Испани улс хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэлзүйн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 16 хүртэлх насны хүүхдийн сошиал сүлжээний хэрэглээг хязгаарлах шинэ бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
Тус улсын Засгийн газраас танилцуулсан төлөвлөгөөнд Facebook, Instagram, TikTok, X зэрэг сошиал платформуудыг ашиглахад нас баталгаажуулах илүү хатуу систем нэвтрүүлэх, 16 нас хүрээгүй хэрэглэгчдэд алгоритмын нөлөөлөл, донтуулах контентыг багасгах зохицуулалт хийхээр тусгасан байна.
Мөн хүүхдүүдэд чиглэсэн хортой контент, цахим дээрэлхэлт, хувийн мэдээлэл алдагдах эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор эцэг эхийн хяналт, зөвшөөрлийн механизмыг сайжруулах аж. Хууль зөрчсөн платформуудад торгууль, хариуцлага тооцох заалт ч багтжээ.
Испанийн албаныхны тайлбарласнаар сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, түгшүүр, цахим дарамттай холбоотой асуудал нэмэгдсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.
Испани ийнхүү сошиал сүлжээний хэрэглээг хуульчлан хязгаарлах алхам хийж буй нь Европын бусад орнуудад жишиг болохуйц шийдэл гэж шинжээчид үзэж байна.





























