Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзав.
Уулзалтад тус улсын Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки, Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар оролцож, Тэргүүн комиссар З.Дашдаваа Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Элчин сайд Кобаяаши Хироюки Япон Улсын Засгийн газрын зүгээс тус улсад хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, хөрөнгө оруулалтыг дэмжихэд авлигын эсрэг үйл ажиллагаа нэн чухал ач холбогдолтойг дурдан, Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаасан байна.
Тэргүүн комиссар З.Дашдаваа Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархан, цаашид манай улсад үйл ажиллагаа явуулж буй Япон Улсын хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах, хууль ёсны хөрөнгө оруулалт, шударга бизнесийн орчинг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Бэлтгэсэн: Г.Тунгалаг