Бат хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их Британийн хамтарсан “1242 Gateway to the West” буюу “Баруунд хүрэх гарц” кинонд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй жүжигчнийг тоглуулах гэж байгааг “Махаан пикчерс ХХК” эсэргүүцэж, албан ёсны байр сууриа илэрхийлсэн билээ. Тодруулбал тус кинонд Кевин Спейсиг тоглуулбал тэд Олон улсын шүүхэд хандахаа мэдэгдсэн. Энэ талаар Монголын Үндэсний Кино Хорооны Тэргүүн, жүжигчин продюсер М.Оргилтой ярилцлаа.
- Хоёулаа уншигчдадаа цэгцтэй ойлголт хүргэх үүднээс болсон үйл явдлыг бүр эхнээс яръя. Унгар улстай яагаад кино төсөл дээр хамтарч ажиллахаар болсон юм бэ?
- Бид кино урлагаар дамжуулж эх орноо сурталчлах зорилгоор Монголын Үндэсний Кино хороог 2017 онд байгуулсан юм. Тэр жил манай Ерөнхийлөгчийн Тамгын газар Унгар улсын Ерөнхий сайдтай уулзалт хийж, кино урлагийн салбарт хамтран ажиллах яриа хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийн дагуу 2018 онд тухайн үеийн Унгар Монголын парламентын бүлгэмийн дарга болон бусад албаны хүмүүсийн хамтаар Унгар улсад айлчлал хийж, яриа хэлэлцээр хийж, Унгарын кино хорооны дарга, яамдын төрийн нарийн бичгийн дарга болон Унгарын парламентын гишүүн, Ерөнхий сайдынх нь хэмжээнд хүртэл яригдаж уулзалтууд хийгдсэн.
Энэ үеэр тус улсын Кино Хорооны дарга Энди Вайна гэх продюсертой уулзаж, хамтран ажиллахаар тохиролцсон. Ингээд явж байтал Монголч эрдэмтэн гэх Борбала Обрушански гэдэг хүн уулзах хүсэлт тавьж бид Унгарт уулзсан. Дараа нь Монгол дахь Унгарын элчин сайдын яаманд энэ хүн ажиллахаар болж Монголд ирээд ажиллаж байх үедээ 2019 оны 9 сард Корнел Шипош гэх Унгар продюсерыг бидэнд танилцуулж бид тэр хүнтэй нь хамтарч ажиллахаар болсон.
Үүний дараа 2019 оны 11 сард Унгарын кино хорооны шинэ даргаар томилогдсон Шаба Каелтай уулзаж, бидний хамтын ажиллагаа Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны шууд дэмжлэгтэйгээр үргэлжилсэн.
Ингээд МҮКХ 2017 оноос хойш гурван жил Монгол-Унгарын кино урлагийн хамтын ажиллагааг эхлүүлж бүх дээд, доод, улс төрийн, мэргэжлийн төвшинд хөгжүүлж ажилласны хүчинд 2020 онд Унгар талын гүйцэтгэх продюсер болох Корнел Шипошын Мозго Мози ХХК, Английн Челси Пикчерс ХХК-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн.
- Унгарын Кино хороо, Засгийн газартай нь хамтран ажиллахаар тохиролцсон гэсэн үг үү?
- Ер нь бол тийм. Унгарын Засгийн газрын харьяа Унгарын Кино Институт, Кино Сан нь энэ бидний анхны төсөл болох Бат Хааны түүхийг өгүүлэх Унгар-Монгол-Их Британийн хамтарсан “1242 Gateway to the West” буюу “Баруунд хүрэх гарц” кино төслийг Унгар улсын Засгийн газрын өмнөөс санхүүжүүлж байгаа юм.
Унгарын кино хорооны дарга бол Засгийн газартаа сайдын хэмжээний статустай байдаг. Тиймээс Засгийн газар гэж тодотгосон хэрэг. Улмаар санамж бичигт төслийн санхүүжилт дээр нь Унгарын талаас 5 сая ам.доллар, Монгол 1 сая, Их Британи 750 мянган ам.доллар гаргахаар тусгаж, киноны гол дүрд Монгол жүжигчин тоглуулна, монгол хөгжим ашиглана. Дээр нь Монголын тал тодорхой газруудад кино гаргах эрх эдэлнэ гэх мэт маш дэлгэрэнгүй заалтуудыг оруулсан.
-Хамтын ажиллагааны явцад Унгарын кино хорооны дарга нь солигдсон юм уу?
