УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагуудын дарга нартай уулзаж, үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан санал солилцохын сацуу үүрэг, чиглэл өглөө.
Өнгөрсөн өдрүүдэд болсон залуусын жагсаалын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, АЖЛАА ХИЙ гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байсан. Залуус эмх замбараагүй байдал бий болгох, хүч хэрэглэх, өдөөн турхиралт хийхээс ангид байж, жагсаалынхаа уур амьсгалыг эерэг, өөдрөгөөр хадгалж чадсаныг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх уриалга гаргаж, УИХ-аас удирдлагыг томилдог УИХ-ын Тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын дарга, удирдлагуудад хандаж дараах үүрэг, чиглэл өгөв.
Тухайлбал, зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын автотээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын дотор хэрэглэхийг хориглох, 2022 оны төсөвтөө дахин таналт хийх, шинээр автомашин, тавилга зэргийг худалдан авахгүй байх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлыг дахин хянаж, бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн худалдан авалт, тендерийг ангилж, нэн шаардлагатайгаас бусад тендерийг зогсоох, Шилэн дансанд хяналт тавих, төрийн байгууллагуудын орон тоо, зардлыг боломжит түвшинд хүртэл бууруулах, энэ талаар авсан арга хэмжээнийхээ талаар яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.