Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад Г.Занданшатарт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах санал хүргүүлснийг баасан гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Тэгвэл энэ удаад зарим нэг гишүүний нэрийг хойшлуулсан уу гэх асуулт гарч байна. Жишээлбэл, Хөгжлийн банктай нэр холбогдоод байгаа Г.Дамдинням, Ч.Ундрам нараас гадна УИХ-ын чуулганы танхимд камерын өмнө ажил хэрэгч царай гарган, шударга дүр эсгэгчдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар. “Бизнесийнхэн” гэдгээр өөрийн эрх ашгаа халхавчилдаг түүнд УИХ-ын гишүүд нэг биш удаа “Чи ганцаараа мөнгөтэй юу” гэх үг шидэж байсан нь зүгээр ч нэг уурссандаа хэлсэн үг биш гэдгийг хэн ч гадарлана. Энэ тухайд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян гуай 2020 онд Баянгол дүүргийн МАН-ын хороонд өрнөж буй үйл явц, хэрхэн энгийн намын гишүүдийг өнгө мөнгөөр үнэлдэг болсон тухай хөндөж бичсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт иргэн Г.Ган-Очир түүнийг албан тушаалаа ашиглан төрийн эрхийг хууль бусаар авсан гэх үндэслэлээр шалгуулахаар АТГ болон ТЕГ-т хандсан. Өдөр тутмын шуугианд дарагдаад байгаа ч энэ бол анхаарлаас хөндий өнгөрүүлж болохгүй асуудал гэдгийг доорх баримтаар өгүүлье.
НЭГ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
Гуравдугаар зүйл.
1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
- Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах
1.Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иргэн Г.Ган-Очир дээрх хуулийн үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэж байв. Учир нь, Баянгол дүүргийн МАН-ын хурлын бичлэгт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нь намдаа 2 тэрбум төгрөг өгсөн, Баянгол дүүргийн ИТХ-д намаа олонх болгох зорилгоор тухайн үед МАХН-аас ИТХ-ын гишүүнээр сонгогдсон С.Магнайбаярыг 500 сая төгрөг нэхэхэд 200 сая төгрөг өгсөн гэдгээ маш тодорхой ярьсан.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “МASS” агентлагт өгсөн ярилцлагадаа “60 тэрбум”-ын схэмийн тухай ярьсан хэд шиг мэлзэлгүй энэ бичлэг үнэн гэдгийг илэрхийлсэн.Тэрбээр “Аль сонгуулийн үеэр 2 жилийн өмнө тийм юм яриад байсан. Тэрийгээ л дахин давтаж ярьж байгаа юм шиг байна билээ. Би бол намынхаа гишүүдийг байнга урамшуулдаг. Орон байраар урамшуулдаг. Нам дотор ярьж байсан тэр л процессыг бичлэг хийчихсэн. Тийм л юм шиг байна билээ. Жишээ нь би хоёр гурван хорооны даргаа орон сууцаар урамшуулдаг. Би намынхаа гишүүдэд ямар төрөөс хулгай хийгээд өгдөг биш өөрөөсөө урамшуулал өгдөг тийм зүйл бол байгаа. С.Магнайбаярт урамшуулал өгсөн асуудал бол бүүр 2022 оны асуудал. Манай нам доторх процесс. Энэ чинь бүүр сонгуулийн үеэр яригдаж байсан процесс шүү дээ” гэжээ.
Түүний ярианд хэд хэдэн баримтын алдаа байгааг харж болно. Нэгт, сэтгүүлч маш тодорхойгоор иргэн Г.Ган-Очир түүнийг буруутган АТГ-т шалгуулах болсон мэдээлэлд тайлбар хүссэн байхад “Сонгуулийн үеэр хоёр жилийн өмнө тийм юм яриад байсан” гэж хэлснээс харвал энэ асуудал 2020 онд сөхөгдөж байжээ. Хоёрт, С.Магнайбаярт урамшуулал өгсөн асуудал 2022 оны асуудал гээд нам доторх процесс гэж итгүүлэхийг хичээж байгаа ч ахиад сонгуулийн үеэр яригдаж байсан гэж тодотгосон. Сандарсандаа мань хүн цаг хугацааны хувьд алдаатай тайлбар өгснөө анзаараагүй биз. Эндээс харвал бичлэгт яригдсан асуудал үнэн гэдэг нь тодорхой. Дүүргийн намын хорооны гишүүдээ өөрийнх нь хэлснээр хулгайн биш өөрийнхөө мөнгөөр урамшуулдаг юм байж. Гэхдээ тус намд “урваад” 2 жил ч болоогүй С.Магнайбаярыг ямар шалтгаанаар 200 саяар урамшуулсан бэ. 2021 оны дөрөвдүгээр сард буюу одоогоос яг нэг жилийн өмнө МАН, МАХН нэгдсэн байтал МАН-ын гишүүдээсээ илүүтэйгээр С.Магнайбаярыг яагаад онцлов. Гуравт, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хэлснээр 2 жилийн өмнөөс яригдсан асуудал гэхээр яалт ч үгүй Баянгол дүүргийн ИТХ-д олонх болох хүслээр С.Магнайбаяртай тохиролцжээ гэдгийг ямар ч хүн ойлгохоор байгаа биз.
ХОЁР.
