Улаанбаатар хотын бохир усыг төв шугам руу татан зайлуулах гол дамжуулах шугам “Туул-1” коллекторын 20 жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар шугам угсралтын ажил 25 хувьтай үргэлжилж байна. “Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл Туул-1 коллектор" бүрэн ашиглалтад орсноор гэр хорооллын бохир усыг стандартын дагуу татан зайлуулах, ил задгай бохир болон хөрсний бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой ба Улиастай, Шархад, Амгалан, Дамбадаржаа, Дарь-Эх, Чингэлтэй зэрэг гэр хорооллын бүсүүд инженерийн дэд бүтцэд холбогдож, цаашид барилгажих, хот төлөвлөлтийг тэлэх боломж бүрдэх юм.






