- 2018 онд Унгарын Кино хорооны даргаар ажиллаж байсан Энди Вайна бол Унгарын кино урлагийг Холлиудын хэмжээнд хүргэсэн хүн. Унгар энэ хүний ачаар тавхан жилийн дотор кино урлагийн дэд бүтцээ асар хурдтай хөгжүүлж, Европ дотроо хамгийн их Холливудын киноны зураг авалтууд хийдэг улс болсон учир хамтран ажиллах гэж байгаадаа ихэд олзуурхаж, ажлаа эхлүүлсэн. Харамсалтай нь Энди Вайна удалгүй нас барсан.
Хоёр улсын хэлэлцээрийн дагуу Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбаны шууд дэмжлэгтэйгээр хийгдэж буй ажил учир Кино хорооны шинэ дарга нь энэ ажлыг дэмжиж бидэнтэй уулзаж үргэлжлүүлсэн ч Унгар талын гүйцэтгэгч, продюсер Корнел Шипош мэргэжлийн ёс зүйгүй, туршлагагүй үйлдэл гаргаж насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэрэгт унасан Кевин Спэйсиг киноны гол дүрүүдийн нэгд нь тоглуулна гэснээс болж энэ төсөл бүхэлдээ эрсдэлтэй байдалд орох хэмжээнд хүрчихээд байна.
- Киноны зохиол яаж бичигдсэн бэ. Хоёр тал хамтарч бичсэн үү?
- Унгарын талаас ирүүлсэн зохиолын эхний хувилбар маш тааруухан байсан. Монголын түүх, соёлын талаар судалгаа хийгээгүй, Монгол армийн сүр хүчийг дутуу үнэлсэн байсан. Нэрүүд нь хүртэл зохицолгүй, орчин үеийнх.
Ингээд бидний зүгээс хоёр талынхаа түүх соёлыг харгалзан үзэхийг санаачилж зохиолынхоо гол “араг яс” болох бүтцийг нь гаргасан. Өөрөөр хэлбэл гол санааг нь бид гаргаж өгсөн. Монголын талын гаргасан санаа дээр үндэслээд Унгарын тал Английн сайн зохиолч хөлсөлж аваад хэд хэдэн удаа засвар хийсний эцэст маш сайн зохиол болсон.
- Анхны зохиол дээр Монгол армийн сүр хүчийг дутуу үнэлсэн, түүх соёл талаасаа судлаагүй бичсэн зүйлүүд олон байсан талаар дурдсан. Яг ямар байдлаар дүрсэлсэн байсан бэ?
- Хэрвээ энэ кино тухайн үед бичигдсэн зохиолын дагуу, Кевин Спэйсиг оролцуулан хийгдвэл дэлхий нийтэд бидний бахархан ярьдаг соёл, түүхийг буруугаар ойлгуулна.
Жишээ нь Бат Хаан хатантайгаа хэт илэн далангүй задгай, садар гэж хэлж болохоор эр эмийн ёсыг гүйцэлдүүлж байгаа тухай хэд хэдэн хэсэг байсан. Монголчуудын хайр сэтгэлийн үнэн бодит дүр төрх уг нь их зөөлөн, алсуур явдаг, өвөрмөц. Эхнэр, нөхөр харцаараа ойлголцдог, бусдын хажууд илэн далангүй байдаггүй. Тиймээс энэ хэсгийг өөрчлөх хэрэгтэй гэж өөрчлүүлсэн.
Мөн Монголын их цэрэг янхны газартай явдаг, гадаа нь үйлчлүүлэх гээд дугаарлаад зогсож байгаагаар зохиолд бичсэн байсан.
Монголын талын түүхийн зөвлөх цэргийн түүх судлалын төвийн дарга, түүхийн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар “Тийм зүйл огт байхгүй. Монголын цэрэг арми маш хатуу зохион байгуулалтай байсан. Тиймээс л ийм амжилт гаргадаг байсан” гэж бидэнд зөвлөсөн учраас бас болиулсан.
Гадаадад Монголчуудыг ер нь л алж хядаад л, хүчирхийлээд л явж байдаг мэтээр буруугаар харуулсаар ирсэн түүх саяхных. Бид үүнийг засаж залруулах ёстой. 13 дугаар зуунд бидний өвөг дээдэс өнөөдрийн соёлт ертөнцийн суурийг тавьсан агуу соёлтой, хэв журам, дэг жаягтай улс байсан. Ганц түүхэн баримт жишээ дурдахад манай тал тухайн үед 30 удаа Унгарын хаан Беллад илч явуулж эвээр асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байсан юм билээ.