2020 оны орон нутгийн ээлжит сонгуулиар Баянгол дүүргийн ИТХ-д МАН 20 суудал, АН 18 суудал, МАХН 1 суудал, ХҮН нам 2 суудал авсан байдаг. Яг үнэндээ МАН эрх барих хэмжээнд суудал авч чадаагүй гэсэн үг. Тиймээс ИТХ-ын бүрэн эрхийг авахын тулд ядаж нэг суудал хэрэгтэй. ХҮН намын хоёр МАН-д нэгдэхгүй нь тодорхой. Боломжит хувилбар нь МАХН-аас сонгогдсон С.Магнайбаяр л харагдаж байв. Учир нь тэр МАХН-аас Хөвсгөл аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшээд “хосоо шавхчихсан” нэгэн. Угшил нь МАХН учраас шүдгүй аманд ч зөөлөн “хоол”.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуулийн 35 дугаар зүйлд
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
35.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.1.1.Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;
35.1.2.Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;
35.1.3.тухайн Хурлын хороог байгуулах, хорооны бүрэлдэхүүн, даргыг сонгох, өөрчлөх;
35.1.4.тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх;
35.1.5.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
35.1.6.тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
35.1.7.хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих;
35.1.8.нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
35.1.9.Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах;
35.1.10.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;
35.1.11.орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;
35.1.12.орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;
35.1.13.энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох журам батлах;
35.1.14.хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх;
35.1.15.Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих;
35.1.16.худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах;
Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нь Засаг даргыг нэр дэвшүүлэхээс эхлээд огцруулах, орон нутгийн өмчийн зүйлийн өмчлөх, орон нутгийн төсвийг хэлэлцэх, батлах гээд хуулиар тогтоосон дээрх 16 бүрэн эрхийг эдэлдэг. Тэгэхээр нэгэн цагт С.Эрдэнийн вант улс гэгдэж байсан Баянгол дүүрэгт Ж.Ганбаатар эрх мэдлээ тогтоохын тулд С.Магнайбаярын суудлыг 500 саяар үнэлсэн биз. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын энэ үйлдэл магадгүй НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох тухай схэм танилцуулснаас илүү гарна уу гэхээс дутахгүй үйлдэл. Тэд МАН-ын даргын өрөөнд орж ярилцсан болохоос үйлдэл хийгээгүй хэмээн хуулийн байгууллагаас үзэж байсан бол УИХ-ын гишүүний Ж.Ганбаатарын хувьд мөнгө өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа юм.
ГУРАВ.
Өнөөдрийн МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ та, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байхдаа 60 тэрбумын асуудлаар ТЕГ-т хандаж байснаа мартаагүй гэж итгэе. Твиттерт та "ТЕГ Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, төр, нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тиймээс төрийн албыг үнэлэх схем бүхий "60 тэрбум"-ын асуудлаар ямар байр суурьтай байгааг хамтдаа тодруулцгаая!" хэмээн жиргэж байсан.
Мөн УИХ-ын дарга М.Энхболд сайн дураараа бүрэн эрхээсээ түдгэлзэж, АТГ, Прокурорын нэгдсэн дүгнэлт сүүлчийн байдлаар гарах хүртэл УИХ-ын чуулганд оролцохгүй хэмээн “хашгирч” байлаа.
Гэтэл өнөөдөр хамар дор чинь асуудал давтагдаж байна. УИХ-ын гишүүний хувьд магадгүй Ж.Ганбаатар танд захирагдахгүй байх. Харин МАН-ын Бага хурлын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны даргын хувьд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд захирагдах ёстой. Эсвэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хэлсэнчлэн төрийн мөнгөнөөс хулгайлаагүй өөрийнхөө халааснаас мөнгө гаргаад орон нутгийн удирдах эрхийг авах нь зөв юм уу. Авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон хэн бугайд ч МАН-ын хаалга хаалттай гэх таны үг бодит үнэнээс холдсоор байна бус уу.
УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатарын бичлэг:
Магнайбаярын асуудалд би хариулья. Магнайбаяр одоо ичих хэрэгтэй. Ичихгүй худлаа ярих юм. Би хувийнхаа хармаанаас 200 сая төгрөг өгсөн. Хувийнхаа шүү. Чи одоо ямар ичдэггүй нөхөр вэ. Чи намайг ярьж чадахгүй гэж бодоод байна уу. Чи одоо яасан ичдэггүй гар вэ. Чамайг бол би харин хэлмээр санагдчихлаа. Чи одоо ичиж амьдраарай заа юу, би гайхаж байна. Чи Ганбаатар дарга аа, надад 500 сая төгрөг өгөөч гэсний 200 саяыг нь өгсөн. 300 саяыг нь өгөөгүй. Тэгээд ер нь баримжаатай ярина шүү. Хүний нүүр рүү юу цацна гэдэг билээ. Энэ бол дэндэж байна Магнайбаяр аа. Энэ Магнайбаяр гэдэг хүн дандаа надаас мөнгө нэхдэг. Би 500 саяыг нэг дор гаргаад өгч чадахгүй шүү дээ. Тэгээд дандаа хувийнхаа данснаас өгч байгаа. Надад ямар төрөөс хулгайлаад авсан, ар өврөө ашиглаад авсан мөнгө байх биш. Зарим нэг дарга нар намайг зайлуулахыг хүсч байгаа. Үгэнд ордоггүй, өөрийнхөөрөө, надад атаархаж байгаа. Атаархал бол зөндөө байна, би анзаарахгүй хүн биш шүү дээ. Хавь ойрын зөндөө хүн бий. Энэ намыг удирдаж байсан, дүүргийг удирдаж байсан олон хүн мэддэг л байх. Би 24 онд ялуулна. 24 онд бүх шатны сонгуульд ялуулна. Чи үнэнг хэлэхэд надад нийслэлийн намын хороо, төв намаас нэг ч мөнгө ирдэггүй. Өөрөө болго л гэдэг. Харин надаас мөнгө авдаг. Миний тухай маш олон зүйл ярьдаг. Хүмүүстэйгээ буруу харьцдаг, Дүүргийн өөрийнх нь сонгосон хүмүүс, хөл гар нь буруу байсан.