Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэр 2007 онд гарсан ч 19.3 км хуванцар материалтай шугам угсарснаас хойш олон жил уг ажил гацсан. Тодруулбал. уг ажлын хүрээнд 18 жилийн хугацаанд “Бридж констракшн” ХХК 19.3 км шугамыг угсарсан гэж байгаа боловч энэхүү хуванцар шугам нь чанар, ашиглалтын шаардлага хангахгүйгээс үүдэн ус шүүрч, шугам угсрахаар ухсан нүхэн дэх усны түвшинг ихэсгэж байсан юм.
Уг ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-т хариуцуулж, хуванцар хоолойг ширмэн хоолойгоор сольж эхэлсэн. УСУГ-аас энэ жил 10 км шугам угсрах юм байна.
“Туул 1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ юм. Тодруулбал, тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөсөн.