Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо явуулна.” гэж тус тус заасны дагуу УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 129, 130, 131, 132, 133 дугаар зүйлийг тус тус баримтлан нэр дэвшигчийн сонсголыг /2025.12.16/-нд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулав.
Нэр дэвшигч С.Наранцогт нь Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж ирүүлсэн байна. Тус сонсголд 21 оролцогч, 14 ажиглагч бүртгүүлж, асуултаа урьдчилан ирүүлсэн. Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 61.3 хувь нь хүрэлцэн ирснээр сонсгол эхэлж, нэр дэвшигч С.Наранцогт тухайн албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага нь тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар танилцуулга хийсэн байна. Улмаар нэр дэвшигч С.Наранцогтын ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Монголбанкны ерөнхийлөгчид тавигдах шаардлагыг хангасан хэмээн гишүүд үзэж, түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг ЭЗБХ-ны гишүүдийн олонх дэмжсэн байна.
С.Наранцогт 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын их сургуулийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1993-1997 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Айси” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд газрын дарга, 2017-2021 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2021-2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.





























