-Лигдэн хутагт хааны ордны найралд тоглож байсан аяны алтан нот олдсон учир түүнийг сэргээн тоглуулж байна-
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд Монгол нутгаас олдсон, монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг дахин сэргээн хийж, “Чингис хаан” музейн дэргэд найрал хөгжмийн баг бүрдүүллээ.
“Хаан найрал” нэртэй хөгжмийн найрал нь эртний монголчуудын хэрэглэж байсан олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр үйлдэж, эгшиглүүлж байгаа юм.
Мөн “Чингис хаан” музейн “Хаан найрал”-ын анхны хөгжим нь Монголын сүүлчийн эзэн хаан Чингис хааны удмын Лигдэн хутагт хааны ордны найралд тоглож байсан аяны алтан нот олдсон учир түүнийг сэргээн тоглуулж байна. Өөрөөр хэлбэл, 400 жилийн дараа Лигдэн хааны ордны найрал хөгжмийг “Их Монгол” нэртэйгээр өнөөдөр Төрийн ордонд тоглолоо.
Лигдэн хааны ордны найрлын алтан үсгээр тэмдэглэгдсэн нотыг орчин үеийн нотоор сольж бүтээсэн. Монголын хөгжмийн түүхэнд эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг анх удаагаа тоглож байгаа бөгөөд Монголын Их хаадын ордны найрал хөгжмийн түүхийг тодруулж буйгаараа онцлогтой.
Уг найрал Чингис хаан музейд гадаад, дотоодын жуулчдад тоглох, Монголын хөгжмийн түүхийг дахин бий болгох, сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг сурталчлах, ард олныг соён гэгээрүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.
Мөн үзэсгэлэнгийн танхимд хөгжмийн эх үзмэрийг байрлуулж, тоглолтын танхимд олдвороор олдсон хөгжмийн зэмсгүүдийг сэргээн тоглуулах, түүний түүхэн хөгжлийг харуулсан баримтад киног үзүүлэхээр бэлтгэсэн байгаа юм.
Үлээвэр хөгжим:
Зэмсэг | Аймаг | Цараа (чавхдас) | Тоо |
Ясан лимбэ | яс | b- c3 | 1 |
Хурган чих | c1 - c1 | 1 | |
Хашгираа их дуут хатан улаан бүрээ | 1 | ||
Цуур | Мод | 1 | |
Ясан шовшуур | Яс | 1 |
Ясан лимбэ:
Энэ бол өнөөг хүртэл олдоод байгаа дэлхийн хамгийн эртний лимбэ юм. Тэдгээр лимбэний ихэнхийг ясаар хийсэн бөгөөд урт нь 61-63 см, диаметр нь 2 см орчим байдаг. Ихэнх лимбэн дээр 2 хөндлөн нүх гаргасан бөгөөд зарим нь 1, зарим нь 3 нүхтэй байдаг. Зарим лимбэний дотор нарийн ясаар хийсэн хэл шиг зүйл байдаг бөгөөд лимбийг үлээх үед түүнийг нааш цааш хөдөлгөвөл яруу тунгалаг дуу гардаг байна.
Хүннүгийн үеэс үүдэлтэй гэж үздэг энэ хөгжмийг хөндий хулсаар хийж байснаа одоо ерийн хөндий модоор хийдэг болсон байна. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргаж, тэдгээр 4-н нүхээр өнгө солигдуулж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэдийгээр дуу нь аялгуулан тоглохгүй ч гэсэн хүний хоолойн хөөмий мэт сонин янзын өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээ мэт дуу авиаг уянгалуулан дуулах мэтээр хөгжимддөг ажээ. Хэмжээний хувьд эрт дээр үед хоёр тохой дөрвөн ямх байсан гэдэг. Орчин үед 30-40 см-ээс илүүгүй болсон байна. Энэхүү шулуун цуур хөгжмийг эрт дээр үеийн гэж хэлэх үндэс нь Хүннүчүүдийн хааны хатан болж, монгол нутагт олон жил аж төрсөн хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байсан хэмээн хөгжим судлаач Ж.Бадраа агсан “Монгол ардын хөгжим” номондоо мэдээлсэн байна.
