Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн. Иймээс шинэ сайд хэн байх вэ гэдэг анхаарал татаж байлаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын даргад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцуулсан юм. Сайдын томилгоог УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажилд нь томиллоо.
Харин БОАЖ-ын дэд сайдад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулгын нэрийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, нэр дэвшүүлжээ. Тэрээр өмнө нь БОАЖЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхбатыг томилжээ. Тэрээр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг орлон давхар гүйцэтгэж байжээ.