Яармаг орчмын орон сууцнуудын ус зэвтэй гардаг талаар оршин суугчдын гомдол их гардаг. Энэ нь тухайн бүс орчмын хорооллыг анх барьсан барилгын компаниуд магистраль шугамыг өөрийн хөрөнгөөр барихдаа хамгийн чанар муутай шугам хоолойг тавьсанаас болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн. Тодруулж хэлбэл Яармаг орчимд анх орон сууц барьсан компаниудын барьсан 5.2 км чанар муутай шугам хоолойноос дараа дараагийн орон сууцнууд салаалж шугамаа татсанаас ийм байдалд хүрсэн гэсэн үг. Тэгвэл Яармаг орчмын орон сууцны хороолллуудын шугам хоолойг энэ оны долдугаар сард сольж дуусгана гэж ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэллээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шугам хоолойг шинэчлэн солих ажлыг хийх ба тавдугаар сард ажлыг эхлүүлж долдугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна.
Тухайн бүс орчимд "PIAM", "REC"гэх нэртэй хоёр компани 2014 онд магистраль шугамуудыг барьсан ажээ. Тухайн хоёр компани хар төмрөн голтой, стандартын бус шугам хоолой тавьсанаас ийнхүү олон мянган айл өрх зэвтэй ус хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч, эргээд шугамыг дахин солихоос аргагүйд хүргэсэн нь харамсалтай.