УИХ-ын дарга С.Бямбацогт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тэрбээр бүтээн байгуулалтын талаар цахим хуудаснаа "Баруун бүсийн төдийгүй Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолд стратегийн ач холбогдолтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд Монголын 260, гадаадын 262 буюу нийт 522 хүн ажиллаж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд:
Төслийн талбайд нэвтрэх 37.4 км авто зам 100 хувь баригдлаа. Түр зам, түр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмагийн үйлдвэр, лаборатори, түлш болон хангамжийн агуулах зэрэг үндсэн бэлтгэл байгууламжууд 100 хувь дуусжээ.
Мөн голдирол өөрчлөх, үерийн ус зайлуулах туннелийн туслах туннель 100 хувь, үндсэн туннелийн дээд хэсгийн малталт 95.32 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ус дамжуулах, эрчим хүч үйлдвэрлэх туннелийн 1, 2, 4 дүгээр салаа туннелийн малталт 100 хувь дуусаад байна. Машин заалны суурийн нүхний малталт 100 хувь дуусаж, суурийн боловсруулалтын ажил эхэллээ.
Цахилгаан механик болон гидромеханик үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл, нийлүүлэлт үе шаттай үргэлжилж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС бол баруун бүс нутгийг найдвартай эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолыг бэхжүүлэх стратегийн бүтээн байгуулалт юм. Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС өнөөдөр бодит бүтээн байгуулалт болж байна" гэлээ





























