг энэ сайхан уриалга ээжүүдийн сүүн сэтгэлийн илрэл, сүн далай хайрын ундарга болон түгэх бизээ. Ижий моддын төгөлд энхрий үрс нь наадан тоглох цаг удахгүй байг ээ.