Үндэсний хувьсгалыг оройлон манлайлсан нь
...Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29. Энэ өдрийн жин үдийн морин цагт Богдын ордны өмнө хан, ван, гүн, бэйд, бэйс, ноёд, баяд төдийгүй харц ядуу ардууд цөм баяр хөөртэй цугларчээ. Хүй мандалын дэнжид болдог даншиг наадмыг эс тооцвол Их Хүрээнд ойрын хэдэн арван жилд ийм олон хүн цугларсан ёслол болоогүй ч байж мэднэ.
Жин үдийн нар голлож морин цаг эхэлмэгц Халхын Сайн ноён хан Намнансүрэн хурсан олны өмнө ёс, намба төгөлдөр залран баруун өвдөг дээрээ сөхрөн сууж, Манж Чин улсын ноёрхол нуран унаж, монголчууд эрт чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Жавзандамба хутагийг төр, шашныг хослон баригч, Наран гэрэлт, түмэн наст эзэн хаан хэмээн өргөмжлөх тухай тунхаг бичгийг тод цолгиун дуугаар дуудан сонордуулжээ.Үүний дараа Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд нар Богд хаан, Улсын эх дагина нарын тэргүүнд эрдэнийн шигтгээт титмийг хүндэтгэлтэйгээр залахуйд хуран цугласан олон уухайлан хурайлж, залбиран мөргөж, хүн бүрийн нүдэнд омог бахархлын оч гялалзаж, баярын магнай тэнийжээ. Оройн дээд, Наран гэрэлт, Түмэн наст Богд эзэн хааны титмийн алтан очир нь эзэн Богд Чингис хааны үр сад сэргэн мандсаны бэлгэдэл байв.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалд онцгой гавьяа байгуулсан тул Богд хаан Сайн ноён хан Намнансүрэнд үе улиран хан цол, ногоон жууз, шар хүрэм, улбар шар жолоо, Итгэмжит эетэй, эрх дайчин цол олгож, улмаар Түр ерөнхийлөн шийтгэх газрын Шадар сайдаар өргөмжлөх зарлиг гаргажээ. Монголчууд Манж Чин улсын 220 гаруй жилийн ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах их үйл хэрэгт Сайн ноён хан Намнансүрэн оройлон оролцсон юм.
Тухайлбал, Богд гэгээнтэн “Цаг болов” хэмээн зарлигласан ёсоор 1911 оны долдугаар сард ноёдын нууц зөвлөгөөн болж, Түр засгийн газрыг нууцаар байгуулж, Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчид явуулах, цэрэг, зэвсэг, мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлыг төлөвлөж, Орос явах элчид Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилжээ. Түүнээс өмнө 1911 оны хавар Халхын дөрвөн хан Манжаас тусгаарлах эрмэлзлээ илэрхийлж, Хаант Орос улсаас тусламж гуйх бичиг үйлдэхэд Сайн ноён хан тэргүүлэн гарын үсгээ зурсан гэдэг. Сайн ноён хан Намнансүрэн Манжийн шинэ засгийн бодлого гэгчийг эхнээс нь эсэргүүцэж Чин ван Ханддоржийн тусгаар тогтнох үйл хэргийн үзэл санааг бүхий л талаар дэмждэг байв. Энэ мэтээр язгуур үндсээ хамгаалж, улс гэрээ туурга тусгаар болгож, Монгол Улсын гал голомтыг сэргээн бадраах үндэсний хувьсгалыг ялалтад хүргэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байж, хамтарсан ноёд нь Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав нар байсан ажээ.
