Аавынхаа амжилтыг үргэлжлүүлж, NBA-ийн тамирчин болохоор мэрийж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ.
“Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр Америкийн сагсан бөмбөгийн холбоо, “Nike” компаниас зохион байгуулдаг “Nike hoop summit” шоу тоглолтод оролцох 12 тамирчны нэгт багтаж байсан удаатай.
“Nike hoop summit” тоглолтын дэлхийн багт өрсөлдөж байсан тоглогчдоос NBA-ийн супер од Новицкий, Йокич нарын шилдгүүд төрж байсан юм. Тэгвэл Ш.Энхийн-Од анхныхаа гарын үсэг зуралтын үйл ажиллагаанд оролцсон байна. Нэг өдөр түүний гарын үсэгтэй өмсгөл олон мянган долларын үнэ хүрэх болтугай.