“Twitter” нь арилжааны болон засгийн газрын хэрэглэгчдэд төлбөртэй болж магадгүй гэж уг олон нийтийн сүлжээг худалдан авах гэж буй бизнес эрхлэгч Илон Маск өөрийн хуудсанд бичжээ.
““Twitter” энгийн хэрэглэгчдэд үргэлж үнэ төлбөргүй байх болно, гэхдээ арилжааны/засгийн газрын хэрэглэгчдэд бага хэмжээний төлбөртэй болж магадгүй" гэж тэрбээр бичсэн байна.
Америкийн бизнес эрхлэгч Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсон тухай тус компанийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 24-нд мэдэгдсэн билээ. АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын мэдээлснээр, хэрэв тэрбумтан гэрээгээ цуцлах шийдвэр гаргавал “Twitter” -т нэг тэрбум ам.долларын торгууль төлөх ёстой. Харин “Twitter” шийдвэрээ өөрчилбөл Маск нөхөн төлбөр авна. Гэрээг эцэслэх сүүлийн хугацааг 2022 оны 10 дугаар сарын 24-нд товложээ.