Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2026.08.17/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Намайг Ерөнхийлөгч байхад сүүлийн хоёр жилд Авлигатай тэмцэх газраас тодорхой асуудлуудын хүрээнд асууж, тодруулж байсан. Миний хувьд хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс шалгуулсаар ирсэн. Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд бууснаас хойш мөн таван жилийн хугацаанд тодорхой асуудлын хүрээнд шалгасан. Нийт долоон жил шалгасны үндсэн дээр "Эдгээр шалгасан зүйлүүд дээр хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна" гэж холбогдох байгууллагууд үзээд хэргийг хүчингүй болгосон. Үүний дараа хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаж, хүчингүй болгосон. Улмаар өөрийнхөө хийж буй олон улсын үйл ажиллагаанд оролцоод явж болно гэсэн. Хүмүүс бол намайг хэрэг хийчхээд буцаад ирж байгаа юм байна гэж ойлгоод байгаа юм билээ. Намайг долоон жилийн хугацаанд хангалттай асууж шалгасан.
Ер нь төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан хүнээс хууль, хяналтын байгууллагынхан асууж, тодруулах зүйл байвал асууж, тодруулж байх нь зөв.
Үүнд нь ч нээлттэй байх ёстой гэж боддог. 2023 оны есдүгээр сард Стенфордын их сургуульд багшлахаар уригдаж явсан. Одоогийн байдлаар арав гаруй олон улсын байгууллагад ажилладаг. Монгол Улсад болж буй COP17 хуралд миний хамтарч ажилладаг гурван байгууллагаас ирж оролцож байгаа. 2024 оны сонгуулийн өмнө улс төрд миний нэрийг ашигласан зохиомол олон зүйл явагдсан. Интерполд миний нэрийг өгч шалгуулсан. Бараг жил гаруй хугацаанд тус байгууллага намайг шалгаад улс төрийн шалтгаантай юм байна гээд Монгол Улсын Засгийн газар, хуулийн байгууллагаас өгсөн хүсэлтийг хүчингүй болгосон. Ер нь бол олон улсын талаас ч тэр, шүүхийн талаас ч тэр асуудал байгаагүй. Ерөнхийдөө олон улсад хамгийн нээлттэй явдаг Монгол хүмүүсийн нэг бол би. Өмнө нь АТГ-аас утасдаад “Өнөөдөр та ирээч” гэсэн. Уг нь COP17 хуралд оролцох урилга авсан, эхлээд энд орж асуух зүйлд нь хариулаад явъя гэсэн зорилготой ирлээ.
Уг нь бол өмнө нь шалгаад “Авлига, албан тушаалын хэрэг тогтоогдохгүй байна, хууль зөрчсөн зүйл алга” гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
COP17-той холбоотой санал хэлэхэд, жилийн өмнөөс гарсан мэдээллийн дагуу 190 гаруй орны төлөөлөл ирсэн. Гурван төрлийн хурал болдог. COP17-ын хувьд Монгол Улс дэлхийн эдийн засгийн ялангуяа дижитал эдийн засгийн нэг хэсэг болж хувирах ёстой. Дэлхийн дижитал дэд бүтцийн ногоон дэд бүтцийн сааначлагыг Монгол Улсын Засгийн газар гаргаж, бидний зүгээс, НҮБ, олон улсын байгууллага бүгд Монгол дэд бүтцийн хэсэг болох ёстой. Ингэж чадвал Монголын эдийн засаг тэлэх боломжтой.
Ер нь ирэх 10 жилд хиймэл оюуны ачаар дэлхийн эдийн засаг хэдэн арав дахин нэмэгдэх, маш их өөрчлөлт гарна. Монголчууд үр хүүхэддээ хэл сургах, хиймэл оюун ухаан, технологийн чиглэлийн үйл ажиллагаанд илүү анхаарах ёстой. Олон улсын энэ гайхамшигтай боломжийг Монгол Улс өөрөө ашиглах ёстой. Энэ чиглэлийн хуралдаанд оролцохоор бэлтгэж байна. Ирэх өдрүүдэд Монгол Улсын санаачилгыг дэмжиж оролцох болно" гэв.






