Хашгираа их дуут хатан улаан бүрээ:
Энэ нь сүрлэг дуутай тул дайсан этгээд дууг сонсоод манаран унадаг, хийгээд төрийн бат хүндийн бэлгэдэл аж. “Хашгираа их дуут хатан улаан бүрээ”-г хараа ихт хар сүлдний догшуулгад заавал хэрэглэдэг байснаас гадна тусдаа нэгэн шүтээн болгон шүтсээр ирсэн байна. Энэ бүрээ нь тэнгэрийн мянган луу донгодсон мэт дуугардаг болохоор дайсан этгээд сонсмогц манаран унадаг болохоор ерийн үед амыг нь дээш нь харуулан залдаг байжээ.
Хурган чих:
Монголын эртний хөгжмийн зэмсэг Хурган чих нь Архангай аймгийн Өндөр Улаан сумаас олдсон.
Эртний Монголын хөгжмийн зэмсэг Хурган чихээр гологдсон хургыг авхуулдаг. Халуун хошуутай малын хошууг бэлгэдэн хийсэн бага насны хүүхдэд зориулагдсан цорын ганц хөгжмийн зэмсэг “Хурган чих”-ийн байгал дэлхийгээ аргадсан өнгө төрхтэй ая эгшиглээ нь өвөл зуд турхангүй өнтөй өвөлжихийг, зун ган гачиг үгүй зусахыг, хавар хавсрагагүй байхыг бэлгэддэг хэмээн монголчууд түүний дууг ихэд бэлгэшээдэг зан үйлтэй байжээ. Монголын эртний нүүдэлчдийн үлээвэр хөгжмийн зэмсэг “Хурган чих” өдгөө бараг устах аюулд өртөж буй соёлын биет өвийн нэг болжээ.
Ясан шовшуур:
Энэхүү олдвор нь мал, амьтны шагайт чөмөгний хоёр үзүүрийг огтолж, бүдүүн үзүүрийн ирмэг дээр доош харсан трапец хэлбэртэй хоног гаргаж цоолсон ясан эдлэл бөгөөд эртний анчдын ясан шовшуур буюу шүгэлний нэгэн төрөл болох юм. Энэ ясан шүгэл нь хүрлийн хожуу үе буюу нарийвчилсан он цагаар (C14) НТӨ 1042±31 он гэж гарчээ. Үүнээс үзэхэд энэхүү ясан шүгэл нь одоогоор манай улсын нутгаас олдоод буй хамгийн эртний хөгжмийн зэмсгийн нэг төрөл юм.
Чавхдаст хөгжим:
Зэмсэг | Аймаг | Цараа | Тоо |
Алтайн ятга | Мод | 2 | |
Бийваа | Мод | 2 | |
Хүлэг хааны ордны босоо ятга | Мод | f - f3 | 2 |
Янчир (Ёочин) | Мод | f - f3 | 2 |
Хүннү ятга | Мод | 1 |
Алтайн ятга:
Ховд аймгийн Манхан, Чандмань сумын зааг Жаргалант Хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас олдсон 7-8 дугаар зуун буюу эртний Түрэгийн үед хамаарагдах морин толгойтой ятга. Мод хусны үйсээр хийсэн. Өндөр нь 12,7 см, өргөн нь 10,4 см, урт нь 72,4 см. Урт нумарсан хүзүү бүхий их бие, голдоо трапез хэлбэрийн тэвхтэй нимгэн цараас бүрдэнэ. Их бие нь хоёр үзүүр рүүгээ нарийн завь мэт хэлбэртэй. Зэмсгийг хүзүүг их биеээс ухаж гаргасан бөгөөд нилээд нарийн чимхлүүр ур хийцтэй бөгөөд хүзүүг хусны хальсаар ороосон нь цагийн аясаар харлажээ. Хүзүүний болон их биеийн хоёр талд тус бүр нэг нэг мөр нийт 6 мөр бичээстэй[1] хэмээн тодорхойлжээ.
