Ерөнхий сайд асан Думаагийн Содном “Өдрийн сонин” сонины сэтгүүлч Р.Хишигжаргалд өгсөн ярилцлагыг нийтлэв.
-Залуучууд Сүхбаатарын талбайд цуглаж нүүрс хулгайлж, хөгжлийн боломж алдагдуулж байгаатай тэмцэхийг төр, засгаас шаардаж байна. Таны бодол?
-Залуучууд нүүрсний хулгайг таслан зогсоох асуудлаар 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлсэн шаардлагаа тодорхой үр дүнд хүргэхийг хүсэж олон хоног жагсаж байна. Нүүрсний хулгайг илчилж засах, алдагдаж байгаа боломжийг ашиглахын төлөөх Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа залуучуудын энэ хөдөлгөөн олон талын ач холбогдолтой. Хулгайлах, завших явдал зөвхөн нүүрсний салбарт биш, бусад салбарт байгаа, ямар аргаар завшиж байгаа, тэдгээрт оролцдог гэмт этгээдүүд төрийн захиргааны албан хаагчид дотор байгаа нь энэ өдрүүдэд тодорхой болж байна. Хөгжилд саад болж байгаа эдгээр гэмт үйлдлүүдийг таслан зогсоож, хойшид гаргахгүй байх байнгын хяналттай болох нь чухал.
-Таны бодлоор байнгын хяналттай болох ямар арга хэмжээ авбал зохих вэ?
-Хулгайн хэрэг гарч байгаа гол шалтгаан нь төр, засгийн үйл ажиллагаанд ард түмний байнгын хяналт дутагдаж байгаа явдал. Бүр тодорхой хэлбэл, Үндсэн Хуулийн Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байвал зохих тухай заалтын дагуу Парламентын хууль тогтоох үндсэн үүрэгтэй нэг танхим буюу УИХ, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Шүүх засаглалын үйл ажиллагаанд тавих ард түмний хяналт дутаж байгаа явдал юм. Ийм учраас хойшид ийм завхрал гаргахгүй байх зорилгоор Парламентыг хоёр танхимтай болгох, Дээд танхим буюу Ардын Их Хуралтай болох өөрчлөлтийг Үндсэн хуульд хийж, Засгийн бүх эрхийг ард түмний мэдэл, тэдний хяналтад өгөх асуудлыг шийдэх хэрэгтэй. Телевиз дээр жагсагчид, улс төрийн намуудын төлөөлөл, УИХ засгийн газрын гишүүдийн уулзалтууд болж байгааг сонсож байхад асуудлын шалтгаан, шийдэх арга замыг тодорхойлж тохиролцсон үр дүнтэй ухаалаг хэлэлцүүлэг болохгүй байна. Ард иргэд Үндсэн хуулийн дагуу өөрсдийн сонгосон төрийн эрх барих дээд байгууллагад байх төлөөлөгчдөөр уламжлан төрийн үйл хэрэгт оролцож байх боломжгүй байгаа учраас талбайд жагсаж шаардлага тавихад хүрч байдгийг ухаарах юмсан.
Одоогоор дараах хоёр асуудлыг шийдэх нь зүйтэй байна. Нэгдүгээрт, Засгийн газарт нүүрсний хулгайд холбогдсон гэмт этгээдүүдийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэх, зохих ял шийтгэл оногдуулах арга хэмжээ авхад цаг хугацаа хэрэгтэйг анхаарах. Хууль зүйн сайдаас гэмт хэрэгтнүүдийн нэрийг зарла гэж шаардахын зэрэгцээ, хуулийн дагуу шалгалтыг шуурхай явуулж хариуцлага хүлээлгэж үр дүнг мэдээлэхийг шаардлага нь зөв. Хоёрдугаарт, Парламентыг хоёр танхимтай болгох, Дээд танхим буюу Ардын Их Хуралтай болгох өөрчлөлтийг Үндсэн Хуульд оруулах төслийг яаралтай боловсруулж, 2023 онд багтаан шийдвэрлээд 2024 онд шинэчилсэн хуулийн дагуу сонгууль явуулах. Миний энэ санал Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд, тэдний хяналтад өгөх ач холбогдолтойг УИХ онцлон анхаарч шийдвэл үр ашигтай ажил болно.
