“Олон угсаатны өв, соёл бидний бахархал” сэдэвт соёлын биет бус өв тээгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Ховд аймагт боллоо.
Ховд аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 900 гаруй хүн бүртгэлтэй байгаагаас энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад 60 гаруй өв тээгч оролцсон юм.
Энэ үеэр Ховд аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлалтын өнөөгийн байдал, төрөөс баримталж буй бодлого чиглэлийн талаар албаныхан мэдээлэл хийлээ.
Мөн олон угсаатны өв соёлыг өндөр түвшинд өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, тэдний билиг авьяасыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, тэднийг дэмжих, орон нутгийн онцлог брэнд язгуур урлагийн өвийг залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах чиглэлд өв тээгчдийн санал бодлыг нээлттэй сонсов. Тодруулбал, сум бүрт угсаатны өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил зохион байгуулах, сумдын соёлын төвийг унаажуулах, өндөр ур чадвартай билэг авьяастанд мөнгөн урамшуулал олгох, соёлын ордон, төвүүд дэргэдээ үндэсний таван хөгжимчинг бэлтгэх зэрэг олон санал, зөвлөмжийг өв тээгчид илэрхийллээ.
Сүүлийн жилүүдэд мэргэжлийн байгууллагуудын зүгээс соёлын биет болон биет бус өвийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлжээ. Мөн Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор “Олон угсаатны өв соёл, урлаг” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Эдгээр нь орон нутгийнхаа өв тээгчдийг дэмжин хөгжүүлэх, мартагдаж болзошгүй өв соёлоо хадгалан хамгаалахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлэх гүүр болж байгаагаараа онцлогтой.
Цаашид соёлын биет бус өвийн талаарх олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, төр иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын өвийн төрөл зүйлийг судалгааны эргэлтэд оруулах, ахмад өв тээгчид шавь сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, соёл урлагийн байгууллагын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, соёлын ажлал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэж Ховд аймгийн Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү танилцууллаа.