Цагдаагийн байгууллагаас Баянхонгор аймгийн Бууцагаан суманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байгаа ажээ. ЦЕГ-аас өгсөн мэдээлэлд “Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд “Бууцагаан сум Баянбүрд 4-р баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтаар тус багт суух Э.О /эр.32н/-ыг марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж амь насыг нь хохироож зугтаасан гэх хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт шуурхай ажиллаж байгаа бөгөөд гадаад улсын 2 иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэжээ. Гадаадын иргэд арабууд байсан гэх мэдээллийг нутгийнхан өгөөд байгаа юм.