- Зохиолоо жин тан болгосны дараа жүжигчдийн асуудал хөндөгдөх нь тодорхой. Унгарын тал жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хэрхэн хийсэн юм бол. Яагаад Кевин Спейси гэх жүжигчнийг тоглуулахаар зүтгээд байна вэ?
- Энэ асуудал дээрээс бидний санал зөрөлдөж эхэлсэн. Хоорондоо ойлголцохгүй байгаа шалтгаан гэж хэлж болно. Төсөл маань 2018 оноос хэрэгжихээр болж, 2019, 2020, 2021 онуудад зохиол дээрээ ажилласан. 2021 оны хавар Унгар талаас Кевин Спейси гэх холливудын жүжигчнийг кинондоо тоглуулах болсон талаараа мэдэгдсэн. Кевин Спейси бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, сүүлийн 5 жилийн хугацаанд ямар ч кинонд тоглоогүй нэр нүүргүй болсон хүн. Кинонд хамтран тоглосон 14 настай хүүд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэргээр шалгагдаж, одоо бас өөр дөрвөн хохирогчтой гурван зүйл ангитай хэрэг нь Лондонгийн шүүх дээр явж байгаа ийм жүжигчин. Тиймээс манай талаас Алтан Ордны Их Хаан Батын талаарх түүхэн кинонд ийм жүжигчин тоглуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Унгарын тал Кевин Спейси бол маш сайн жүжигчин гээд хамгаалсан. Бүр болохоо байгаад тэр үед Унгар улсаас манай улсад суугаа Элчин сайд болсон байсан Обрущанский Борбала Аннад хандахад “Ёстой ингэж болохгүй, би ч хүлээн зөвшөөрөхгүй” гээд цааш уламжлахаар болсон. Кевин Спейсиг тоглуулахгүй гэдгээ Унгар талын продюсер Корнел Шипош өөрөө надад хэлж мэдэгдэж баталгаажуулсан.
Гэтэл удалгүй Унгарын тал ёс зүйн маш том алдаа гаргаж бүдүүлэг үйлдлүүд гаргаж эхэлсэн. Өнгөрсөн 2021 оны намар Унгар талын продюсер Корнел Шипош манай улсад ирж, жүжигчдийн сонгон шалгаруулалтыг МҮКХ, Махаан Пикчерс ХХК зохион байгуулж, зураг авалтын байршлуудыг тогтоох, зураач, дизайнер сонгох ажлууд хийгдсэн.
Энэ үед Монголын тал санамж бичгийн дагуу кино төсөлд оруулах санхүүжилтээ босгох зорилгоор хэд хэдэн хөрөнгө оруулагчтай хамтарсан уулзалт хийсэн. Эхний уулзалт маань амжилттай болж, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт Монголын тал босгосон. Харин дараагийн хөрөнгө оруулагч хүнтэй уулзахад Корнел Шипош гэнэт ирэхээсээ өмнө ярьж байснаасаа тэс өөр зүйл ярьж кинонд Кевин Спейсиг тоглуулна гэж Монголын талын хөрөнгө оруулагчид хэлсэн.
/Зургийн тайлбар: Унгар талын продюсер Корнел Шипош Махаан Пикчерс ХХК дээр/
- Өмнө нь худлаа хэлсэн болж таарч байна уу?
- Тийм болж таарч байгаа юм. Хөрөнгө оруулагч маань мэдээлэл сайтай хүн байсан учир Кевин Спейсиг тоглуулах юм бол ёс зүйн хувьд хамтрах боломжгүй гээд татгалзсан. Манай талаас кино төсөл дээр 1 сая ам.доллар гаргахаар тохирсон.
Бид тухайн хөрөнгө оруулагчтай тохиролцсон бол хөрөнгөө бараг босгочихсон байх байсан юм. Гэтэл тэр ажлыг маань бэлгийн хүчирхийллийн хэргийн хариуцагчаар татагдсан жүжигчинг тоглуулна гэж зүтгэсээр үгүй хийчихсэн. Мөн “Наад хөрөнгө оруулагч хүнтэйгээ битгий харьц, энэ хүний хөрөнгө оруулалт хэрэггүй” гэх зэргээр манай талын ажилд оролцож эхэлсэн.
Дээр нь Монголд бэлтгэл ажлыг зохион байгуулж ажилласан хүмүүсийн цалинг Унгарын тал 2022 оны 2 сарын 6-нд ирэх 7 хоногт мөнгийг чинь явуулна гэж мэдэгдсэн ч өнөө хэр цалинг нь өгөөгүй л байна.
