Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг, дайнд оролцсон цорын ганц мэргэжлийн урлагийн байгууллага болох Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын алдартнуудын эгнээг өргөтгөж энэ өдөр гурван гавьяат төрлөө. Алдарт жаран харын “Арван цагааны дарга” хэмээн уран бүтээлчдэдээ хүндлэгдэж, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Налгар намрын уянга”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо” зэрэг олон дууг ард түмний хүртээл болгосон гоцлол дуучин Дэлгэрийн Баянмөнх, Монгол цэргийн бүжгийн гайхамшгийг дэлхийн ард түмэнд бахдан харуулсан, цэргийн бүжигт олон хүнд трюкууд, бүх төрлийн үсрэлтүүдийг санаачлан оруулсан армидаа бол “Боошиг”, ард түмэндээ “Сэнс” гэж алдаршсан бүжигчин Борын Дашзэвэг, дэлхийн болон монголын сонгодог хөгжмийн бүтээлүүдийг цэрэг дайчид ард иргэдэд хүргэж, төрийн ёслолын хүндэтгэлийн тоглолтуудад голлох үүрэгтэйгээр оролцож, 170 гаруй хүүхдэд хөгжмийн боловсрол эзэмшүүлсэн Концертмейстер, төгөлдөр хуурч Баяндалайн Уушанз нар МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаалаа.
Цэргийн чуулгынхаа үе үеийн уран бүтээлчид, ард түмнийхээ сэтгэлийг бахдуулан, хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлсэн чандмань гурван гавьяатдаа тэнгэрийн энгээр наслаж, газрын энгээр жаргахын ерөөлийг өргөе.