Усны нөөцийн нэгдсэн менежментийн сургалт судалгааны төвийн захирал, тэргүүлэх профессор Д.Басандорж:
-Монголчууд саарал ус гэхээр цэвэрлэх байгууламжаас гарсан ус гэж ойлгодог. Монгол Улсын Усан хангамжийг ариутгах тухай хуульд зааснаар, дэлхийн сонгодог утгаар саарал усыг “grey water” гэж тайлбарласан нь үнэндээ буруу ойлголт бөгөөд гал тогооны өрөөний угаалтуур, шүршүүрт орсон, гар нүүрээ угаасан бохирдол багатай усыг л хэлдэг юм. Саарал усны менежмент арваад жилийн настай бөгөөд үүнийг усны нөөц багатай орнуудад хэрэглэдэг. Уг усанд тавигдах шаардлага гэж байдаг ч манай улсад одоогоор тийм стандарт нь хэрэгжихгүй байна. Уг нь машин угаах, барилгын шавар зуурах, зүлэг ногоо услах, хөдөө аж ахуйн бусад ажилд ашиглахдаа ч стандартыг мөрдөх ёстой. Тавантолгойн ордод олборлолт явуулж буй компани бага оврын цэвэрлэх байгууламжаас ирүүлсэн саарал усыг тоосжилт бууруулахад ашиглаж байтал Мэргэжлийн хяналтын газрынхан “Бохир ус ашиглаж байна. Торгууль тавина” гэж зандарсан тохиолдол ч бий.