"Орегон-2022" хөнгөн атлетикийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:46:09 амжилтаар 30 дугаар байрт барианд орлоо.
Энэ зайд Этиофийн Г. Гебресласе 2:18:11 амжилтаар алт, Кенийн Ж. Корир 2:18:20 гүйж мөнгө, Израилийн Л.Салпетер 2:20:18-аар хүрэл медаль хүртлээ. Мөн АНУ-ын гурван тамирчин ( С.Холл - 5, И.Бэйтс - 7, К. Д'Амато - 8) эхний наймд гүйж, хөгжөөн дэмжигчдээ баясгав.
Б.Мөнхзаяагийн хувьд гараанаас гараад эхний хэдэн км-т толгой хэсэгт явсан ч хуучин бэртэл нь сэдэрч, хэмнэлээ алдаад эхэлсэн. Гэвч тэсвэр, тэвчээр, эрсдэл гарган бүтэн гүйж, бариандаа орлоо.