- Гол дүрийн сонгон шалгаруулалтад манай талаас нөлөөлөх боломж байгаагүй юу?
- Бид саналаа хэлсэн боловч хүлээж авахгүйгээр зогсохгүй бүр увайгүй зан гаргаж бидний эхлүүлсэн төслийг өөрийн мэт загнаж байна. Кино хэд хэдэн гол дүртэй. Унгар талын том гол дүр бий. Манайхаар бол Богд хаан шиг тийм Унгарын шашны урсгалын үндэслэгч хүний дүр байдаг. Мөн Ромын папын элч төлөөлөгч гээд нэг гол дүр байгаа. Энэ дүрд эрэгтэй хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа Кевин Спейсиг тоглуулна гээд байгаа юм.
Хэрэв Бат хааны тухай кинонд бага насны эрэгтэй хүүхэд хүчирхийлэгч нэр зүүсэн, нэр хүнд гэж юу ч үгүй болсон, яг одоо Англи улсад бэлгийн хүчирхийллийн дөрвөн хохирогчтой гурван хэрэгт хариуцагчаар татагдан шүүхэд дуудагдаад байгаа энэ Кевин Спэйси гэх жүжигчнийг тоглуулбал бидний түүх, өв соёл хараар будагдаж энэ кино өөрөө юу ч биш болно. Хэн ч энэ киног гаргахгүй, худалдаж авахгүй. Бидний зүтгэл, хөрөнгө санхүү ч шууд эрсдэлд орж байна гэсэн үг юм. Ийм ойлгомжтой юмыг ойлгохгүй байна гэхээр үнэхээр гайхаж Унгарын талын продюсерыг мэргэжлийн бус, ёс зүйгүй, бүдүүлэг үйлдэл гаргаж байна гэж үзэж байгаа юм.
- Унгарын тал санхүүжилтийн ихэнхийг нь гаргаж байгаа учир давуу эрх эдэлсэн байж болох уу. Энэ талаар “Санамж бичиг”-тээ юу гэж дурдсан бэ?
- “Санамж бичиг”-т давуу эрх олгоно гэж ер заагаагүй. Тиймээс арай илүү хөрөнгө гаргаж байгаадаа эрдэж байна уу даа гэж л харж байна. Гэхдээ энэ кино төслийн санхүүжилтийг Мозго Мози ХХК биш Унгарын Засгийн газар гаргаж байгаа. Унгарын Засгийн газар, кино Институт, сан нь Мозго Мози ХХК-ийн болчимгүй үйлдлээс болж төсөл ийм хэмжээндээ хүрснийг мэдсэн эсэхийг бид мэдэхгүй байна. Тиймээс Унгарын Засгийн газарт энэ талаар мэдэгдэхээр бэлдэж байна.
Мөн Унгарын талаас улс төрийн нөхцөл байдал, сонгууль гэх мэт асуудлаасаа болоод гуравдугаар сард зураг авах гэж байснаа хойшлуулаад байсан юм. Бид энэ хугацаанд жүжигчнээ дахин бодож үзээд, зохиол дээрээ ч гэсэн нааштай засвар оруулна гэж найдаад хүлээж байсан. Гэтэл өнгөрсөн 1 дүгээр сард “Махаан пикчерс ХХК-тай хамтарч ажиллахаа болилоо гэх утгатай мэйл ирүүлсэн. Энэ бол тэд зөвхөн мэйл бичээд л больчихдог асуудал биш. Гурван талт санамж бичиг байгуулсан, киноны ерөнхий санааг нь манай талаас гаргасан. Хэд хэдэн удаа засвар оруулж, сайжруулсан. Энэ ажил чинь МҮКХ, “Махаан пикчерс ХХК-ийн олон жилийн хөдөлмөр, хөрөнгө, олон улсын хамтын ажиллагаа яригдана. Тиймээс зөвхөн та бид хоёрын харилцаанаас хамаарахгүй гэдгээ мэдэгдсэн. Хариу ирүүлээгүй.
- Та энэ талаар “Сэмүүн” студийнхэнтэй холбогдож, ийм тийм учиртай гэж хэлж үзсэн үү?
- МҮКХ, Махаан Пикчерс ХХК өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Тухайн мэдээллийг өөрийн цахим хуудас дээрээ шейр хийгээд “Бидний олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэж байна. Хатуу тэмцэнэ” гэх утгатай пост хийсэн юм. Гэтэл энэ постын доор “Сэмүүн” студийн захирал Баяраа ёс бус авирласан. Намайг Монголоос хөөж, бусад Кавказын улс үндэстэн, Армен, Гүрж улс үндэстнийг мөн ялгаварлан гадуурхаж, уулын бага ястангууд гэж дуудаж, доромжилсон. Хэвлэн нийтлэх бүтээл тууривах эрхэнд халдсан. Бүгдийг нь баримтжуулсан байгаа. Энэ асуудлаар тусад нь эсэргүүцлээ илэрхийлнэ.
