Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн хамгийн чанартай унтаж чадах вэ гэдгээрээ өрсөлджээ.
Ор дэрний хэрэглэл үйлдвэрлэгч Koala Japan компани “Matt Race by Koala” нэртэй унтлагын тэмцээнийг аравдугаар сарын 5-нд Токиогийн Минато дүүргийн Өмнөд Аояма дахь SHARE GREEN MINAMI AOYAMA-д зохион байгуулсан байна. Тэмцээний гол шагнал нь 2.22 сая иен буюу ойролцоогоор 15 мянга орчим ам.доллар байжээ.
Тэмцээнд оролцогчид тусгай төхөөрөмж зүүж, Koala-ийн матрас дээр 90 минутын турш унтсан байна. Гэхдээ зүгээр л хамгийн удаан унтсан хүн ялагч болохгүй.
Оролцогчдын нойрны гүн, нойрны чанар, унтаж эхлэх хүртэлх хугацаа болон 90 минутын турш нойр хэр тогтвортой байсан зэрэг үзүүлэлтийг хэмжиж, эмчийн хяналт дор боловсруулсан тусгай “нойрны оноо”-г гаргажээ. Хамгийн өндөр нийлбэр оноо авсан оролцогч тэмцээний ялагчаар тодорно.
Өөрөөр хэлбэл, энэ тэмцээнд хурдан унтахын зэрэгцээ гүн бөгөөд тогтвортой унтах нь хамгийн чухал байв.
Оролцогчид унтахаасаа өмнө “унтах дасгал” буюу 入眠体操 хийж, нойрны чанарт нөлөөлөх зориулалттай төрөл бүрийн “sleep item” буюу унтлагын хэрэгслүүдийг өөрийн сонголтоор авчээ.
Үүгээр зогсохгүй тэмцээний үеэр оролцогчдыг бага зэрэг “нойргүйтүүлэх буюу унтлагад нь саад болох” хөгжилтэй нөхцөл ч бий болгосон байна. Иймээс аливаа нөхцөлд тайван унтаж, нойрны чанараа хадгалж чадах эсэх нь оролцогчдын хувьд бас нэг сорилт болжээ.
Энэхүү ер бусын тэмцээн олон нийтийн анхаарлыг маш хурдан татсан байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр бүртгэл эхэлснээс хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 45 мянга гаруй хүн оролцох хүсэлт гаргажээ.
Оролцогчдыг гурван тусдаа уралдаанд хуваасан бөгөөд тус бүрт ойролцоогоор 20 хүн оролцжээ. Нийт тэмцээний хугацаа 12:00-20:00 цагийн хооронд үргэлжилж, оролцогч бүр 90 минутын турш нойрны “өрсөлдөөн”-д орсон байна.
Яагаад 2.22 сая иен гэж?
Тэмцээний гол шагнал болох 2.22 сая иен нь санамсаргүй сонгосон тоо биш аж.
Унтаж буй хүнийг дүрслэхэд олон улсад ашигладаг “Zzz” гэсэн тэмдэглэгээтэй холбон, “2” гэсэн тоог ашиглан 222 гэсэн бэлгэдлийг бүтээсэн байна. Тиймээс 2.22 сая иен нь тэмцээний онцлогийг илэрхийлсэн бэлгэдлийн шагнал болжээ.
Мөн хоёрдугаар байрт 222 мянган иен болон Koala-ийн SUPREME матрас, гуравдугаар байрт Koala PLUS матрас олгохоор төлөвлөсөн байна. Үүнээс гадна хамгийн гүн унтсан оролцогчид зориулсан “Deep Sleep Dive Award”, хамгийн содон байдлаар хөрвөөж унтсан оролцогчид зориулсан “Rolling Acrobat Award” зэрэг тусгай шагналуудтай байжээ.
Koala Japan энэхүү тэмцээнийг зөвхөн хөгжилтэй сурталчилгааны арга хэмжээ болгохоос гадна Япон дахь нойр дутлын асуудалд анхаарал хандуулах зорилготой гэж тайлбарласан байна.
Өдөр бүр ажил, сургууль, хотын амьдралын хурдаас шалтгаалан хангалттай унтаж чаддаггүй хүмүүс олширч байгаа үед “унтах”-ыг хүртэл тэмцээн болгон зохион байгуулсан нь олон нийтийн анхаарлыг татах нэгэн өвөрмөц арга болжээ.





























