NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооноос шинэ тоглогчдын сонгон шалгаруулалт буюу драфтын үйл ажиллагааг хоёр өдөр зохион байгууллаа. Энэ шалгаруулалтад Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй. Гэхдээ түүний хувьд ирэх долоодугаар сарын 9-д Лас Вегас хотод эхлэх зуны лигт тоглохоор болжээ.
Ш.Энхийн-Од АНУ-ын коллежийн лигт 2022 оноос эхлэн тоглож эхэлсэн. Тэрээр 2025-2026 оны улиралд Өмнөд Каролинагийн коллежийн багт тоглохдоо дунджаар 10.9 оноо, 5.6 самбар, 2.3 дамжуулалтын үзүүлэлтийг гаргажээ. Ш.Энхийн-Од NBA-ийн драфтад сонгогдож чадаагүй ч дараагийн боломжууд бас бий. Тэрээр ирэх сард “Орландо Мэжик” багт нэгдэн зуны лигт тоглохоор болсон юм.





























