"Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цемент үйлдвэрлэдэг хамгийн гол үйлдвэр болох Чулуунцарын үйлдвэрийн үйл ажиллагаа есдүгээр сар хүртэл зогссон болон түүнийг ажилд орж, энэ компани төрийн өмчит компани болсноос хойш ийм асуудал гарлаа хэмээн сошиалаар шуугиж байгаа талаар дараах тайлбарыг өглөө.
Л.Наранбаатар "Компанийн нууцад хамаарах Гүйцэтгэх захирлын тушаалыг яагаад ч юм олон нийтэд задлаад тавьчихсан байна билээ. Түүн дээр агуулга нь задгай цементийг хэрэглэгчдэд нийлүүлэхгүй, шуудайны нөөцөө нэмж аваарай, ууттай цементийг хэрэглэгчдэд хүргэх ажлаа шуурхай зохион байгуулаарай гэсэн утга агуулгатай Гүйцэтгэх захирлын тушаал байгаа юм. Үүнийг манай дотоодоос хэн нэгэн нь ил гаргаж тавьсан гэсэн үг шүү дээ. Ил гаргаж тавиад, цементийн үйлдвэр нь зогсчихсон юм байна, ид сезон нь эхэлчихсэн байхад асуудал үүслээ гэсэн хар пиарыг л явуулж байгаа юм байна л даа. Үйлдвэр бол зогсоогүй, ажиллаж байгаа. Одоо та бүхэн манай цементийн тээрэм цехийн хажууд зогсож байна. Ороод харах юм бол үйлдвэрийн гурван тээрэм гурвуулаа жигд ажиллаж байгаа. Ямар нэгэн доголдол сааталгүй ажиллаж байгаа" гэлээ.
Харин цементийн тээрэм рүү орохоос өмнөх чулуунцарын үйлдвэрийн тухайд, төрийн өмчид шилжсэнээс хойш зургаан сард нэг удаа сольдог тоосго нь хоёр жил ажилласнаас үүдээд технологийн шаардлагын дагуу, маш том эвдрэл гарах эрсдэлтэйгээс болж ажиллаж болохгүй хэмээн долоодугаар сард зогсоосон байна. Энэ асуудлыг эртнээс ярьж байсан бөгөөд галд тэсвэртэй, онцгой бүтээгдэхүүн болох уг тоосгыг Монголд үйлдвэрлэдэггүй учир Хятадаас шууд худалдан авах гэрээ хийжээ. Гэрээгээ байгуулаад, тоосго үйлдвэрлэх үйл явц явагдаж байгааг "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэллээ.
Үйлдвэрлээд, тээвэрлээд авчирсан тоосгоо буцаагаад угсарч тавихад хугацаа зарцуулагдах аж. Энэ хугацаа нь есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа юм. Гэхдээ энэ нь зөвхөн чулуунцарын үйлдвэртэй холбоотой бөгөөд цементийн үйлдвэртэй огт холбоогүйг хэлж байна. Чулуунцарын үйлдвэр долоодугаар сард зогсоох хүртлээ хоёр сарын нөөц бүрдүүлсэн байжээ. Цемент үйлдвэрлэх уг нөөцөөрөө үйлдвэр есдүгээр сарын 1-нийг хүртэл хоногт 3000 тонн цемент үйлдвэрлэх нөөцөөрөө тасралтгүй ажиллана гэдгийг "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэлж байна.
Эх сурвалж: Зиндаа.мн