Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК бүтээгдэхүүнийхээ үнийг тонн тутамд 46000 төгрөгөөр (20%) бууруулж, 184000 төгрөг болгосон гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар хэллээ.
Түүний хэлснээр “Цемент Шохой” ТӨХК нь одоогоор жилд 350 мян.тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ жил 450-500 мян.тн-д, ирэх жилээс 700 мян.тн-д хүргэх зорилт тавьж ажиллах юм байна. Зах зээлд өрсөлдөх тактикаа үнээ бууруулах замаар хүчин чадлаа эрс өсгөж, нэг тонн цементэд ногдох өртгөө бууруулах хэмээн тодорхойлж, бүх улиралд үйлдвэрлэлээ тогтвортой хадгалж ажиллах гэнэ.
Маргаашаас эхлэх “Барилга Экспо-2022”-д тус компани цементийнхээ борлуулалтын гэрээг хямдарсан үнээр хийх юм байна.