Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд нар 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа: Хүний эрхийг сахиулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын форумын (APF) хоёр жил тутмын бага хуралд оролцлоо.
Тус бага хурал нь Фижи Улсын Хүний эрх, ялгаварлан гадуурхахын эсрэг Комиссын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд бүс нутгийн хүний эрхийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, түнш байгууллагууд болон шинжээчид хамтран оролцож байна. Хуралдааны үеэр хүний эрхийн байгууллагуудын бие даасан байдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үүрэг амлалт, хүний эрхийг хамгаалагчид болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба байгаль хамгаалагчид” сэдэвт хуралдаанд панелистаар оролцсон бөгөөд оролцогчид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг үндэсний түвшинд хэрэгжүүлэх, уур амьсгал, байгаль орчныг хамгаалагчдын аюулгүй байдлыг хангах талаар санал солилцлоо.
ХЭҮК-ын энэхүү оролцоо нь Монгол Улсын хүний эрх, байгаль орчныг хамгаалах, хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах чиглэлд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулж буй чухал хувь нэмэр юм.






