Сайн ноён ханы 10 дахь үеийн орыг залгамжлав
Халхын Сайн ноён хан, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн 1878 онд XV жарны шороон барс жилийн бар сарын бар өдөр Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Онги мөрний хөвөө, Ондилт тээл, Дойт өндөр, Баруун түрүү, Шивээ овооны дөрвөн зүг найман зовхисын уулзвар Ганданцэмпилэн хүрээнд Догшин цоохор ноён хэмээн аймаг, хошуундаа алдаршсан Цэрэндондовын Төгс-Очир ноёны өргөөнд, Эрдэнэ хатан Хандмаагаас мэндэлжээ. Эцэг нь Намнансүрэн хөвгүүнээ зургаан настайд 1884 онд бэйс Чимэддорждоной, түшмэл Шийлэг нарт шавь оруулсан нь өөрийн хан суурийг залгамжлуулах холын бодол, холч ухааных нь илрэл байв. Төгс-Очир ноёнтон гурван хатан таалсан бөгөөд тэдгээр хатдаас нь төрсөн зургаан хөвгүүн, гурван охинтой байжээ. Хөвгүүдийнхээ дундаас Намнансүрэнг онцлон үзэж, эрдэм ном хийгээд элдэв арга ухаанд сургаж, амьдралын эрээн барааныг эрт таниулсан нь хожмын Сайн ноён ханы үзэл бодол, байр суурь төлөвшихөд ихээхэн нөлөөлжээ.
Намнансүрэн хүү монгол бичгийг нэвтэрхий сурч, манж, хятад хэл үзэж, түүхийн судар судлан, хожим улс төрийн хэргийг ихэд эргэцүүлэх болсон байна. Түүний багш Чимиддорждоной түшмэл монгол хар ухаантай, хашир хэрсүү нэгэн байсан тул шавьдаа доодсын амьдрал, монгол ахуй заншлыг ч давхар мэдрүүлж сургажээ. Чимэддорждоной бэйс таван хэлтэй, хууль зүйн ухаанд мэргэшсэн алсын хараатай, чин шударга нэгэн байсан бөгөөд Сайн ноён хан Намнансүрэн хожим Ерөнхий сайд болохдоо түүнийг дэргэдээ авчирч Цэргийн яамны эрхэлсэн түшмэл буюу дэд сайдаар томилон ажиллуулж байсан гэдэг. Түүхийн ном бичгээс үзэхэд Намнансүрэн хан төрийн хэрэгт өөрийн багштайгаа 36 жил хамтран зүтгэсэн аж.
Намнансүрэн эрдэмд боловсрохын хэрээр эгэл даруухан, ачлал хүмүүнлэгийн сэтгэлийг олж, царай зүс өнгөлөг, бие гоолиг тэгш, сайхан эр болон өсчээ. Тиймээс аймаг, хошууны ардууд нь түүнийг Ягаан ноён хэмээн хүндэтгэн дуудах болсон гэдэг. Түүнийг дөнгөж төрснийх нь дараа “Намнансүрэн хөвгүүн нь эрдэм билиг төгс бадрангуй, энэрэнгүй бодь сэтгэлтэн, сайн сайхны цог жавхаа, эрийн шинж тэгш, гоо үзэсгэлэн бүрдсэн, төрийн түвшин нуруутай хүн болно” гэж зурхайч айлдсан нь ийн хожмоо хувь тохиол төгс бүрдэн биелсэн ажгуу.
Эцэг Төгс-Очир нь 1896 онд бие барснаар Намнансүрэн Сайн ноён хан аймгийн 10 дахь үеийн хан орыг залгаж, Чин вангийн хэргэмийг уламжлан авч, улмаар 1897 онд хошой чин ван цол хүртэн хошуу захирах засаг, аймгийн хан, Цэцэрлэгийн чуулганы дарга болжээ. Намнансүрэнгийн үед Сайн ноён хан аймаг 24 засаг хошуу, 8 тамгатай хутагтын шавь нийт 32 засаг захиргааны нэгжээс бүрдсэн Халхын дөрвөн аймгийн хамгийн том аймаг байлаа. Ийнхүү цэл залуугаараа аймгуудын чуулганы даргаар томилогдсон нь түүний олж авсан боловсрол, хүмүүжил, эрдэм мэдлэг тухайн үедээ илтэд цолгорон тодорсны гэрч ажээ.
Тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн нь
Олноо өргөгдсөний хоёрдугаар он буюу 1912 оны долдугаар сард Бүгд ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг тохоон томилжээ. Тэрбээр 1919 оны дөрөвдүгээр сард таалал болтлоо Монгол Улсын Ерөнхий сайдаар долоон жил ажилласан юм. Энэ он жилүүд Монгол Улсын хувьд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө цэрэг зэвсгийн хүчээр төдийгүй дипломат аргаар цусгүй тулаан хийсэн, тун эгзэгтэй зурвас үе байв.
Ийм цаг үед 1912 онд Монгол Улсын гадаад улстай байгуулсан анхны гэрээ болох Монгол, Оросын хооронд найрамдлын гэрээг байгуулахад Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж, улмаар 1913 онд Монгол, Төвдийн хооронд хэлэлцээр хийжээ. Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 оны аравдугаар сард Хаант Орос улсад анхны төрийн дээд айлчлалыг хийсэн нь гадаад харилцааны үндсийг тавьсан түүхэн үйл явдал байсан юм. Тэрбээр Оросод гурван сар орчим байхдаа тус улсын Сайд нарын зөвлөлийн дарга, Гадаад яамны сайд нартай удаа дараалан уулзаж Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх талаар чармайн оролдож байв. Ерөнхий сайд Намнансүрэн II Николай хаантай хоёр ч удаа уулзсан байна. Тэрбээр Оросын хаан болон бусад эрх баригчдад “Эрдэнийн очир” одонг гардуулж, хадгийн хамт үндэсний өвөрмөц хийцтэй бэлэг сэлт барьж, Оросын талд хандан Монгол Улс байгуулагдсаныг Хятадад хүлээлгэн, гурван этгээд улс хамтран хэрэг хэлэлцэх тухай хүсэлт тавьж, 1913 оны Орос, Хятадын тунхагийн үзэл санааг огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна.
Мөн Петрбургт сууж байхдаа Англи, Америк, Япон, Хятад, Швейцарь, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри зэрэг 10 гаруй улс орны Элчин сайдын яаманд тусгаар тогтнолын тухай нот бичиг хүргүүлэхэд Хятадаас бусад нь хүлээж авчээ. Тэрбээр Хаант Оросоос зэвсгийн туслалцаа гуйсан боловч тэд хариуд нь Барга, Өвөрмонголын нутгаас Монгол Улс цэргээ татахыг шаарджээ. Ийнхүү аргагүй эрхэнд Оросын шахалтаар цэргээ татсанаар хятадууд Өвөрмонголд цэргийн хүчээ оруулсан чигээр үлдэж, Монголын өвөр нутаг Хятадын мэдлийнх болсон юм.
Ерөнхий сайд Намнансүрэнгийн айлчлалын үед болсон хэлэлцээрүүд улс төрийн тохиролцоонд хүрч чадахгүй байсан учраас Петрбургт Монголын Элчин консулын газар нээх санаа нь бүтэлгүй болсон байна. Гэвч Хаант Орос улсаас 30 жилийн хугацаатай гурван сая рублийн зээл авахаар болжээ. Оросын тал тус зээлийн зарцуулалтад хяналт тавих төлөөний түшмэлийг Их Хүрээнд суулгах болзол тавьсанд Намнансүрэн Монгол Улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг хэмээн үзэж татгалзсан байна. Хаант Оросын тал Намнансүрэнг шахамдуулж, зээл өгөхөө цуцлах хүртэл алхам хийхээр байсан тул арга буюу 1913 оны арванхоёрдугаар сарын 25-нд “Монгол Улсын Засгийн газраас Орос улсын харъяат Сергей Андреевич Козинтой хэлэлцэн тогтсон гэрээ бичгийн зүйл” гэгчид гарын үсэг зурсан байдаг.
