Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ, түүхэн ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэв.
Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан, өнөөдөр гурав дахь мега төслөө хөдөлгөж байна. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг Ерөнхий сайд дурдав.