Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоун-ийг энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр тал төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо. Элчин сайд Филип Малоун-ийн зүгээс Британийн тал Монголын төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж хамтарч ажиллах саналтай байгааг илэрхийлж, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв.
Сайд Л.Халтар төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлж буй төслүүд болон цаашид хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын талаар танилцуулж, далайн тээврийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг хүсэж, хоёр улсын агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг шуурхай анхаарч ажиллахаа илэрхийллээ.