-Таны дэвшүүлж байгаа санал зөвхөн нүүрсний хулгайгаар хязгаарлагдах санал биш гэж ойлгогдож байна?
-Тийм. Сүхбаатарын талбайд болж байгаа залуучуудын шаардлага бол зөвхөн нүүрсний хулгайчдын талаар тавьж байгаа шаардлага төдий юм биш, Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн гуч гаруй жилийн үр дүнгээр манай ард иргэд хийж байдаг дүгнэлтдээ үндэслэж, Үндсэн Хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн хэрэгт оролцон, улс орноо хөгжүүлэх төлөө ард түмний тавьж байгаа зүй ёсны шаардлагын илрэл гэж ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн гуч гаруй жилд Монгол Улс хөгжсөн, улс орон, монгол хүн өөрчлөгдсөн. Гэвч хөгжлийн хүрсэн түвшин хангалтгүй байна. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ 4 мянга орчим ам.долларт хүрээд зогсонги байдалд орсон байна. Энэ үзүүлэлтээр хөрш хоёр улсын хүрсэн түвшингээс бараг гурав дахин доогуур. Ядуу иргэдийн хувь бараг буурсанүй. Үнэ тариф тасралтгүй өсөж, төгрөгийн чадвар суларсаар байна. Гадаад өр гуч гаруй тэрбум доллар боллоо. Чухам ийм учраас төр засаг урт, дунд хугацааны жилүүдэд эдгээр асуудлыг шийдэх, хоцрогдлыг арилгахад чиглэсэн тодорхой төсөл төлөвлөгөө боловсруулсан, тэр нь ард түмэнд ойлгогдсон, хэрэгжүүлэлтэд нь иргэн бүр идэвхтэй оролцдог байх нь чухал. Энэ үүднээс л ард түмэнд төрийн хэрэгт шууд оролцож байх эрхийг нь эдлүүлэх асуудалд анхаарах саналыг дэвшүүлж байгаа юм. Үндсэн Хуулийн нэг дүгээр бүлгийн 3 дугаар зүйлд Засгийн бүр эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт бий. Энэ бол Парламентын баталж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагаа, Шүүх засаглалын ажлыг ард түмэн хянаж байна гэсэн үг. Гэтэл Үндсэн Хуулийн төрийн байгуулал хэмээх гурав дугаар бүлгийн заалтуудаар парламентыг хууль тогтоох онц эрхтэй, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ гэсэн нэг танхимтай байхаар заасан учраас ард түмэн засгийн бүх эрхэд хяналт тавих, төрийн хэрэгт шууд оролцож байх эрхээ эдлэх аргагүй болсон. Одоо манайд засгийн бүх эрх ард түмний мэдэлд гэхээсээ улс төрийн намын мэдэлд байгаа. Энэ бүхнийг л тогтолцооны гажуудал гэж үзэх ёстой байх. Энэ гажуудлыг засаж Ардын Их Хурлыг байгуулж төр, засгийн ажилд хяналт тавих эрхийг ард иргэдэд эдлүүлбэл Монгол Улсад парламентын засаглал төгөлдөржинө.
-Улс орны удирдагчид ямар аргаар ажиллах ёстой юм бол. Энэ талаар баримталдаг нийтлэг дүрэм журам байдаг болов уу?
-Улс орныг төдийгүй ямар нэг байгууллага, хамт олныг удирдаж байгаа хүний баримталдаг нийтлэг журам дүрэм байдаг. Тэр нь: нэгдүгээрт, шийдэх шаардлагатай асуудлаа тодорхойлох, Хоёрдугаарт, тэр асуудлын шалтгааныг олж тогтоох, Гуравдугаарт, асуудлыг шийдэх аргуудыг тодорхойлж түүнээс хамгийн оновчтойг сонгох, Дөрөвдүгээрт сонгосон арга хэмжээнүүдийн үр өгөөжийг хянаж дутууг нөхөж байх. Эдгээр асуудлаар хамт олон, мэрэгжил туршлагатай хүмүүсийн саналыг авдаг байх нь чухал гэдэг. Дээр дурдсан дэс дараагаар, тулгамдсан асуудал, түүний шалтгаан, шийдвэрлэх арга хэмжээг оновчтой тодорхойлох чадвартай, хамт олны дэмжлэг авч хэрэгжүүлдэг удирдагчидтай байх нь чухал юм.