Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб улс руу нэгдүгээр сарын 26-наас эхлэн визгүй зорчих боломжтой болжээ. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа хэлэхдээ “Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд нийт 30 улсад визгүй зорчих боломжтой бол дипломат паспорт эзэмшигч иргэд 68 улсад визгүй зорчдог. Визгүй зорчих асуудал нь хоёр улсын харилцан хэлэлцээрээр шийдэгддэг. Хэлэлцээрийн үндсэн зарчмуудыг талууд тохиролцсоны дараа Засгийн газрын түвшинд хэлэлцэн, эцэст нь албажуулж баталгаажуулдаг. Үүний дараагаар визгүй зорчих нөхцөл хэрэгжиж эхэлдэг. Хамгийн ойрын хугацаанд бодит үр дүнд хүрсэн хэлэлцээр бол Колумб улстай байгуулсан визгүй зорчих хэлэлцээр юм. Уг хэлэлцээрийн хүрээнд нэгдүгээр сарын 26-наас эхлэн Монгол Улсын иргэд Колумб улсад визгүй зорчих боломжтой болсон.






