Ардчилсан Монгол улсад ийм юм байж болохгүй. Хэрэв Монголын талыг ийм балмад этгээд төлөөлвөл Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд навсайтал унаж, олон улсын харилцаанд сэв суух аюултай. Унгарын тал ч ийм ёс зүйгүй, бүдүүлэг хүнтэй яаж амжилттай хамтарч ажиллаж чадна гэж тооцоолж байгаа юм бол, ойлгомжгүй байна. Гал дээр тос нэмж байгаа юм шиг төсөл дээр Сэмүүн студийн Баяраа гэх этгээд орж ирснээр энэ кино төсөл улам эрсдэлд орчихоод байна л даа.
/Зургийн тайлбар: Кино төсөл дээр ажиллах морины баг/
- Танай байгууллагыг энэ төсөл дээр ажиллаж байгаа гэдгийг уг нь мэдэж баймаар юм?
- Уг нь Сэмүүн студи танайх Махаан пикчерс ХХК-тай хамтарч ажиллаж байгаа юм байна, үүх түүх, соёлоо хамгаалаад учраа олоод ажилла гэж хэлж болно. Энэ чинь хувь хүний асуудал биш, улсын тэр дундаа хоёр улсын хамтын ажиллагаа шүү дээ. Гэтэл тэгсэнгүй, ар хударгаар ажил үймүүлж дундуур нь шургаж орсон байгаа юм.
Мөн бидний хийсэн хэвлэлийн хурлын дараа Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, түүхчээр ажиллаж байхдаа манай төсөлд орж ирсэн Борбала Обрушански манай түүхийн зөвлөх Сүхбаатар доктор руу бичсэн постоо устга гэж залгасан байсан. Манай хэвлэлийн хурлын мэдээ буюу бидний байр суурийг мэдээлсэн Gogo.mn гэх мэт нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү залгаж, мэдээгээ устгахыг шаардсан байна билээ.
Уг нь Элчин сайд хүн чинь иймэрхүү асуудал дээр дипломат аргаар хандах ёстой. Гэтэл наад хүмүүс чинь хэн ч биш, юу ч биш гэх мэт байдлаар хувийн шугамаар холбогдсон нь мөн мэргэжлийн бус үйлдэл гэж харж байна. Унгар, Монгол хоёр тун дажгүй харилцаатай улсууд. Гэтэл энэ мэт мэргэжлийн бус хандлагаас үүдэж, хоёр орны харилцаанд сэв суух нөхцөл бүрдэж байна.
- Цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ?
- Эхний ээлжид Унгарын кино хороо болон Засгийн газарт нь мэдэгдэнэ, мэдэгдэл хүргүүлнэ. Кино хорооны кино санд нь илүү ухамсартай, мэргэжлийн хүмүүс байдаг гэдэгт найдаж байна. Болохгүй бол олон улсын шүүхэд хандана. Бид өв соёл, түүхээ, өөрсдийн эрх ашгаа ингэж л хамгаалахаас өөр аргагүй. Мөн энэ асуудалд оюуны өмчийн эрх яригдана. Манай улс Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах Бернийн конвенцод нэгдэн орсон, гишүүн улс. Тиймээс тэдэнд давхар хандана.
- Их Британийн талд ийм зүйл болоод байгаагаа мэдэгдсэн үү?
- Гэрээнд зааснаар бол энэ асуудал тэдэнд хамаагүй л дээ. Гэхдээ ёс зүй, мөн зах зээлийн талаас нь авч үзвэл биднийг сонсох учиртай. Учир нь Кевин Спейсийн хүчингийн хэргийн шүүх хурал яг одоо Англид болно.
- Соёлын яаманд хандсан уу, байр суурь илэрхийлж байна?
- Бид Соёлын яаманд олон удаа хандсан. Хамтарч ажиллана гэдэг боловч харамсалтай нь өнөөг хүртэл хийсэн үйлдэл алга. Уг нь энэ кинонд Монголын төр засаг, Соёлын яам анхаарал хандуулах ёстой. Ганц бид дуугарах ёсгүй яам нь түүх соёлоо хамгаалах хуультай. Манайд саяхан кино урлагийн хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу бид өв соёл, түүхээ хамгаалах үүрэгтэй.