Ерөнхий сайд Г.Занданшатар 2023 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, татварын буцаан олголтыг таван хувиас доошгүй байхаар тогтоох саналыг анх байршуулж байсан. Тухайн үед уг санал богино хугацаанд 100 гаруй мянган иргэний дэмжлэг авч байсан юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.01/ өөрийн цахим хуудсаар дамжуулан "Таны төлсөн татвар бол улсын хамгийн үнэтэй хөрөнгө юм. Эхний сайн мэдээ гэвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно. Хоёр жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачилгыг би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ. Хоёр дахь сайн мэдээ бол 2026 оны улсын төсвийг зөвхөн албан тушаалтнууд биш та бүхэнтэйгээ хамтран боловсруулна. Таны санал хамгийн үнэ цэнтэй" гэж мэдэгдлээ.