Тогтмол өсөлттэй байсан авто машины импорт энэ онд буурсан байна. 2026 оны эхэнд автомашины импорт 68 хувиар буурсан үзүүлэлттэй байсан бол хоёрдугаар хагаст 52.5 хувиар буурчээ. Монгол Улс 2015-2025 онд 718190 ширхэг суудлын автомашин, 215065 ширхэг ачааны автомашин, 14779 ширхэг нийтийн тээврийн моторт хэрэгсэл импортолсон байна. Харин 2026 он гарсаар оны эхний хагас жилийн байдлаар 43131 ширхэг суудлын автомашин, 10389 ширхэг ачааны автомашин, 615 ширхэг нийтийн тээврийн моторт хэрэгсэл импортолжээ. Улмаар суудлын авто машины импорт 155 сая ам.доллараар, ачааны авто машины импорт 57 сая ам.доллараар буурчээ.
Суудлын авто машины импорт 2024 онд хамгийн их буюу 123089 ширхэгт хүрчээ. Ийнхүү суудлын авто машины импорт буурахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг 2-3 дахин, замын татварыг 5 дахин нэмэх шийдвэр гаргасан. 2025 оны импортын бууралт үүнтэй холбоотой байж болох юм. Автомашины импортод татвараас гадна төгрөгийн ханш, зээлийн нөхцөл, Япон болон Солонгос улсын автомашины нийлүүлэлт, хотын түгжрэл, зогсоол гээд олон хүчин зүйл нөлөөтэй. Импортолсон автомашины тооны өсөлтийг харвал 2016 оноос хойш жилд дунджаар 13.4 хувиар өссөн байна. Тэр дундаа 2024 онд 123.1 мянган автомашин оруулж ирсэн нь түүхэн дээд үзүүлэлт байв. Өнгөрсөн онд энэ тоо 27 хувиар буурсан ч бусад жилүүдээс өндөр хэвээр байсан. Өөрөөр хэлбэл тус онуудад ердийн үеийнхээс 2-3 дахин их автомашин оруулж ирсэн байна.





























