Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй.
Хэргийг эргэн сануулахад, Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.
Хохирогч Улсын начин Э.Энхбат нь тархиндаа хүнд гэмтэл авч БНСУ-д эмчлүүлж байсан ч биеийн байдал сайжраагүй учир солонгос эмч нарын зүгээс эмчилгээг зогсоох болсон тухай ар гэрийнхэнд нь мэдэгджээ. Ингэснээр ар гэрийнхэн нь түүнийг эх оронд нь авчрахаар болсон юм.