Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулснаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны нэр бүхий газрын дарга нар УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулав. Төсөлтэй УИХ-ын дарга танилцаад дахин боловсруулах чиглэл өгч буцаалаа. УИХ-ын дарга Г.Занданшатар төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, зарим тооцоо судалгааг дахин нягталсны үндсэн дээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг дахин боловсруулж, зохих бэлтгэл ажлыг хангаад УИХ-д өргөн барих үүрэг чиглэл өглөө.
Төгрөгийн ханш навс унаж, мөнгөний бодлого үр дүнд хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөөд байна. Монгол Улсын гадаад валютын нөөц ч асар их хэмжээгээр багассан. УИХ-ын зарим гишүүн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах ёстой гэж үзэж байгаа юм билээ. УИХ-ын дарга ч Монголбанкны удирдлагуудад гэрийн даалгавар өгч, төслийг нь буцааснаар ажилд нь сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийллээ. Огцрох дараагийн хүн нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гэх бор шувуу аль хэдийнэ нисэж эхэлжээ.