Намнансүрэн Монгол туургатныг нэгтгэсэн улс байгуулах хэргийг Хаант Оросоор зөвшөөрүүлэх гэж хичээнгүйлэн зүтгэсэн боловч талаар болсонд их л дурамжхан нутагтаа эргэж иржээ. Гэвч Ховдын хязгаарыг өөртөө нэгтгэх явдлыг Хаант Оросоор зөвшөөрүүлсэн нь маргашгүй том амжилт байсан юм. Сайн ноён хан Намнансүрэн 1912 онд Ховдын хязгаарыг чөлөөлөх үйл хэргийг оройлон манлайлсан Манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нарыг дэмжиж, эд хөрөнгө хандивлаж байжээ.
Тэрбээр Петрбургт байхдаа мал эмнэлгийн сургууль, хэд хэдэн үйлдвэр, халуун цагт мах хадгалах зоорь, үхэр бууны цэргийн сургууль, орд харш зэргийг үзсэн нь түүний улс орноо шинэтгэх үзэлд ихээхэн тус болжээ. Намнансүрэн гурван улсын хэлэлцээрт Япон улсыг оролцуулах боломжийг судалж Японы эзэн хаанд захидал илгээж, Да лам Цэрэнчимэдийг 1914 онд Япон руу илгээх оролдлого хийсэн аж. Энэхүү хэлэлцээрт дөрөвдөгч, тавдагч орнуудыг оролцуулбал Монгол Улсад ашигтайгаар эргэх боломжтой хэмээн тунгаасан боловч Японы тал Оросын бодлогын улмаас тэрхүү бичгийг задалж уншилгүй буцаасан түүхтэй.
Монголын төлөөх үйл хэрэг ба эх орончийн ганцаардал
Сайн ноён хан Намнансүрэн амьдралынхаа сүүлийн жилүүдэд Ерөнхий сайдын албыг хашихдаа Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, хэтийн хөгжлийнх нь суурийг тавихын төлөө чөмгөө дундартал зүтгэжээ. Сайн ноён ханы санаачилгаар Засгийн газрын бодлогын дагуу Нийслэл Хүрээ болон аймаг, хошуудад 70 шахам бага сургууль, Хужирбуланд Цэргийн сургууль тус тус байгуулж, Хиагт, Эрхүү хотод Х.Чойбалсан тэргүүтэй 13 хүүхэд багачуудыг явуулж сургасан нь улс орны хөгжилд боловсрол асар чухал болохыг ойлгож, үүнд ихээхэн анхаарал тавьж байсны илрэл юм.
Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн шууд дэмжлэгтэйгээр 1913 онд “Шинэ толь”, 1915 онд “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийг гаргасан нь Монголын орчин цагийн тогтмол хэвлэлийн үндэс суурийг тавьсан дэвшилтэт үйл явдал байсан билээ. Тэрбээр 1915-1918 онд төрийн сүлд, далбаа, үндсэн хуулийн агуулга бүхий 65 дэвтэр “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”, Монгол Улсын цэргийг шинэчлэн байгуулах дүрмийг боловсруулан гаргаж, өөрийн байгуулсан Дээд ба Доод хурлаар хэлэлцүүлэн батлуулжээ. Эдгээр хурлууд нь 1914 оны хоёрдугаар сард байгуулагдсан бөгөөд Дээд хурал нь 50-60 хүний бүрэлдэхүүнтэй, Ерөнхий сайд Намнансүрэн сайд даргалдаг байжээ. Харин Доод хурал нь 70-80 хүнтэй, дээрээс томилсон хүн даргалдаг байв. Тиймээс Сайн ноён хан Намнансүрэнг Монгол Улсын анхны Ерөнхий сайд төдийгүй анхны парламентын дарга хэмээн үзэж болно. Тэрбээр Монгол Улсын төрийн дээд шагнал “Эрдэнийн очир” одонг бий болгож Чингис хааны, Абтай сайн ханы, Богд гэгээний гэсэн гурван зэрэглэлээр олгохоор тогтжээ.
