Төмсний үнэ өсөөд түгшүүртэйхэн өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ амаа авч давхисан инфляцын нөлөөгөөр өссөн төсний үнэ нэг л өдөр бууна. Монгол Улс төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангадаг. Тиймээс шинэ ургацын ногоо гарахад галзуурсан үнэ эргээд байрандаа очно. Бусдаас хараат бус дотооддоо үйлдвэрлэдэг байх нь ийм л давуу талтай.
Түлшний үнэ литр тутамдаа 4000 төгрөгөөс даваад явчихлаа. Энэ л харин дотооддоо зохицуулж, шийдэж чадахгүй хэцүү сорилт. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа учраас шатахууны хувьд 100 хувь хараат орны хувьд цохилт авах нь ойлгомжтой. Намрын ид ажил, өвлийн бэлтгэлийн үе учраас Засгийн газар тодорхой зохицуулалт хийхээр ажиллаж байна. Хараат байхын зовлон энэ.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэр Монгол Улсын эдийн засгийг хараат байдлаас гаргах чухал алхам болсон. Үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг УУХҮ-ийн яамнаас мэдээлэв. Энэ үйлдвэр ашиглалтад ороход дотоодын хэрэглээнийхээ 55-60 хувийг хангах боломжтой. Бусдыг царайчлахгүй болохын тулд энэ үйлдвэртээ бүх хүчээ зориулъя.