[1] Д.Батсүх, Т.Батбаяр. Жаргалант хайрханы хадны оршуулга “Талын морьтон дайчдын өв соёл” УБ., 2014. 236-р тал
Бийваа:
Манай эрний II зууны үеийн Лю Си - гийн “Ши мин” гэдэг зохиолын мэдээгээр бийваа ( пийпаа ) хөгжим хүннүгээс хятадад орсон байна. Хятадын Тан улсын үед бийваа хөгжим сайн тоглодог хүннү хүн Дундад Азийн орноос хятадад очиж байжээ. Хятадын орчин үеийг хөгжим судлаачдын үзэж байгаагаар бийваа гэдэг нь хятад үг бус бөгөөд уг үгийг хятадын Цинь улсын ( мэө 246 - 207 он ) үед хэрэглэж байжээ. Хүннү нарт бийваа байсан байна[1]
Хүлэгү хааны ордны ятга:
XIII зууны персийн зураачдын зурсан Ираны музей, Берлины номын санд хадгалагдаж буй Хүлэгэ, Өлзийт хаантай холбогдох чухал сурвалжийг тэмдэглэн үлдээсэн дүрслэх урлагийн бүтээлүүдийг харьцуулан судалж 7, 9, 11 чавхдаст босоо ятга хөгжмийг 2015 онд сэргээн бүтээж СУИС-ийн сургалт уран бүтээлийн эргэлтэд оруулсан билээ.
Арван нэгэн чавхдаст босоо ятга. XIII зуун
Bahram Gur’s Skill with the Bow, Timurid Dynasty 1430, Herat, Afghanistan.
[1] Г. Сүхбаатар “Эртний Монгол өвөг” УБ., 2000
Төрийн ятга:
Архангай аймгийн орон нутгийг судлах музейд хадгалагдаж буй дунд гарын цоохор Төрийн ятга.
“Мухулай дайнд мордохуй бас ч охидын хөгжмийг авч дагалдан явна. Бараг 17-18 настай маш хурц сэргэлэн охидыг дагуулж, 14 утаст гэх ятгаар Да Гуа Юй гэх төрийн их хөгжмүүдийг чавхдахыг хамтад гараан алгадаж хэмжээ хэмнэл, цохилго болгож дуу нь маш богино, бүжиглэх нь маш гайхамшигтай” хэмээн Мэнда Бэйлугийн “Монгол татарын бүрэн тэмдэглэл”-ийн “Найр хурим ба бүжиг наадам” бүлэгт тэмдэглэжээ. Г. Бадрах “Монголын хөгжмийн түүхээс” номдоо ...төрийн ятгад үеийн тэмдэг буй лугаа адил болмой. Үүгээр дууны тунгалаг, булингарын хөгийг ялгаварлана” хэмээн тэмдэглэжээ.
Янчир:
Хүннү, Сяньбийн үеийн булш, бууриудын малтлагаас хонь, ямаа, гур, аргаль, янгирын шагай гардаг нь монголчуудын шагайн хэрэглээний соёл нэн эртний улбаатай болохын гэрч юм. Модон цар дээр монголчуудын хийморийг бэлгэддэг морь буусан хонины шагайгаар тэвх хийсэн долоон чавхдаст нүүдэлчдийн хөгжмийн зэмсэг бол Янчир юм.