1915 онд Хиагтын гурван улсын хэлэлцээрээр Монголыг автономит улс болгосны дараа 1915-1919 он хүртэл Цэргийн яамны сайдын үүргийг хавсран хашиж, урд хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс Хаант Орос, Герман зэрэг орноос их буу, пулемет, винтов буу зэргийг худалдан авчээ. 1916 онд Оросын Элчин А.Орловтой гэрээ байгуулж Монголын 200 морьт, 200 явган цэргийг Орос түшмэл Хүрээнд ирж сургахаар болсон байна.
Ерөнхий сайд Намнансүрэн байгалийн баялаг, нөөц бололцоо, хүн амынхаа чадавхийг нарийн тооцож судалсны үндсэн дээр эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх нь чухал хэмээн үзэж Козин, Витте, Лисовский нарын орос, польш судлаач, зарим монгол түшмэдийн хамтарсан баг бүрдүүж тус улсын геологи, хөрс, ургамал, ус, газарзүйн зураглал, тоо бүртгэл, эдийн засгийн судалгааны хөтөлбөр боловсруулж байсан аж. Мөн тэрбээр 1915 онд хайгуул шинжилгээ хийх дүрмийг боловсруулж, Монголын шинжлэх хэргийг эрхлэх хороог байгуулжээ. 1914-1916 онд Шинэтгэлийн хороо, хамгаалалтын алба, хяналтын хороо зэргийг байгуулах, улсын орлого зарлагын данс, мөнгөн хадгаламж, албан татвар оноох, гаалийн хураамж авах тухай дүрэм боловсруулах, цай худалдаалах, мөнгөний ханш тогтоох, мөнгө хүүллийн эсрэг тэмцэх зэрэг төслүүдийг боловсруулж Улсын Дээд ба Доод хурлаар хэлэлцүүлж байсан юм. Цөөн хэрэглэгч бүхий телефон утас, бага оврын цахилгаан станц зэрэг жижиг үйлдвэрүүдийг байгуулж, үндэсний банк, авто өртөө бий болгох, төмөр зам тавих ажлыг ч мөн хөөцөлдөж байв. Гэвч түүний улс орноо шинэтгэх эдгээр дэвшилтэт бодлогууд нь Орос болон Хятадын нөлөөний улмаас хагас дутуу хэрэгжсэн билээ.
Хиагтын хэлэлцээрийн дараа Ерөнхий сайд Намнансүрэнгийн үйл ажиллагааны цар хүрээ багасч, ялангуяа гадаад улс төрийн үйл ажиллагаа бараг зогссон ч энэ бүхэн эх оронч Ерөнхий сайдын чин хүслийг мохоосонгүй. Тиймээс тэрбээр Хятадаас Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг чадлынхаа хэрээр оролдож байв. 1916 оноос Богд хааны мэлмий муудаж чилээрхэн, хамтран зүтгэж байсан Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд, Сангийн яамны сайд Түшээ гүн Чагдаржав нарын сайд нар учир битүүлгээр хорлогдон харамсалтайгаар нас барсан нь түүнийг ихээхэн ганцаардуулжээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын талыг илт баримтлагч Шанзудба Бадамдоржийн нөлөө ихсэж, Намнансүрэнгийн үйл ажиллагаанд саад хийж эхэлжээ. Энэ үеэс Монголын ноёд бүлэглэлийн хоорондын зөрчил хурцдаж, зарим нь улс үндэстнийхээ эрх ашгийг умартан, дураар авирлах болсон гэдэг. Ерөнхий сайд Намнансүрэн энэ бусармаг байдлыг эсэргүүцэн, аливаа үйлдлээрээ тэмцэхийн зэрэгцээ эс үйлдлэрээ ч сануулга өгөхийг хичээж байсан нь улс төрийн амьдралаас үе үе хөндийрөн нутаг орноо бараадах болсноос нь хараггдаг. Нэгэн удаа нутагтаа очоод байхад нь 1919 оны дөрөвдүгээр сард Нийслэл Хүрээнээс түүнийг дуудсан тул яаран буцсан байна. Ийн Нийслэл Хүрээнд ирээд удалгүй ид залуу 41 насандаа учир битүүлгээр хорвоог орхижээ.
