Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касайг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны 60 жилийн ойг энэ оны дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлсэн. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд нягт хамтран ажиллаж ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, түүний дотор Номхон далайн баруун бүсийн төв болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Нийт иргэдээ “Ковид 19” цар тахлын эсрэг вакцинд хамруулахад Засгийн газар онцгой анхаарч, КОВАКС хөтөлбөр болон вакцин үйлдвэрлэгч улс орнуудын Засгийн газартай дипломат ажиллагаа өрнүүлсний дүнд вакцины нөөцийг хангалттай бүрдүүлсэн, энэ ажилд ДЭМБ дэмжлэг үзүүлснийг Ерөнхий сайд дурдлаа.
Вакцинжуулалтын үр дүнд 40 гаруй мянган иргэнээ болзошгүй эрсдэлээс хамгаалсан. Энэ оны хоёрдугаар сарын 14-нөөс цар тахлын бүхий л хязгаарлалтыг цуцалж, эдийн засгаа үе шаттайгаар сэргээж, энгийн амьдралын хэмнэлээ хадгалж байна гэлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, хөрөнгө оруулалт болон өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн талаар товч танилцууллаа.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай,
-ДЭМБ “Ковид19” цар тахлын үед гишүүн орнуудтайгаа хамтарч ажилласан. Монгол Улсын манлайлал, туршлагыг бусад орнуудад хуваалцаж байгаа гэж хэлээд гишүүн орнуудынхаа өмнөөс Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ.
Эрүүл мэнд эрсдэлд орвол бүх зүйл эрсдэлд ордог гэдгийг ковидын үед дэлхий нийт ойлголоо. Монгол Улс ковидын дараа иргэдээ урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамруулж байгаа нь маш чухал. Монгол Улсын Засгийн газар үлгэр жишээ болох олон туршлага гаргаж байна гэж ноён Такеши Касай хэллээ.
Эрүүл мэндийн салбарт цогцоор нь анхаарах ёстой. Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбартаа хийж буй шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжиж, хамтарч ажиллахаа тэрбээр илэрхийллээ.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагынхантай “Walk the Talk” арга хэмжээнд оролцож эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Тэд ковидын үед ажлын ачаалал ихтэй ажилласан ч шинэ санаа, санаачилга дүүрэн байсан нь бахархалтай байлаа гэж ярилаа.