Скифийн ятга:
“СКИФ ЯТГА” Алтайн салбар уулс Пазырыкийн толгод дахь булшны малтлагаас олдсон. МЭӨ V-IV зуунд хамаарагдана. Энэ ятга нь мөлгөр ирмэг бүхий их бие ба чавхдас тогтоогчоос бүрдэнэ. Модыг ухаж хөндийлөөд голоор нь нарийсгаж өгсөнөөс наймын тоо шиг хэлбэртэй болжээ. Их биеийн ёроол нь завь шиг мэдэгдэхүйц дугуйрсан буюу матигардуу. Их биений хоёр үзүүрээс нь тууш татсан арьсан цартай бөгөөд модон хадаасаар бэхлэгдсэн. Их биений дээд хэсгээр өргөн нь 4,5см байна. Их биений хамгийн нарийн хэсэгтээ 5,3см, их биеийн царны урт 35 см, Өргөн 5-12 см, өндөр 12 см, ишний урт 23 см байна. Хамгаалалтын зөөлөвчтэй зориулалтын ууттай.
Утсан хөгжим:
Зэмсэг | Аймаг | Цараа | Тоо |
Хүннүгийн хэл хуур | яс | c1 - c2 | 2 |
Арслан хуур | Мод | c – c3 | 2 |
Шанаган хуур | Мод | es – c3 | 2 |
Икэл | Мод | 2 | |
Ширэн цартай хуур | Мод | f – c3 | 2 |
Цоор | Мод | 2 |
Хүннүгийн ясан хэл хуур:
Хүннүгийн хөгжмийн зэмсэг дотроос ясаар хийсэн “хэл хуур” хэмээх олдвор биетээр илэрч олдсон байна. Тодруулбал, 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Морин толгойн дурсгалт газрын хүннү булшнаас хэл хуур олджээ. Энэхүү хэл хуур 12.5 см урт, 1.4 см өргөн, 2 мм зузаан ясаар хийсэн эд бөгөөд голд нь 9.7 см урт, угаар 5 мм, үзүүртээ 2 мм өргөн урт хэлтэй юм. Хуурын хэлний угт жижиг нүхтэй агаад түүний эсрэг талыг 2 хажуугаас хотойлгон зорж барихад эвтэй болгож зассан байна. Морин толгойн булшнаас олдсон хэл хуур өдгөө ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Арслан хуур:
Морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж хаданд дүрслэгдэн үлдсэн хөгжмийн зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай. Хуурыг эрт үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж иржээ.
Өнө эртнээс уламжлагдан ирсэн шанаган хуур нь Төв халхын нутагт өргөн дэлгэр хэрэглэгдэж байсан ба түүний нэгэн төрөл болох Арслан хуур хөгжим нь Монголын соёлын үнэт өвд бүртгэгдсэн. Эртний Арслан хуур хөгжмийн зэмсэг нь Сайн ноён хан аймаг буюу одоогийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн иргэн С.Дэчингалавд хадгалагдаж байна. Арслан толгойтой шанаган хуур хөгжмийн зэмсэг нь 4 үе дамжсан 200 гаруй жилийн настай. Энэ Арслан толгойтой шанаган хуур хөгжмийг Зая гэгээнтэн ордон өргөөндөө залж тоглуулж цэнгүүлдэг байжээ. Хуурыг Нацаг хиа гэдэг хүн тоглож байгаад үе дамжуулан үлдээжээ.
Шанаган хуур:
Морин хуурын өвөг нь том дугуй модон цараар нь нэрлэсэн “Шанаган хуур” юм. Малчин монголчууд айргийнхаа модон утгуурт чавхдас татаж хөгжим болгон хэрэглэсэнээр шанаган хуур үүссэн гэж үздэг.
Шанаган хуур эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж ирсэн түүхтэй. Гэхдээ эдгээр нь хил буюу нумгүй товшвор байснаа түүхэн хөгжлийн явцад хилтэй болж өөрчлөгдсөн. Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгуудад таван үе дамжиж ирсэн гэх матар, луу, арслан толгойтой шанаган хуурууд мэр сэр байдаг байна.