Цаг бусын эцэслэл
Сайн ноён ханы цаг бусын үхэл тухайн үед олныг цочоосон юм. Түүнийг Богдын ордонд болсон хүлээн авалтын үеэр хортой архи хүртсэний улмаас бие барсан гэдэг яриа ч гарч байж. Тухайлбал түүхч Ц.Пунцагноров 1955 онд хэвлүүлсэн “Монголын автономит үеийн түүх” номынхоо 104 дэх талд "1919 онд Намнансүрэн хорлогдон алагджээ” гэж бичсэн байдаг. Академич Б.Ринчен 1952 онд “Үүрийн туяа” түүхэн романдаа “Хүрээ тойрсон хүрднээс Алаг мянган нүдэт сахиусан Сайн ноён хан Намнансүрэнг хорлосон Сэрээнэн отчийг гэсгээн соёрх, Хятадын дарлалаас биднийг авран өршөө. Ум ма ни бад мэ хум” гэх зэргээр бичсэн үсэг үзэгдэх боллоо” гэж өгүүлээд энэ бол үнэн зүйл хэмээн тэмдэглэсэн байдаг.
Сайн ноён хан Намнансүрэнгийн амьдрал, үйл хэргийг судалсан судлаач А.Дашням 1990 онд хэвлэгдсэн “Халхын сайн ноён хан Намнансүрэн” номынхоо 34 дэх талд “...Намнансүрэнгийн амь биеийг бусниулан бүрэлгээд Ерөнхий сайд болох санаа Бадамдоржид байж, нэгэн мянга есөн зуун арван наймдугаар оны өвөл бие сувилах чөлөөгөөр орон нутагтаа очоод байсан Сайн ноён ханыг Богдын зарлигаар яаралтай дуудуулж Нийслэл Хүрээнд ирүүлсэн байна. Түүний дараа Намнансүрэн ноёны ойр орчинд шадарлаж байсан зуйгар зусарган зант төвд Ринчин гэгчийг талдаа татан, Сайн ноён ханыг тандан туршуулж энд тэнд явсан, үүнтэй түүнтэй ингэж тэгэж ярилцсан гэх мэтийн худал үнэн хов жив зөөлгөж байсан төдийгүй, ...бие лагшин нэн чилүүр ахуйд бодийг нь хөтлөх нэгэн бор үрлийг Богдын отчоор дамжуулан Шанзуб Бадамдорж, төвд Ринчин хоёр хоорондоо үгсэн хуйвалдаж өгснийг Намнансүрэн хар санасангүй харин ч амь биеийг аюулт өвчнөөс ангижруулан салгах үрэл биз хэмээн хэрэглэснээр хорлогдож, Бадамдорж ч санасандаа хүрч Ерөнхий сайд болсон...” хэмээн бичсэн байдаг.
