Монгол улсын Зэвсэгт хүчнээс aнх удаа "Сургалтын хөдөлгөөнт бүлэг" НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны сургалтыг гадаадын оронд зохион байгууллаа
Тодруулбал, Монгол улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн хуримтлуулсан дадлага, туршлагад тулгуурлан олон улсад НҮБ-ын стандартын дагуу сургалт зохион байгуулах “Сургалтын хөдөлгөөнт бүлэг” бүрдүүлэн анхны сургалтыг Бүгд Найрамдах Киргиз Улсад явуулж байна.
Монгол улсын Зэвсэгт хүчнээс дэд хурандаа Б.Батцэнгэлээр ахлуулсан ЭДАСТ-ийн сургагч багш нараас бүрдсэн сургалтын хөдөлгөөнт бүлэг Бүгд Найрамдах Киргиз Улсад 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд Бүгд Найрамдах Киргиз улсын БХЯ-ны Сургалтын газрын дарга хурандаа Козхошев Алмазбек Тогтобэкович оролцов.
Сургалтын хөдөлгөөнт бүлгийн сургалтаар НҮБ-ын сургалтын үндсэн зарчмууд, тавигдах шаардлагууд, сургалтын арга хэлбэрүүд онолын болон ажиллагааны газар оронд үүсч болох бодит цагийн байдалд ойртуулсан дадлага сургалтыг зохион байгуулах аргачилал, цэргийн багт тавигдах үүрэг гүйцэтгэлтийн стандарт зэргийг багтаасан “энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг зохион байгуулах сургагч багш нар”-ыг бэлтгэж, дадлагажуулах юм.