Монгол Улсад энэ оны эхний хагас жилд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 27 хувиар нэмэгдсэн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас долоодугаарт эрэмбэлэгдсэнийг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага танилцуулжээ.
БНХАУ-ын Гүйлин хотноо аравдугаар сарын 20-21-нд зохион байгуулж буй НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага, Номхон далайн Азийн аялал жуулчлалын холбооны “Аялал жуулчлалын чиг хандлага ба хэтийн төлөв” ХХ форумын үеэр энэ талаар тэмдэглэсэн юм. Форумд Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын урилгаар оролцож байгаа билээ.
Энэ оны эхний хагас жилд дэлхийн олон улсын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.4 хувиар, Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын орлого 2025 онд 476 тэрбум ам.долларт хүрч, 2025 оныхоос 9 хувиар нэмэгдсэн байна.
Тус форумд НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын Зах зээлийн мэдээлэл, бодлого, өрсөлдөх чадварын асуудал хариуцсан ахлах хөтөлбөрийн ажилтан Жавиэр Рускас “2026 он ба түүнээс хойших аялал жуулчлал: Дэлхийн аялал жуулчлалын барометрийн хамгийн сүүлийн үеийн тайлан” сэдвээр илтгэл тавьжээ. Илтгэлд дурдсанаар, онд дэлхийн олон улсын жуулчдын тоо өнгөрсөн онд 1.544 тэрбумд хүрч, 2024 оныхоос 5 хувиар нэмэгдсэн нь цар тахлын дараах дэлхийн аялал жуулчлалын салбарын сэргэлт үргэлжилж байгааг харуулсан байна. Олон улсын жуулчдын аяллын бүс нутгийн бүтцээр 2025 онд Европ 52, Ази, Номхон далайн бүс 22, АНУ 14, Ойрх Дорнод 7, Африк 5 хувийг тус тус эзэлжээ.





























