Японы мэргэжлийн сүмогийн хацү башёгийн гурав дахь өдрийн барилдаан их аварга Тэрүнофүжигийн ялалтаар өндөрлөв. Тэрбээр өгнөөдөр нутаг нэгтэн маэгаширагийн тэргүүн бөх Кирибаяма Б.Лхагвасүрэнг өвдөг шороодуулав. Ингэснээр их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Митакэүми тэргүүтэй таван бөхийн хамтаар башёг ганц ч унаагүйгээр тэргүүлж байгаа бол Кирибаяма Б.Лхагвасүрэн гурав дараалан унаж, нэгдүгээр сарын тэмцээнийг тааруухан эхэлж байна.
Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил Таканошод унаснаар хоёр даваа, нэг унаатай болов. Ичиножо А.Ичинноров өнөөдөр мөн өвдөг шороодож, нэг даваа,хоёр унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Чиёошома Г.Мөнхсайхан өнөөдөр анхны даваагаа авсан бол Хоошорюү С.Бямбасүрэн учраагаа давж, хоёр даваа, нэг унаатай болжээ.