ИКЭЛ:
Баруун монголд нэгэн зүйл морин хуурыг экил гэдэг. Экил нь морин толгойтой биш гилбэр, чандмань толгойтой. Икэлийн татлага нь ямар нэгэн домогт ая аялгуу, мал амьтны үйл хөдлөл, алхаа гишгээ, тэдгээрийг төсөөлж дуурайх, уул усны чимээ, мал амьтны дуу, шуугиан, бугын урам, бухын урам, хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг аргадах ая зэрэг баялаг олон төрөл байдаг.
Ширэн цартай хуур:
Монголчуудын сэтгэл зүрхний аялгуу бүхнийг өнө эртнээс өдгөө хүртэл өвлөн уламжилж ирсэн язгуур хөгжмийн зэмсэг бол ширэн цартай хуур билээ. Энэ хөгжим олон мянган жилийн өмнө хийсэн урлал, харьцаа, тоглолт гээд бүх талаасаа төгс хөгжсөн хөгжим.
Товшуур хөгжим:
Зэмсэг | Аймаг | Цараа | Тоо |
Хувис | мод | g – c3 | 2 |
Цохиур хөгжим:
Зэмсэг | Аймаг | Цараа | Тоо |
Дуу дарам | төмөр | 1 | |
Их хэнгэрэг | Мод, шир | 1 | |
Бөөгийн хэнгэрэг | Мод, шир | 1 |
Дуу дарам:
Цохивор хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний нам. Жижигхэн пял таваг мэт хүрэл хэнгэргийг дундад журамд гурваар эгнүүлэн бяцхан суурьт өлгөж цохидог. Хүрэл хэнгэрэг гэдэг тэр бяцхан толины тоог олшруулан цайраар цутгасан шинэ хийцийн дуударам хэрэглэж байна хэмээн ардын билиг зүйч Ж.Бадраа тэмдэглэжээ.
Их, бага хэнгэрэг:
Монгол төрийн бэлгэдэл болсон их бага хэнгэргийн тухай монгол угсаатны баатарлаг “Хаан Чингэл баатар”, “Хашин цагаан хаан”, “Хөхөлдөй мэргэн хаан”, “Хилин галзуу баатар” зэрэг туульд:
Их хэнгэргээ цохиод
Их түмнээ цуглуулаад
Бага хэнгэргээ цохиод
Бага түмнээ цуглуулаад хэмээн хайлсан байдаг.
Хэнгэрэг нь цохивор хөгжмийн зэмсэг, ширийн аялгуун аймаг буюу бүрээсний эгшигтний нам,XIII зууны үеийн ордны хөгжимд 40 төрлийн хэнгэрэг хэрэглэдэг байсныг түүхэн сударт тэмдэглэсэн байна. Уг хөгжмийн зэмсгийг өлгүүр бүхий тавиурт байрлуулан бөө мөргөл, ордны хөгжим, харуул солигдох, зэрэгт хэрэглэхээс гадна бөөгийн шүтлэгтэй ард түмэнд түгээмэл хэрэглэж байжээ.
Жагсаалын хэнгэрэг:
Юань улсын судрын даланнэгдүгээр дэвтэрт Хуримлах хөгжмийн савд тэмдэглэгдэн үлдсэн жагсаалын хэнгэрэг нь модон цагирагийг арьсаар бүрж, дээд талд нь таван өнгийн хатгамал бүс уяж, баруун талыг шийдмээр цохиж, зүүн гараар дэлсэж хөгжимдөнө хэмээжээ.
Жагсаалын хэнгэргийн голч D=60-65см, зузаан B=20 см байна.
Багдад хотыг эзэлж буй монгол цэргийн хэнгэрэгний зураг
Dschingis Khan und siene Erben. Das-Welfreich der Mongolen. Хаан ширээнд өргөмжилсөн нь XIV зуун. Иран 279–р зураг