Энэ бүх баримт сэлтээс үзэхэд Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн амь насыг хөнөөх бусармаг үйлдлийг Богд хаант Монгол Улсын төр, засгийн дээд албан тушаалтан, мяндагтнууд хуйвалдан, нарийн зохион байгуулж хийжээ гэх үндэстэй. Тухайн үед Богд хааны мэлмий бүүдийж, бие нь ойр ойрхон чилээрхэж байснаас дараагийн хаан хэн болох вэ гэсэн яриа сэм гарч, хамгийн өндөр магадлалтай хүн нь эзэн Чингис хааны 15 дугаар үеийн ач Батмөнх даян хааны 11 дүгээр хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй үйзэн ноёны 15 дахь үеийн үр ач, Ерөнхий сайд, Түмэнхэн номун эзэн, Итгэмжит эетэй, Эрх дайчин Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн байв. Тиймээс эрх мэдэл, ямба, цол хэргэм, эд хөрөнгөнд шунасан түшмэд Сайн ноён ханыг зам мөрөөсөө зайлуулахаар үгсэн нэгдсэн байх магадлал өндөр. Тухайлбал, Шанзуб Бадамдорж улс төрийн зөрчилтэй үзэл бодлынхоо төлөө Намнансүрэнгээс хэд хэдэн удаа сүрхий зэм авсны улмаас цээжиндээ хорсол зуусан хүн байж. Нөгөө талаар тэрбээр Богдын шавийн хүн бөгөөд Шанзавын яамыг толгойлж, улмаар Ерөнхий сайд болохыг ихээхэн эрмэлзэж явсан гэдэг. Энэ хүслээ биелүүлж Сайн ноён хан Намнансүрэнг нас барсны дараа Хятадын цэргийн эрхтнүүдтэй хуйвалдаж Монголын автономит төрийг унагаж, богино хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж, санасандаа хүрсэн юм. Сайн ноён хан Намнансүрэнг зуурдаар таалал төгссөний дараа Шанзуб Бадамдоржтой ойр шадар явсан Тогтох гүн, төвд Ринчин, Да лам Буянцогт нар зэрэг хэргэм нэмүүлж, албан тушаал ахисан гэдэг.
Судлаач А.Дашням “Халхын сайн ноён Намнансүрэн” номдоо Сайн ноён ханыг зуурдаар тэнгэрт хальсан эмгэнэлт мэдээг сонссон аймаг, хошууных нь албат иргэд, шадар хүмүүс нь “...арван хэдэн хиа дагалт, галч, хөтчийн хамт тэмээн хөсөгний харчин аяллаар явж Нийслэл Хүрээнээ хүрэлцэн ирээд, Хан ноёны хатан Магсаржав ахайтанд бараалхан эмгэнэл хүргэж гашуудсанд ахайтан ийн хэлрүүн:
-Цагаан сарын шинэдээр Богд хааны баяр ёслолын цаг хязгааргүй найр цайллаганд ноёнтон морилж очоод янз бүрийн нанчид зооглосон байдалтай тун их согтуу хөлчүү ирсэн юм. Богдын их отгоос эм тан залж хүртээсэн боловч огт засрал авсангүй. Заяа буян мөхөс биднийг үлэмжийн их гашуу, бэрхшээл зовлон дайрлаа хэмээн огцорсон сувд эрдэнийн дусал унаган хайлав" гэж болсон явдлыг Баяр бичээч нарын өгүүлэн ярьснаар бичсэн” хэмээн өгүүлжээ.
Сайн ноён хан Намнансүрэн 1900 онд өөрөөсөө долоон насаар дүү Магсаржавыг хатан болгон авч, хоёр хүү төрүүлсэн боловч харамсалтайгаар энджээ. Хожим Түшээт хан аймгийн мэргэн гүн Гомбожавын хошууны Түвдэн тайжийнхаас Батсүх хэмээх хүүг үрчлэн авсан ажээ. Түүний өргөмөл хүү Батсүх Сайн ноён ханы ор залгаж, 1921 он хүртэл суусан байна. 1924 онд хуралдсан МАН-ын III хурлаас Сайн ноён ханы үлдээсэн хөрөнгийг хурааж улсын орлого болгожээ. 1925 онд Оросын эрдэмтэн Козловын удирдсан шинжилгээний анги Онгийн гол орчмоор явж Чингис хааны удмын хаад, Сайн ноён ханы булш, бунхныг нууцаар ухаж, үлэмжхэн эд зүйлсийг хил давуулан гаргасан мэдээ байдаг.